Си Жинпин: Шударга ёс заавал ялна!

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

Си Жинпин: Шударга ёс заавал ялна!

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилд зориулсан ойн тэмдэглэлт арга хэмжээ өнөөдөр үдийн өмнөх 10 цагт Тянь Ань Мэний өргөн талбайд ёслол төгөлдөр боллоо. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Си Жинпин ёслолын үеэр илтгэл тавьсныг бүрэн эхээр нь сийрүүлье.

 

 

Бүх Хятадын ард түмэн, гадаадын улс орны хүндэт төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, НҮБ зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, парадад оролцож байгаа офицер дайчид, ноёд хатагтай, эрхэм найз, нөхөд өө.

 

Өнөөдөр бол дэлхийн бүх ард түмний үүрд санан дурсах ёстой өдөр билээ. 70 жилийн тэртээх энэ өдөр, Хятадын ард түмэн 14 жилийн турш дахь хүнд бэрх тэмцлээрээ Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтыг байгуулж, дэлхийн фашизмын эсрэг дайн бүрмөсөн ялсныг тунхаглаж, энх тайвны гэрэл гэгээгээр дэлхий дахиныг гийгүүлсэн юм.

 

Энд миний бие ХКН-ын төв хороо, АТИХ, Төрийн зөвлөл, Бүх Хятадын УТЗЗ, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс, Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайнд оролцож байсан ахмад дайчид, найз нөхөд, эх орноо хамгаалах үйлсэд зүтгэсэн хүмүүс, Японыг эсэргүүцсэн дайны үеийн офицерууд, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтад гарамгай хувь нэмэр үзүүлсэн гадаад дотоодын охид хөвгүүдэд хүндэтгэл илэрхийлье. Японын түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайнд хүчээ өргөж байсан гадаадын улс орнуудын засгийн газар, энхийг эрхэмлэгч олон улсын ард түмэнд баяр талархал дэвшүүлье. Мөн өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа улс орнуудын хүндэт зочид, цэрэг армид баяр талархал хүргэж байна.

 

Хатагтай ноёд, найз нөхөд өө, Хятадын ард түмний Японы эсрэг дайн болон фашизмын эсрэг дэлхийн дайн бол шударга ёс хийгээд гажуу ёс, гэрэл цацрангуй хийгээд түнэр харанхуй, дэвшил хийгээд сөрөг ухралтыг шийдвэрлэх том дайн байсан юм. Харамсал харууслаар дүүрэн дайны явцад Хятадын ард түмний Японы эсрэг дайн хамгийн түрүүнд эхэлж, хамгийн урт хугацаагаар үргэлжилсэн байдаг. Түрэмгийлэгчтэй тулалдахын тулд Хятадын охид хөвгүүд нугарашгүй тэмцэн байлдаж, Японы милитаристуудыг туйлбартай ялж, Хятадын 5000 гаруй жилийн хөгжил, соёл иргэншлийн үр бүтээлийг хамгаалж, хүн төрөлхтний энх тайвны үйлсийг хамгаалан, дайны түүхэн дэх гайхамшигт байдал, Хятадын сүр жавхааг харуулсан билээ.

 

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалт бол Хятад улс гадаадын дайсны түрэмгийллийг эсэргүүцэж анх удаа бүрэн ялалт байгуулсан түүхт явдал юм. Энэхүү агуу их ялалт Японы милитаризмаас Хятадыг колоничлох гэсэн оролдлогыг бут ниргэж, орчин үеийн түүхэнд гадаадын түрэмгийлэлд автсан Хятадын үндэстнүүдийн ичгүүрт түүхийг эцэслүүлсэн байна. Энэхүү агуу их ялалт нь Хятад улсын хувьд дэлхий дээрх том гүрний байр сууриа дахин тогтоож, Хятадын ард түмэн энх тайвныг хайрлан эрхэмлэх дэлхий нийтийн хүндэтгэл талархлыг хүлээсэн билээ. Энэхүү агуу их ялалт нь Хятадын бүх үндэстний агуу их сэргэн мандалтын гэрэл гэгээтэй ирээдүйг нээж, өнө эртний түүх соёлтой Хятад улс сүр жавхаатайгаар шинэ замналаа дахинтаа нээсэн юм.

 

Дайны үед Хятадын ард түмэн фашизмын эсрэг дэлхийн дайны Ази тив дэх гол талбар болж, фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтад том чухал хувь нэмэр оруулсан юм. Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн дэмжлэгийг ч олсон юм. Хятадын ард түмэн Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны ялалтад гавьяа байгуулсан олон улс орны ард түмнийг сэтгэл зүрхэндээ тээсээр явах болно.

 

Хатагтай ноёд, найз нөхөд өө, дайныг туулсан ард түмэн энх тайвныг илүү их эрмэлздэг. Бид Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийг тэмдэглэж байна. Энэ нь түүхийг бах цээжилж, үрэгдсэн баатруудаа дурсан санагалзаж, энх тайвныг нандигнан, ирээдүйгээ нээхийн төлөө юм.

 

Тэрхүү дайн Ази, Европ, Африк, Океанийг хамарч, цэрэг дайчид болон ард иргэд 100 сая гаруй хүн амийг авч одсон юм. Хятад улс 35 сая, Зөвлөлт Холбоот улс 27 сая хүн амаа дайнд алдсан юм. Түүхийн эмгэнэлт жүжгийг дахин давтаж хэрхэвч болохгүй. Энэ бол бидний хүн төрөлхтний эрх чөлөө, шударга ёс, энх тайвны төлөө үрэгдсэн баатруудын гэгээн сүнс, эмгэнэлтэйгээр амь насаа алдсан гэмгүй номхон иргэдэд хүндэтгэл үзүүлэх хамгийн сайн хэлбэр мөн.

 

Дайн бол хүмүүст энх тайвны эрхэм чухлыг илүү сайн ойлгуулах хүчтэй толь юм. Өнөөдөр энх тайван хөгжил цаг эриний гол сэдэв болж байна. Гэвч дэлхий ертөнц амар тайван бус байсаар байна. Дайны илд хүн төрөлхтний хоолой дээр эвшээн байна. Бид түүхээр сургамж болгож, энх тайвныг хамгаалах шийдвэр зоригоо бататгах хэрэгтэй.

 

Энх тайвны төлөө бид хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгох ухамсрыг төлөвшүүлэх хэрэгтэй. Өрөөсгөл үзэл, гадуурхал, өс хонзон, дайн дажин нь гай гамшиг зовлон зүдүүр л авчирна. Харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, энх тайвнаар хөгжиж, хамтаар цэцэглэн хөгжих нь хүний ертөнцийн зүй ёс юм. Дэлхийн олон орон НҮБ-ийн Үндсэн дүрмийн зорилт зарчмыг гол болгож олон улсын дэг журам, олон улсын системийг хамтдаа хамгаалан, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэхийн төлөө олон улсын шинэ хэлбэрийн харилцааг идэвхтэй тогтоож, дэлхийн энх тайван хөгжлийг хамгаалах эрхэм дээд үйлсэд нэгдэх ёстой.

 

Энх тайвны төлөө Хятад улс энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнах болно. Хятадын бүх үндэстэн энх тайванч үндэстэн байсаар ирсэн. Өндөр хөгжилд хүрлээ ч гэсэн Хятад улс хэзээ ч бусдыг дээрэлхэхгүй, түрэмгийлэн өнгөлзөхгүй, өөрийн туулсан эмгэнэлт явдлыг бусад үндэстэнд хүчээр тулгахгүй, Хятадын ард түмэн дэлхийн олон орны ард түмэнтэй найрсгаар харилцаж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын үр бүтээлийг тууштай хамгаалж, хүн төрөлхтөнд илүү их хувь нэмэр оруулахаар чармайх болно.

 

Хятадын Ардын чөлөөлөх арми бол бүх ард түмний хүүхдүүд. Бүх офицер дайчид ард түмэндээ үйлчлэх үндсэн зорилгоо бат цээжилж, эх орныхоо аюулгүй байдал, ард түмний амар тайван амьдралыг хамгаалах, дэлхийн энх тайвныг хамгаалах дархан үүргээ биелүүлэх хэрэгтэй. Хятад улс цэргийн хүчээ 300 мянгаар хасна гэдгийг миний бие тунхаглан зарлаж байна.

 

Хатагтай ноёд, найз нөхөд өө, Хятадын бүх үндэстний их сэргэн мандалтыг биелүүлэхэд бүх үеийн хүмүүсийн хүчин чармайлт хэрэгтэй. Хятадын бүх үндэстэн 5000 гаруй жилийн гэрэл цацрангуй түүх, соёл иргэншлийг бүтээсэн бөгөөд гэрэл цацрангуй ирээдүйгээ цогцлон байгуулах болно.

 

Бүх Хятадын ард түмэн ХКН-ын удирдлагаар марксизм, ленинизм, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Шяопиний онол, "Гурвыг төлөөлөх" чухал үзэл санаа, Шинжлэх ухаанч хөгжлийг эрхэм жолоодлого болгон, Хятадын онцлогтой социализмоор замнаж, "Дөрвийг бүх талаар" хөгжүүлэх стратегийн дагуу эх орноо хайрлах үзэл санаа, Японы түрэмгийллийн эсрэг дайны аугаа их зориг санааг бадруулж, бүх ард иргэд нэг сэтгэл нэг зоригоор бидний тогтоосон зорилт руу урагшилъя.

 

Хамтдаа түүхээс өгсөн агуу их үнэн ёсыг бат цээжилж явъя. Шударга ёс заавал ялна! Энх тайван заавал ялна! Ард түмэн заавал ялна!

 

Эх сурвалж: mongol.cri.cn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж