Хөлбөмбөгийн хөгшин од

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Хөлбөмбөгийн хөгшин од

Хөлбөмбөгийн хөгшин од

Германы хөлбөмбөгийн Бавари Мюнхен баг Мягмар гаригт Олимпиакос багийг 3:2 оноогоор ялснаар Аваргуудын лигийн гурав дараалсан ялалтаа авлаа.  Багийн ялалтыг Роберт Левандовский хоёр гоол оруулснаар хошуучилжээ. “NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа Бавари Мюнхен багийн төвийн довтлогч Роберт Левандовскийг онцлон танилцуулж байна.

БЛИЦ

НЭР: Роберт Левандовский

НАС: 31 (1988 оны наймдугаар сарын 21)

ТӨРСӨН: Польшийн Варшав хот

БИЕИЙН ХАРЬЦАА: 1,84 метр өндөр, 79 кг жинтэй

БАЙРШИЛ: Төвийн довтлогч

Клуб:  Бавари Мюнхен (2014 оны долдугаар сарын 1-нд орсон)

Гэрээ: Өнгөрсөн наймдугаар сард гэрээгээ сунгасан ба 2023 оны зургадугаар сарын 30-нд дуусна.

Энэ 2019 оны топ таван лигт оруулсан гоолын тоогоороо Роберт Левандовский (36) нь алдарт хөлбөмбөгч Лионель Месси (32), Кристиану Роналду (18) нарыг тэргүүлж байна. Гэхдээ Аваргуудын лигийн нийт гоолын тоогоор Кристиану Роналду (127), Лионель Месси (112) эхний хоёрт бичигдэж, Роберт Левандовский (57) тавдугаарт нэрлэгджээ

КАРЬЕР

Роберт Левандовский карьераа Польшийн хамгийн эртний хөлбөмбөгийн баг  1997 онд Полония Варшав багаас эхлүүлжээ. Тус багт тэрбээр долоон жил тоглосны эцэст Дельта Варшав багт орж,  21 гоол оруулснаар 2007 онд Польшийн топ “буудагчдын” хоёрдугаарт бичигдэх болжээ. Улмаар Роберт 2008 оны зургадугаар сард Лех хөлбөмбөгийн багтай 1,5 сая злотын гэрээ байгуулжээ. Дараагийн сард нь тэрбээр Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний анхны гараагаа хийж, нэг гоол оруулснаар өөрийгөө батлан харуулсан аж. Улмаар тэрбээр улирлын турш сайн тоглолт үзүүлж, 42 тоглолтод 18 гоол оруулсан ба дараагийн улиралд ч амжилтаа давтжээ. Харин 2010 оны зургадугаар сард Германы Боруссиа Дортмунд багтай 4,5 сая еврогоор дөрвөн жилийн гэрээ байгуулснаар ханш нь огцом өсчээ.

Тэрбээр 2013 оны дөрөвдүгээр сард Аваргуудын лигийн хагас финалд дөрвөн гоол оруулсан анхны тоглогч болсон төдийгүй багаа  2013 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалд хөтөлжээ. Гэхдээ Бавари Мюнхен багт хожигдсон байв. Тэрбээр тус багтаа дахин нэг улирал тоглосны дараа 2014 онд өрсөлдөгч Бавари Мюнхен багтай таван жилийн гэрээ байгуулан анхны тоглолтоо хуучин Боруссиа Дортмунд багийн эсрэг хийжээ. Тэмцээнд Бавари Мюнхен 2:0 оноогоор хожигджээ. Үлдсэн улиралд тэрбээр 49 тоглолтод 25 гоол оруулсан амжилтыг үзүүлсэн байна. Дараа жил нь буюу 2015 онд  Роберт есөн минутад таван гоол оруулснаар Европын хөлбөмбөгийн лиг дэх хамгийн хурдан амжилтыг тогтоож, Геннисийн дээд амжилтын номд бичигджээ. Тэрбээр өөрийн 100 дахь гоолоо 2017 оны гуравдугаар сарын 11-нд оруулсан аж. Роберт багаа олон удаа ялалтад хөтөлсний сацуу нэлээд хэдэн шагнал, урамшууллыг хүртжээ. Тухайлбал, 2008 онд Польшийн Дебут, 2011-2017 оны хооронд долоон жил дараалан Польшийн шилдэг хөлбөмбөгч, 2015 онд Польшийн шилдэг спортын алдартан, “IFFHS”-ын жилийн дэлхийн шилдэг “буудагч” гэх мэт шагналыг хүрсэн байна. Мөн 2016-2017 оны улиралд гайхалтай үзүүлэлтээрээ Германы Бундеслигийн жилийн шилдэг тоглогч, 2018 онд хөлбөмбөгийн ДАШТ-ын эрх авах тэмцээнүүдэд 16 гоол оруулснаар шилдэг “буудагч”-аар нэрлэгджээ.

ХУВИЙН АМЬДРАЛ

Роберт Левандовскийн эцэг, эх нь хоёул спортын хүмүүс. Түүний эцэг Кристоф Левандовский нь хөлбөмбөгч, мөн жүдо бөхийн үндэсний аварга аж.  Харин ээж Ивона нь АЗС Варшав багт тоглож байсан ба хожим Партизант Лешногийн дэд ерөнхийлөгч болжээ. Тэрбээр Милена гэх эгчтэй.

Роберт Левандовский 2013 оны зургадугаар сард каратэгийн тамирчин Анна гэх бүсгүйтэй гэр бүл болжээ. Анна Левандовска нь 2009 онд каратэгийн дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн аж. Хосууд 2017 оны тавдугаар сарын 4-нд охин Кларагаа өлгийдөн авчээ. Роберт Левандовский католик шашинтай. Тэрбээр хөлбөмбөгийн карьераас гадна хөрөнгө оруулалтын бизнесмен. Тэрбээр олон тооны старт-ап бизнест хөрөнгө оруулсан байна. Роберт Левандовскийн цэвэр орлого 45 сая ам.доллар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж