“Сонгуулийн хуулийг шударга болго”

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

“Сонгуулийн хуулийг шударга болго”

МАН-аас санаачилан “Үндсэн хуулийн өөрчлөлт” сэдэвт зөвшилцөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад 18 улс төрийн намын төлөөлөл оролцож, Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хууль, мөн Өршөөлийн хуулийг хэлэлцлээ.

Парламентад суудалгүй улс төрийн намуудын төлөөллийн дийлэнх хэсэг УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн хуульд шүүмжлэлтэй хандаж, уг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах ёстойг парламентад суудалтай улс төрийн намуудад уриаллаа.  

Иргэд нь нийтээрээ банкны зээлтэй, 30 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ цоожлогдох болж байхад авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх нь байж боломгүй үйлдэл гэдгийг тэд онцолж байна. Үүнээс гадна одоогийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй, оруулах зайлшгүй цаг хугацаа тулаад байна гэж үзвэл дордуулсан долоон өөрчлөлтийн хүрээнд асуудлыг цэгцлэх. Сонгуулийн одоогийн 48х28 тогтолцоогоо хадгалах. Ингэхдээ саналын хуудсыг автомат машинаар тоолох бус гар аргаар тоолдог болох. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа бүхий л намуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг гарган ажиллах зэрэг саналыг гаргасан юм.


Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН, АН-ААС АЙГААД БАЙГАА ЮМ УУ?

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Шинэ үе гараад ирж, улстөрчид л хоцорсон байна. Зайгаа тавьж өгөх хэрэгтэй. МАН, АН-ын зарим нөхөд мөнгө, хөрөнгөтэй болсон бол мөрөөрөө явах хэрэгтэй. Энд бугшаад байгаад байх газар биш. УИХ-д өвлийн өвгөн аав шуудайтай мөнгө тараадаг юм шиг шуураад байна. УИХ-ын гишүүдийн тэтгэвэр тэтгэмжийг бага болгох хэрэгтэй. Би баруун аймгуудаар ажиллаад ирлээ. Залуучууд нь тэр чигээрээ ажилгүй. Засаг дарга нар нь найр хийж, сайхан дээл өмсч, том “чулуу” өвөртөлсөн нөхөд байна. Тэдэнд бодож байгаа юм алга. Бөх барилдана бөөн булхай, морь уралдана бөөн луйвар байна. Түүнийгээ уралдаан тэмцээн гээд нэрлэчихжээ. Сонгуулийг шударга явуулахын төлөө тэмцэхэд МАН юу нь болохгүй байна. АН-аас юунаас нь айгаад байгаа юм. Биеийн хэмжээг нь харахад хулгана, заан шиг л харагдаж байна. Тэгсэн мөртлөө хулганаас айгаад байх юм. АН-ынхан гадаа  МАН-ынхныг доромжлоод 10-20 жил болсон шүү дээ. МАН-ынхныг би цуглаан хийж байхыг харсангүй. Хэдэн оюутнуудад 3000 төгрөг өгөөд ордон тойруулсан. Тэд нь гашуудалд явж байгаа юм шиг улс л явж байгаа байхгүй юу. Намууд иргэддээ 25 жил улс төрийн боловсрол олгоогүй. Дээр нь хүмүүс өөрсдийгөө голохоо байж. Албан тушаалд дэвших гээд л зүтгээд байна. Үүнийг хуулиндаа зохицуулж өгөх хэрэгтэй. Тийм учраас сонгуулийн хуулийг шударга, ил тод болгох ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж мөрөөдөөд хэрэггүй. Насаараа энэ ордонд суух хэрэг болно. Монгол парламентат засаглалтай орон. Зөв тогтолцоотой. Яагаад гэвэл хоёр талдаа айхтар том хоёр хөрштэй. Сонгуулийн хугацааг сунгаж өгөх ёстой. АНУ бүтэн жил сонгуулийн сурталчилгаа хийж байна. Бид 7 хоногт сурталчилгаа  яаж хийж амжих юм бэ. Парламентад суудалтай намууд төрийн мөнгөөр сурталчилгаа хийж, бусад хүчнүүд нь өөрсдийнхөө хүчээр л сурталчилгаагаа хийсэн болж байна.

Бид хууль өөрчлөх замаар асуудалд хандаж болохгүй. МАН-ын нэлээн хэдэн нөхөд АТГ мөрдөгдөөд балраад явж байгааг ойлгож байна. МАХН-ынхан Н.Энхбаяр даргаа л яаж аврах вэ гэж явж байна. Сонгуулиар даргынхаа зургийг духандаа тавьчихаад дахиад гараад ирнэ гэж байгаа. Гэхдээ ард түмэн, улс орныхоо төлөө амьдрах ёстой.


З.БАЯНСЭЛЭНГЭ: МОНГОЛ УЛСЫГ БҮХЭЛД НЬ НЭГ ТОЙРОГ БОЛГОЁ

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах эсэхэд эргэлзэж байгаа. Одоо хугацаа бага үлдэж байна. Улс төрийн намын төлөөлөл сонгуулийн хувилбарт янз  бүрийн санал гаргаж байна. Манай “Шударга ёс” эвслийн байр суурь бол ард түмний хүссэн хувилбараар сонгууль явуулах нь зүйтэй гэж үзэж байна.  Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог болгож, сонгууль явуулах хэрэгтэй.  Ард түмэнд сонгох эрхийг нь олгох хэрэгтэй. Монгол Улс томсгосон нэг тойрогтой болвол сонгогчид эрхээ эдэлнэ. Энд намынхаа даргад зориулж Өршөөлийн хууль гаргалаа гэж байна. Улстөрчид өөрсдөө буруу ойлголттой байж болохгүй.  Өршөөлийн хууль Засгийн газраас өргөн баригдсан. Бидний санаачлан боловсруулсан хууль биш. МАХН  Монгол Улсын хөгжлийн бодлогоо боловсруулаад гаргасан тохиолдолд аль ч улс төрийн намтай хамтарч ажиллаж чадна.


ГАРГАСАН УЛС ТӨРИЙН ШИЙДВЭРТЭЭ БҮЛГИЙН ГИШҮҮД БҮГДЭЭРЭЭ САНАЛ НЭГТЭЙ ДЭМЖИЖ ОРОЛЦДОГ

МАН-ын дарга М.Энхболд

-Зөвлөлдөх уулзалтын үеэр улс төрийн намуудын удирдлагууд Өршөөлийн хуулийг хөндөж байна.  МАН Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах уу?

-Өнөөдрийн хувьд бидний ярилцаж байгаа асуудал энэ биш. Гэхдээ улс төрийн намууд энэ асуудлыг их хөндлөө, та бүхэн асуусан учраас хариулъя.

МАН-ын Удирдах зөвлөл Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.

Уг нь сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын дарга “Эрүүгийн хуулийг баталсны дараа Өршөөлийн хууль гаргана. Аль нэгэн УИХ-ын гишүүн, аль нэг УИХ дахь намын бүлгийн хүсэлтээр Өршөөлийн хуулийг санаачлан УИХ баталдаггүй, Засгийн газар оруулж ирэх ёстой” гэж ярьсан. Гэвч энэ байр сууринаасаа буцсан.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн Өршөөлийн хууль танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөн, батлагдсан. Маш олон зүйлийг өршөөлд хамруулахаар болсон. Бид энэ асуудалд байр суурь эсрэг байсан. Тийм учраас Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр “Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл өөрчлөгдсөн учраас дэмжих боломжгүй” гэдэг байр суурь барьсан.

Гол нь, албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөх заалтыг дэмжих боломжгүй гэж үзсэн. Түүнээс Өршөөлийн хуулийг нийтэд нь эсэргүүцсэн зүйл огт байхгүй.

Өнөөдрийн Өршөөлийн хууль, тавигдсан хоригийг авч үзэх юм бол УИХ-аар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан нөхцөлд хууль үндсэндээ үйлчлэхгүй болох бэрхшээл бий. Тийм учраас УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны дараа энэ хуулийг дахин хэлэлцэх ёстой. Энэ үед авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэргийг Өршөөлд хамруулахгүй байх, бусад хэргүүдийг өршөөлд хамруулах байдлаар цааш үргэлжлүүлж ажиллана.

-Бүлгийн 26 гишүүн бүгдээрээ хоригийг дэмжиж чадах юм уу, гишүүдээ хайрцаглаж чадах уу?

-Бид бол энэ асуудлыг олон талаас нь ярилцаж байж, намын Удирдах зөвлөлөөр улс төрийн шийдвэр гаргасан. Гаргасан улс төрийн шийдвэртээ бүлгийн гишүүд бүгдээрээ санал нэгтэй дэмжиж оролцдогыг та бүхэн мэдэх байх аа.


ГИШҮҮН НЬ УИХ-ЫНХАА АЖЛЫГ ХИЙДЭГ БАЙХ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ ЁСТОЙ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр:

Сонгуулийн тухай хуулийг одоо гаргах шаардлагатай юу, шаардлагагүй юу гэдгээ шийдэх хэрэгтэй. Засаг, төрөө хүчтэй байлгах, УИХ-ын гишүүдийг Их хурлынхаа л ажлыг хийдэг байлгах өөрчлөлтийг Үндсэн хууль болон Сонгуулийн хуулиндаа хийж өгөхөөр яриад байгаа.  Улс төрийн намуудын нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулах н.Сүхжаргалмаагийн гаргасан саналыг дэмжиж байна. Ажлын хэсгийнхэн хэд хэдэн удаа уулзалдвал ямар вэ?.  Ойрын хугацаанд энэ асуудлыг нэг тийш нь цэглэх, санал хураалтын автомашин байх эсэх талаар дараа нь ярилцвал ямар вэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж