Дээд боловсролын чанарыг сайжруулах талаар шийдвэр гаргах түвшинд яригдаж эхэлсэн. Энэ талаар уржигдар /2019.10.22/ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр төрийн өмчийн найман их сургуулийг нэгтгэн судалгааны их сургууль байгуулах талаар яригдаж эхэлсэн байна. Бид энэ талаар БСШУСЯ-ны дээд боловсролын бодлогын газрын дарга Ц.Амаржаргалангаас тодрууллаа.
-Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд Судалгааны их сургууль байгуулах тухай яригдлаа. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Уржигдрын хэлэлцүүлгийн гол асуудал юу байсан гэхээр судалгааны их сургууль Монгол Улсад шаардлагатай байгаа талаар ярилцлаа. Судалгааны их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр 2018 оны есдүгээр сард батлагдсан. Энэ хөтөлбөрт их дээд сургууль байснаараа нийгэм эдийн засагт ямар үр өгөөжтэй байна вэ гэдэг тал дээр илүү анхаарч байгаа. Улс орныхоо томоохон асуудлыг их сургуулийн эрдэмтэд хавсран шийдэж чадаж байна уу үгүй юу гэдэгт асуулт тавьж энэ чиглэлийн судалгаа хийсэн. Ер нь бусад улс орнуудыг харахад судалгаа хийж байгаа судалгааны их сургууль байгуулж буй гурван янзын механизм байна.
Нэгдүгээрт, шинээр байгуулах буюу тодорхой хэмжээний санхүүжилт хөрөнгө, хугацаа шаардлагатай. Тэнд шилдэг багш нар сайн оюутнуудын потенциалыг судлуулах шаардлагатай. Энэ чиглэлээр санхүүгийн боломжтой улс орнууд нэгдэж байна. Араб улсад маш өндөр түвшний сургууль байгуулагдаж байна. Гэхдээ Монгол Улсад эхний санаачилгууд байгаа. Тухайлбал, бид нар Герман, Монголын ашигт малтмалын хамтарсан технологийн их сургуулийг судалгааны их сургууль болгох зорилгоор хоёр талаасаа хамтраад хөрөнгө оруулалтын хийгээд явж байна. Сургалтын байгууллага хоёр дах төгсөлтөө хийсэн. Олон төрлийн зориулалттай лабораторийн томоохон хэмжээний тоног төхөөрөмжтэй нь барилга барихаар Засгийн газар хоорондын зээлийн гэрээ батлагдсан. Энэ бол шинээр байгуулж буй сургуулийн нэг хэлбэр юм.
Дараагийн алхам нь одоо байгаа их сургуулиудыг өрсөлдүүлэх замаар хамгийн сайн сургуульд нь хамгийн сайн төсөл өгсөн газар санхүүжилт олгоно гэдэг зарчим байдаг. Тухайлбал, Японы глобал 30 их сургууль гэдэг юм уу тэр сургуулиа өрсөлдүүлдэг. Энэ зарчим манайд эхлэл туршилтын ажил явагдаж байна. Ингэхдээ Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухааны их сургууль нийтдээ 20 баг Японы 40 гаруй эрдэмтэдтэй хамтарсан судалгааны баг ажиллаж байна. Эхний үр дүн нь "Мазаалай" хиймэл дагуул хөөргөсөн. Цаашдаа багш нарын потенциал нэмэгдээд ирэхээр өрсөлдөөнт тэтгэлэг авдаг зарчим явагдана.
Гурав дах хувилбар нь одоогийн байгаа их дээд сургуулийн хүчин чадлыг нэгтгэх арга зам байдаг. Энэ чиглэлд хэрвээ манай их дээд сургуулийг нэгтгэвэл ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдэгт судалгаа хийгдсэн. Тэр судалгааны үр дүнг танилцуулсан. Энэ бол бид нар төрийн өмчийн найман сургуулийг хамруулж хийсэн судалгаа юм. Өөрөөр хэлбэл эдгээр найман сургуулийг шууд нэгтгэе гэсэн шийдвэр гараагүй.
Энэ сургуулиудыг нэгтгэвэл ямар хөтөлбөртэй юм, ижил хөтөлбөр байна уу. Ижил чиглэлийн багш нарыг нэгтгэвэл ямар потенциал болох юм. Тал талд байгаа лабораторийг нэгтгэвэл ямар үр ашиг өгөх юм. Энэ нэгтгэлийн дунд орон тоо хүний нөөцийн бэхжилт бий болж чадах уу гэдэг судалгааны ажлыг танилцуулсан. Гэвч асуудал яаж шийдэх вэ гэдэгт хамгийн зөв оновчтой гарц шийдлийг хийх хэрэгтэй.
-Судалгаанд ямар сургуулийг хамруулсан бэ?
-Төрийн өмчийн найман сургууль буюу МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, Улаанбаатарын их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, АШУҮИС багтсан.
-Энэ хичээлийн жилд нийт хэчнээн дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа юм бол?
-Энэ жилийн статистик бүрэн гараагүй байна. Өнгөрсөн жил 94 дээд сургууль дээд боловсролын байгуулах үйл ажиллагаа явуулсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид нар арав гаруй сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ хооронд дөрвөн коллеж байгуулагдсан. Бид нар дунд түвшний мэргэжилтэн бэлтгэх бодлого алдагдсан учраас коллежийн түвшний сургууль эхнээсээ байгуулагдаж эхэлж байна.
-Оюутнуудын хувьд?
-Өнгөрсөн жил 157 мянган оюутан суралцсан. Энэ жил дунджаар 30-35 мянган шинэ элсэлт байдаг бол энэ жил 13 мянга гаруй шинэ элсэгчтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.