Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

Аваргуудын лиг

Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн 2019-2020 оны улирлын хэсгийн шатны тоглолт талдаа орлоо. Урьд шөнө A, B, C, D хэсгийн 3-р тойргийн тоглолтууд явагдав.


A хэсэг

  • Брюгге 0-5 ПСЖ (гоол: М.Икарди 7’, 63’, К.Мбаппе 61‘, 79’, 83’)

Хэсгийн эхний хоёр тоглолтдоо тэнцээ авч, тун боломжийн тоглолт үзүүлж байсан Бельгийн төлөөлөл Брюгге клуб Францын хүчирхэг ПСЖ клубын өмнө хүчин мөхөсдөв. ПСЖ клубээс К.Мбаппе хет-трик хийсэн бол М.Икарди дубль хийсэн ба К.Мбаппе аваргуудын лигийн түүхэнд хамгийн залуудаа 15 гоол оруулсан тоглогч болсон байна. Хоёр баг дараагийн дөрөвдүгээр тойрогт ПСЖ клубын талбайд тоглоно. Энэ тоглолтод ПСЖ ялалт байгуулж чадвал бараг л хасагдах шатны эрхээ авна. Харин Брюгге клуб Европа лигийн эрхээ хадгалахын төлөө тоглоно.

  • Галатасарай 0-1 Реал Мадрид (гоол: Т.Кроос 18’)

Аваргуудын лигийн дархан аварга Реал Мадрид гараан дээрээ бүдэрсэн бол сүүлийн хоёр тоглолтдоо нөхцөл байдлаа засаж байна. Гэхдээ тэдний өрсөлдөгч харьцангуй сул гэж хэлэхэд буруудахгүй болов уу? Бас тоглолтын чанар ч төдийлөн сайнгүй байгааг тоглолтын агуулга, үр дүнгээс харж болно.

B хэсэг

  • Тоттенхэм Хотспур 5-0 Црвена Звезда (гоол: Х.Кейн 9’, 72’, Сон 16’, 44’, Е.Ламела 57’)

В хэсэгт зүй ёсоор хэсгээс шалгарах баг бол өнгөрсөн улирлын аваргуудын лигийн дэд аварга Тоттенхэм Хотспур баг юм. Бавари Мюнхен клубт хожигдож хүнд байдалд ороод байсан М.Почеттиногийн шавь нар Црвена Звезда багийг талбайдаа хүлээн авч бут ниргэлээ.

  • Олимпиакос 2-3 Бавари Мюнхен (гоол: Е.Эль-Араби 23’, Гуйлерме 79’, Р.Левандовски 34’, 62’, К.Толиссо 75’)

Германы аваргуудад асуудал алга. Тоглолтыг Грекийн баг талбайдаа тун сайн эхлүүлсэн ч Бавари Мюнхен клуб барьц алдалгүй хожил авлаа. Энэ тоглолтод Польш довтлогч Р.Левандовски дубль хийж, багийнхаа ялалтад голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Ерөнхийдөө Бавари Мюнхен клуб хэсгийн эхний 3 тоглолтоос бүтэн оноогоо авч хэсгээ итгэл төгс тэргүүлж байна.

C хэсэг

  • Шахтёр Донецк 2-2 Динамо Загреб (гоол: Я.Коноплянка 16’, Додо 75’, Д.Олмо 25’, М.Орсич пен 60’)

Украйны Шахтёр Донецк талбайдаа Хорватын Динамо Заргеб багтай тэнцэснээр 4 оноотой боллоо. Уг нь энэ тоглолтонд зайлшгүй хожил авч байж хэсгээс гарах боломжоо хадгалах байсан ч тэд чадсангүй. Дараагийн тоглолт Хорватад явагдах тул хэсгээс гарах гэвэл талбайд нь өрсөлдөгчөө заавал буулгаж авах шаардалагтай болж байна.

  • Манчестер Сити 5-1 Аталанта (гоол: Р.Малиновски пен 28’, С.Агуэро 34‘, пен 38’, Р.Стерлинг 58’, 64’, 69’, П.Фоден 82’)

Пепийн шавь нар жил бүр л аваргуудын лигийн “дэлдэн чихт” цомыг мөрөөдсөөр байгаа. Ямартаа ч хэсэгтээ өнгөтэй сайн тоглодог байдал нь энэ удаа ч үргэлжлсээр. Тэд хэсгийн 3 тоглолт хийснээс ердөө ганц гоолыг хаалгандаа алдаад байгаа нь тэдний хувьд хэсгийн шатны өрсөлдөөн ямар хөнгөхөн байгааг харуулж байна.

D хэсэг

  • Атлетико Мадрид 1-0 Байер Леверкузен (гоол: Мората 78’)

Германы Байер Леверкузен клубын хувьд Европын дэвжээ хүндхэн байна. Уг нь Германы хүчтэй багийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх учиртай Байер Леверкузен одоогийн байдлаар аваргуудын лигийн эхний 3 тоглолтоос ганц ч хожил авч чадаагүй хаалгандаа 5 гоол алдаж, ердөө ганцхан гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулаад байна.

  • Ювентус 2-1 Локомотив Москва (гоол: А.Миранчук 30’, П.Дибала 77’, 79’)

Европын тавцанд Италийн хөлбөмбөгийн нэр хүндийг үүрч яваа Ювентус клуб талбайдаа П.Дибалагийн дублиэр Оросын Локомотив Москва багийг хожиж гоолын зөрүүгээр хэсгээ тэргүүлж эхэллээ. К.Роналдо болон П.Дибала нарын хүчирхэг хослолын эсрэг Оросын баг хүчин мөхөсдөв.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж