МАН-ын сонгуульд зориулсан төсөв

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

МАН-ын сонгуульд зориулсан төсөв

МАН-ын сонгуульд зориулсан төсөв

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Одоо ажлын хэсэг байгуулан хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэж буй. 2020 оны төсвийг сонгуулийн жилд зориулсан, сонгогчдод зориулсан, гишүүдийн тойргоо “услах” төсөв хэмээн олон янзаар дүгнэж буй. 2020 оны төсөвт нийт 12.9 их наяд төгрөгийн орлого олохоор төсөвлөгдсөн бөгөөд үүний 10 их наядыг нь татвараас бүрдүүлэх бол 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж үзэж байгаа. Үүнээс тэтгэвэр тэтгэмжид 4.2 их наяд буюу хамгийн их, дараа нь 3.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулах гэнэ. Үүнээс улсын төсвөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт бараг хоёр их наяд төгрөг. “Энэ их хөрөнгө оруулалтыг бид гаднаас авахгүйгээр хийж байгаа. Мөн 2.6 их наяд төгрөгийг цалинд төсөвлөсөн байна” гэж Сангийн сайд тодотгосон.  2020 онд бонд, арилжааны банкуудаас зээл авахгүйгээр төлөвлөжээ. Дээрээс нь энэ жилийн 7,3 хувийн өсөлтөө хадгалж, ирэх оны төсвийг боловсруулжээ. Улс орны эдийн засгийн өнгө, төрх ямар байх нь орлогоос шууд хамааралтай. Жил бүрийн орлогын гол эх үүсвэр нь уул уурхайн экспортоос шууд хамааралтай.

Засгийн газар, Сангийн яамны хувьд яаж ч сунгаж болдог гол "хөнжил" нь нүүрс, зэсийн орлого юм. Төсвийн орлогыг бүрдүүлэгч зөвхөн нүүрсний салбараар 2020 оны төсөв хэр бодитой төсөвлөгдсөн бэ гэдгийг судлаад үзье.

2019 онд жил нийтдээ 42 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолсон бөгөөд орлогоо 2,8 их наяд төгрөгөөр тооцсон. Мэдээж оны эхний хагаст уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт ямар нэг хэлбэлзэлгүй байсан учраас оны төгсгөлд төлөвлөгөөгөө биелүүлнэ гэж үзэж буй.

42 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХ НЬ “ХӨӨСӨН” ТӨСӨӨЛӨЛ

2018 онд мөн л нүүрсний экспортыг 42 сая тонноор төсөөлж байв. Харин гүйцэтгэл нь 36,5 сая тонн. Тооцоолж байснаар төлөвлөсөн тоондоо ойртуулсан гэж Засгийн газар сайрхаж байгаа.  2018 оны оны жилийн эцсийн байдлаар улсын төсвийн гол бүрдүүлэгч болох уул уурхайн салбарын гүйцэтгэл,

Нийт хоёр их наяд /2,051.5 тэрбум/ төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт 80.0 тэрбум төгрөг,
  • Нүүрс 910.6 тэрбум төгрөг,
  • Цайр 76.9 тэрбум төгрөг,
  • Зэс 871.9 тэрбум төгрөг,
  • Төмөр 17.1 тэрбум төгрөг,
  • Жонш 16.3 тэрбум төгрөг

2019 оны оны эхний найман сарын байдлаар улсын төсөвт 1.8 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Энэ онд төсөвлөсөн 42 сая тонноос оны эхний есөн сарын байдлаар 28,6 сая тонн буюу 67 хувьтай байна. Гэхдээ үлдсэн хоёр сарын хугацаанд  төлөвлөгөөгөө биелүүлнэ гэдгийг албаныхан хэлж буй.

Тэгвэл 2020 онд нүүрсний экспортыг мөн л 42 сая тонноор төсөөлжээ.  Гэхдээ энэ бол зөвхөн цаасан дээрх төсөөлөл. Бас одоохондоо бүрэн батлагдаагүй гэдгийг тодотгоё. Учир нь уул уурхайн салбарын үнийн өсөлт сүүлийн хоёр сарын байдлаар буурах хандлагатай болсныг дэлхийн эдийн засагчид анхааруулж буй.

Ялангуяа манай цорын ганц худалдан авагч БНХАУ-ын АНУ-тай хийж буй худалдааны дайн, бас тэдний “ааш” хэр байхаас бүх зүйл шалтгаална.

