Нийслэлд ундны уснаас шалтгаалан байсхийгээд л хордлого гарах болов. Ялангуяа Зайсангийн гүүрнээс урагш байрлах бүх хотхоны ус хангамжийг гүний худгаар зохицуулж байгаа нь хосгүй баячуудын хоолойд тулсан асуудал болсон талаар бид өмнө нь сурвалжилсан.
Мөн Зайсанд байрлах “KFC”, “Pizza hut”-д энэ оны эхэнд ундны уснаас шалтгаалан олныг хамарсан хордлого гарсан . Зайсангаас гадна гүний худгаас ундны усаа хангадаг орон сууц, цогцолбор нийслэлд олон бий. Саяхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах “Sunshine village” хотхоны гүний худаг бохирдож, 400 орчим оршин суугч ХӨСҮТ-д хандаж, 40 нь хэвтэн эмчлүүлсэн. “Урд өдөр нь дээж өгөхөд шинжилгээний хариу хэвийн гарч байсан хэрнэ гүний худаг гэнэт бохирдсоныг ойлгохгүй байна” хэмээн тус орон сууцны ашиглалтын албаны ажилтан гайхширч суусан. Харин гүний худгийн ойролцоо 50 метр дотор бохирдуулагч зүйл байж болохгүй, ийм зайд бохирдуулагч байх л юм бол шинжилгээгээр өнөөдөр хэвийн гарч байгаа ч маргааш бохирдолтой гарах эрсдэлтэй гэдгийг эрүүл ахуйн мэргэжилтэн тайлбарлаж байна.
2011-2016 ОНД ЗАРИМ БАРИЛГЫГ ТӨВЛӨРСӨН ШУГАМД ХОЛБОЛГҮЙ БАРЬСАН
Мөн хотхоны усны хангамжийг гүний худгаар зохицуулах нь тухайн барилгын компанид хэмнэлттэй байдаг гэнэ. Тиймээс зарим барилгын компаниуд 2011-2016 онд орон сууцыг ийм байдлаар барьж эхэлсний нэг хэсэг нь Зайсан толгой дахь барилгууд аж. Харин 2017 оноос эхлэн Засгийн газрын тогтоолоор Эрүүл ахуйн урьдчилсан хяналтыг дахин сэргээж, барилгын зураг төсөлд ус хангамжийг хэрхэн тусгасан, тэр нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг хянах боломжтой болжээ. Гэвч үүнд барилгын компаниуд гомдолтой байдаг байна. “Барилгыг яаж барих нь эрүүл ахуйчдад ямар хамаа байна” гэсэн хандлагаар ханддаг гэнэ.
ЗАЙСАНД 430 ГҮНИЙ ХУДАГ БИЙ
Нийслэлд гүний худаг гаргах зөвшөөрлийг нийслэлийн Байгаль орчны газраас олгодог ч чухам хэдэн хотхон гүний худгаар усны хэрэглээгээ хангадгийг тогтоох боломжгүй аж. Зайсангийн ойролцоо зөвшөөрөл авсан 430 гүний худаг байдаг бөгөөд эдгээр нь бүгд хотхоны гүний худаг гэж ойлгож болохгүй, иргэн, байгууллага ч үүнд багтаж байгаа юм. Иргэд худаг гаргадаг хүмүүст хандаад л хашаандаа худагтай болчхож байгаа. Тиймээс хашаандаа худагтай хэдэн айл байгааг тоолох боломжгүй гэнэ.
Гэхдээ нийслэлд байгаа худаг бүрийг бохирдолтой гэж ойлгож болохгүй. Бохирдлын асуудал зөвхөн гүний худаг дээр яригдаж байгааг онцолъё. Нийслэлийн ундны усыг долоон эх үүсвэрээс авч, нэг санд төвлөрүүлж тэндээ ариутгаад Ус сувгийн удирдах газрын харьяа 600 худаг, болон төвлөрсөн шугамд холбогдсон газрууд руу түгээдэг байна. Нийслэлийн гэр хорооллын иргэдийн усыг дээрх 600 худаг хангадаг гэсэн үг. Мөн Усны төв лаборатори нь ус түгээх цэгүүд болон долоон эх үүсвэрээс өдөр бүр дээж авч хими, макро болон микро элемент, органик нэгдэл, нян судлалын таван үзүүлэлтээр 60 орчим төрлийн шинжилгээ хийдэг аж. Өөрөөр хэлбэл, төвлөрсөн шугамд холбогдсон газраас ус хэрэглэж байгаа бол аюулгүй, ундны усны бохирдлын асуудал нь гүний худаг дээр л яригдаж байгаа юм.
