Наймаачдаас НӨАТ-ын баримтаа нэхдэг болъё

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

Наймаачдаас НӨАТ-ын баримтаа нэхдэг болъё

Наймаачдаас НӨАТ-ын баримтаа нэхдэг болъё

Монгол Улсын төсөв 40 мянган аж ахуйн нэгжийн нуруун дээр тогтдог гэдэг. Татварын баазад 190 мянга орчим аж ахуйн нэгж байгууллага, 1.1 сая орчим иргэн бүртгэлтэй ч татвар төлдөг нь ердөө 40 мянга.

Аль ч улсад орлого олж байгаа бүхэн татвар төлөгч байдаг. Энэ тогтолцоог нэвтрүүлэхийн тулд УИХ-аас НӨАТ-ын тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш  гурван жил болжээ. Далд эдийн засгийг ил болгож, тогтолцоогоо эрүүлжүүлж, татварын баазыг нэмэгдүүлэх зорилготой баталсан уг хуулийн үр дүнд хар зах зээл хумигдаж, татварын орлого давж биелсэн эерэг үзүүлэлт байгаа ч нэг хэсэг нь сугарч үлдсээр…

Тодруулж хэлбэл, мал, махны ченж нараас эхлээд “Нарантуул”, “Хархорин”, “Бөмбөгөр”, “Шонхор”, “Теди” худалдааны төвийн наймаачид хэдэн саяар нь борлуулалт хийлээ ч НӨАТ-ын 10 хувийн татвар төлөлгүй явж ирлээ. Мэддэг ч мэдлэггүй царайлдаг уу, лангууныхаа сарын түрээсийг татвар төлж байгаа гэж мушгих нь бишгүй.

Гэтэл “Теди” худалдааны төвийн наймаачнаар жишээ авахад өдөрт 5 сая төгрөгийн борлуулалт хийлээ ч худалдан авагчдаа НӨАТ-ын баримт олгохгүй байна.

Малчдаас мал авч, махны худалдаачдад “шахсан” ченж, ченжээс мал авч, борлуулсан худалдагч үйлчлүүлэгчдээ мөн л НӨАТ-ын баримт олгодоггүй. Иргэдийг НӨАТ-ын баримт нэхэхээр хөмсгөө зангидаж, НӨАТ-ын баримт олгодог газраараа үйлчлүүлэхгүй яасан юм бэ гэж аашлах энүүхэнд.

Уг нь худалдсан бараа, үзүүлсэн үйлчилгээндээ иргэн, аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт өгөх нь хуулиар хүлээсэн үүрэг нь. Өөрөөр хэлбэл, дээрх үйлчилгээг авсны баталгаа болгож, иргэн, аж ахуйн нэгж НӨАТ-ын баримт авдаг болсноор 2 хувийн буцаан олголтыг төрөөс авахын зэрэгцээ аж ахуйн нэгж иргэний орлогын мэдээлэл ил тод болж буй юм. Дэлхийн улс орнууд энэ тогтолцоо руу эрт шилжсэн нь татварын тогтолцоогоо иргэдийнхээ хяналт дор хамтдаа удирдаж байгаа нэг арга юм.

Нэг ёсны Монголын гурван сая иргэн татварын тогтолцоогоо хянах сувагтай болсон байгаа юм. Иймээс  иргэд ичиж нэрэлхэлгүй, одооноос эхлээд үйлчлүүлсэн үйлчилгээ, худалдан авсан бараа, бүтээгдэхүүн болгондоо НӨАТ-ын баримт шаардаж, авдаг болъё. Зарим тохиолдолд худалдаачид "машин ажиллахгүй байна, араас нь илгээе" гэдэг ч өөрсөддөө НӨАТ-ын баримтыг нь шивж оруулдаг уу, таг болцгоодог. Заримдаа аж ахуйн нэгж НӨАТ-ын баримтыг шивж оруулаагүй байдаг уу, бүртгээгүй байна гэх тохиолдол ч гардаг.

Ченжүүд, худалдаачид ч хуулиа мөрдье.

Харин хуримтлуулсан хөрөнгийг нийгмийн сайн сайхан болон бусад шаардлагатай салбарт зүй зохистой зарцуулах, үргүй зардал гаргахаас сэргийлэх нь төрийн үүрэг байх ёстой.

Хүн амын өсөлтийг дагаад сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр барих шаардлага үүсэж байна. Нэг багшид 70 сурагч ногдож, сурагчид дөрвөн ээлжээр хичээллэж, иргэд эмнэлгийн үйлчилгээ авахын тулд шөнө 03.00 цагт эмнэлгийн гадаа дугаарлаж зогсдог энэхүү гажуудлыг засахад татвар төлөлт чухал үүрэгтэй. Хүн бүр татвараа төлдөг жишиг тогтвол зөвхөн төлдөг хэсэг нь ачаа үүрдэг тэгш бус тогтолцоо ч халагдах юм. Эцсийн дүндээ энэ нь татварын хувь хэмжээг бууруулах реформ руу ч хөтөлж болох талтай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж