Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2015” олон улсын чуулган өнөөдөр эхэллээ.
Манай Улсад 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус чуулганы үеэр уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин, нүүрсний экспорт, төслийн санхүүжилт, тэдгээр дэх засгийн газар, орон нутаг, иргэдийн оролцоо зэрэг өргөн сэдвийг хөндөнө.
Мөн “Discover Mongolia-2015” олон улсын чуулганы үеэр уул уурхайн салбарт тулгамдаж буй хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдад ямар боломж эрсдэл байгаа зэргийг хэлэлцэж, шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх юм.
Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай байгаа өнөө цагт тус салбар луу хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, мөнгөн урсгалыг чиглүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байгаа юм. Иймд Голомт банкны зүгээс тус арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч, уламжлал болгон ивээн тэтгэсээр ирсэн юм.
Чуулган хоёр өдрийн турш үргэлжилнэ.