Тиймээс гүний худаг гаргах зөвшөөрөлд тавих хяналтыг чангатгаж, гүний худагтай хотхоныг яаралтай төвлөрсөн шугамд холбож, оршин суугч, иргэдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа юм. “Зайсанд усан сан барьж, төвлөрсөн шугам сүлжээнд холбох гэж байгаа, энэ ажилд төсвөөс 3.4 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэж оршин суугчид баярлаж сууна. Гэхдээ хэрэгжих нь юу л бол. Учир нь Зайсангийн хотхонуудыг төвлөрсөн шугамд холбох асуудал олон жил яригдаж байгаа ч өнөөг хүртэл хэрэгжээгүй байгаа юм.
ГҮНИЙ ХУДАГ, БОХИРЫН ЦООНОГ, ЖОРЛОНТОЙ ЗЭРЭГЦЭН БАЙРЛАЖ БАЙНА
Улаанбаатарт буй гүний худгийн асуудлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалангаас тодрууллаа.
-Улаанбаатарт хэдэн гүний худаг байна вэ. Үүний хэд нь шаардлага хангаж байна вэ?
-Улаанбаатар хотын хүн амын 90 гаруй хувь нь төвлөрсөн усан хангамжид холбогдсон байдаг. Үлдсэн хувь нь буюу 5-6 хувь нь өөрийн эх үүсвэрээр ундны усаа хангадаг. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдсан зарим барилга, хотхонууд. Албан бус тоогоор нийслэлд 1000 гаруй худаг байдаг гэсэн мэдээлэл байдаг.
Гүний худаг гаргах зөвшөөрлийг Усны тухай хуулиар нийслэлийн Байгаль орчны газар гаргадаг. Манай байгууллагын зүгээс шалгалтаар очиход ихэнх тохиолдолд зөвшөөрөлгүй, бүртгэлгүй дур зоргоороо худаг гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор хаана ямар худаг байгааг олж тогтооход хүндрэлтэй байдаг.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуульд эрүүл ахуйн хамгаалалтын бүс буюу гүний худгийг төвлөрсөн бүсээс 50 метрт байхаар заасан байдаг.
Энэ 50 метр дотор ямар нэгэн бохирдуулагч зүйл байх ёсгүй юм. Гэтэл Улаанбаатарын зарим худаг бохирын цооног, жорлонтой зэрэгцэн байрласан байдаг. Энэ нь хөрсөөр дамжин усыг бохирдуулж байна. Гүний худгуудад шалгалт хийгээд 20-30 хувь нь нянгийн бохирдолтой байна.
-Хяналтгүй байгаа гүний худгийн асуудлыг яаж зохицуулах вэ?
-Худаг гаргах үйлчилгээ үзүүлдэг газруудад хяналт тавьж, хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Ийм газрууд иргэн хүсэлт гаргах л юм бол, Байгаль орчны газраас зөвшөөрөл авсан эсэхийг харгалзалгүйгээр худаг гаргаж байгаа. Нөгөө талаас Байгаль орчны газар ус ашиглах зөвшөөрөл олгохдоо анхаарч, орчны эрүүл ахуйн үнэлгээг заавал хийж байж худаг гаргах зөвшөөрөл олгох хэрэгтэй байна.
-Төвлөрсөн ус хангамжид холбогдоогүй хотхонуудад эрүүл ахуйн үнэлгээ хийгдээгүй гэсэн үг үү?
-Тухайн байгууламж барих хэсгийн газар олголт, барилгын төлөвлөлт ус хангамжийн техникийн нөхцөл зэргийг харгалзан орчны эрүүл ахуйн урьдчилсан шалгалтаар зөрчил байвал арилгаад явдаг юм. Гэтэл 2011 онд Засгийн газрын тогтоолоор Эрүүл ахуйн урьдчилсан шалгалтыг хэрэгжүүлдэггүй болгосон юм. Энэ үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны хотхонууд, “Sunshine village” хотхонууд баригдсан юм. Харин 2017 оноос Эрүүл ахуйн урьдчилсан хяналт дахин хийгдэх болсон. Одоо бид ундны усны эх үүсвэрийг барилгын зураг дээр хэрхэн тусгаж байгааг шалгаад явж байна. Гэхдээ барилгын зураг боловсруулдаг газрууд “эрүүл ахуйчдад зураг төлөвлөлт ямар хамаа байна” гэж их гомдоллодог. Гэтэл гүний худгаар ус хангамжийг зохицуулахаар төлөвлөж байгаа тохиолдолд хамгаалалтын бүс тогтоох боломжтой юу, ус нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангах боломжтой эсэхийг эрүүл ахуйчид тогтоодог.
-Нэгэнт Улаанбаатарын хөрс ийм бохирдолтой байхад гүний худаг гаргах шаардлага байна уу?
-Бохирдуулагч эх үүсвэрийн дэргэд байгаа худгийн ус өнөөдөр шинжилгээгээр зүгээр гарч байгаа ч маргааш бохирдолтой гарах эрсдэлтэй. Харин гүний худгийг зохих хамгаалалт дор, стандартын дагуу ажиллуулж болно. Тиймээс Улаанбаатарт гүний худаг ашиглаж болохгүй гэж ярьж болохгүй.
Холбоотой мэдээ