Зарим эдийн засагчдын зүгээс 2020 оны төсвийн орлого, тэр дундаа уул уурхайн салбарын орлогыг хэт өндөр болсон хэмээн сануулж буй. Ялангуяа дэлхийн эдийн засгийн өсөлт АНУ, Хятадын худалдааны дайн, Европын холбооноос Их Британи гарах асуудал. Ойрхи Дорнод Ираны асуудал гээд уул уурхайн салбарт томоохон нөлөө үзүүлж болохуйц үйл явдлуудыг тодорхойгүй байгаа энэ цаг үед төсвийн сахилга баттай байж, зөв төлөвлөх шаардлагатайг ч сануулж буй. Экспортын бүтээгдэхүүний гол нийлүүлэгч нь БНХАУ. АНУ-тай хийж буй тус улсын худалдааны дайнаас Хятадын эдийн засгийн өсөлт хамаарна. Засгийн газар, Сангийн яам Хятадын эдийн засгийн өсөлтийг хэт өөдрөгөөр буюу зургаан хувиар төсөөлсөн бол хамгийн сүүлд ОУВС-ийн таамаглалаар 5,8 хувь байна гэж тооцоолж буй. Тэгэхээр бидний төсөөлсөн Хятадын эдийн засгийн өсөлт үүнээс ч дордох, царцах эрсдэл байгааг олон улсын шинжээчид хэлж буй. Яг л ийм байдлаар бид төсвөө тэлж, төсвийн орлогоо төсөөлөхдөө уул уурхайн бүтээгдэхүүндээ найдаж ирснээр төсөв өнөөдөр алдагдал 5-7 хувьд хүрсэн. Энэ алдагдлыг нөхөхийн тулд гадныхны зээл тусламжаар урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна.  2020 оны төсвийн алдагдал 13,8 их наяд төгрөг. Бас л өндөр тоо.

2017 оны гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1.7 их наяд байсан бол  2020 оны алдагдал 2,1 их наяд төгрөг. Тэгвэл төсвийн орлого 2016 онд 5,8 их наяд төгрөг байсан бол 2020 онд 11.7 их наяд төгрөг буюу хоёр дахин их өсөлттэй байна.  Сангийн яамнаас хамгийн зөв бодлого, төлөвлөлттэй төсөв оруулж ирэхдээ зарлагыг бууруулж, орлогоо бодитой тооцоолох байсан. Ядаж л ирэх 2020 оны төсвийн алдагдлыг 5.1 биш 4 хувь хүргэж бууруулж байж бид ирэх жилүүдэд ирэх эрсдэлүүдээс бага шок авна. Гэтэл бид 2016 оноос хойш төсвийн орлого хоёр дахин өссөн байхад зарлага нь ч мөн түүнийгээ дагаж өссөн үзүүлэлттэй байгаа нь сонгуулийн жилийн төсөв гэж хардах нэг үндэслэл болж буй.

тайлбар: хүснэгт 1 /Сангийн яамны 2018 оны эдийн засгийн онцлох 10 үйл явдлаас/

2015 онд экспорт буурч, бид 14,4 сая тонн нүүрс экспортолсон /хүснэгт 1/ байдаг. Энэ үед төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг байсан бол 2018 онд бид 36,5 сая тонн нүүрс экспортолсон. Тэр хэмжээгээр орлого нэмэгдсэн. Олсныхоо хэрээр цацах бус хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байж бид ирээдүйд ирэх эрсдэлүүдийг бага алдагдалтай даван туулна. 2021 оноос эхлэн биднийг маш их хэмжээний өр хүлээж буй. Энэ өрийн удирдлагыг бид одооноос зөв тооцоолохгүй бол цагийг тулгаж хийдэг монгол зангаараа олсноо хувааж, жалга довны үзлээр хандвал их өртэй зэрэгцэн деполт зарлах ч эрсдэл бий гэдгийг ч зарим эдийн засагчид хэлж байгаа. 2018 оны намар Засгийн газар 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа 42 сая тонн нүүрс экспортод гаргана гэж маш өөдрөг төсөөллийг оруулж ирсэн. Үүнийг хэрэгжүүлэхдээ хил гаалийн шинэчлэл хийнэ гэж тайлбарлаж байсан боловч энэ онд дээрх ажил хийгдсэнгүй. Харинэ нэ жил мөн л хил, гаалийн шинэчлэл хийнэ хэмээн ярьж байна.

Энэ мэт орлого, зарлага, өрийн удирдлага, гадаад, дотоодын эдийн засгийн эрсдэлүүдээ тооцоогүй учраас 2020 оны төсвийг тань сонгуулийн төсөв гэж нэрлээд байна, Сангийн сайд аа.

Сонгуулийн дараа бид байх уу эс байхгүйгээс шалтгаалж Монгол Улсын төсөв, эдийн засаг, урт, дунд хугацааны бодлого нь хэрэгжээд урагшлах ёстой болохоос аль нэг ялсан намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэгч нь төсөв биш юмсан.

Сонгуульд зориулсан төсөв гэж хардах бас нэг шалтгаан нь орон нутгийн хөрөнгө оруулалт, төсвийн хөрөнгөөр барьж гүйцэтгэх хөрөнгө оруулалтууд. Нэг сайд тань өөрийнхөө тойрогт 140 гаруй тэрбум төгрөг суулгасан байхад нэг гишүүн тань зөвхөн өөрийнхөө тойргийн оюутнуудад зориулж зургаан тэрбумаар оюутны дотуур байр бариулахаар төсөвт суулгаснаас л хардаж болохоор байна, Сангийн сайд аа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж