Н.Баяртсайхан: Саарал жагсаалтад орсноор ямар нэг хоригт орохгүй

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

Саарал жагсаалт

Н.Баяртсайхан: Саарал жагсаалтад орсноор ямар нэг хоригт орохгүй

Н.Баяртсайхан: Саарал жагсаалтад орсноор ямар нэг хоригт орохгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2019.10.23/ хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-2020 оны төсөвтэй уралдаж орж ирж байна. 2020 оны төсөв, эдийн засагтай яаж уялдаж байгаа вэ. Валютын нөөц 3,9 тэрбум ам.доллар болсон, Засгийн газрын өр буурсан гэх мэт үзүүлэлтүүд бий болсон. Гэхдээ энэ үзүүлэлтүүд иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж, эерэгээр нөлөөлж чадаж байгаа вэ. Эдийн засаг өсч, хөрөнгө оруулалт татаж байгаа ч аж ахуйн нэгж, иргэд дээр наалдахгүй байгаа нь хиймэл өсөлт. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд валют 2800 төгрөгт хүрч, саарал жагсаалт анхаарал татаж байна. Гэхдээ энэ нь эдийн засагт хэр нөлөөлөх вэ? Мөнгөний бодлогодоо ямар өөрчлөлт оруулж болох вэ? Валютын хэлбэлзэл цаашид өсвөл яах вэ? Нөгөө талаар банкны зээл, хүүтэй холбоотой асуудлыг олон жил ярьж байна. Тодорхой бодлого гаргах боломж бий.

Монголбанкны ерөнхийлөгч Н.БАЯРТСАЙХАН:

-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж байдаг. Энэ байгууллага есдүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, Мөнгөний бодлогын асуудал хэлэлцсэн. Энэ явцдаа мөнгөний бодлого, төсвийн бодлогоо хооронд нь уялдуулах чиглэлээр байр сууриа илэрхийлж, энэ удаагийн баримт бичигт тусгасан. Төсөвтэй уялдуулсан Мөнгөний бодлого өргөн барьсан. Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хэр нөлөөлөх нь цаашид 2020 оноос явуулах бүх бодлогодоо анхаарах ёстой асуудал. Иргэдийн бодит орлого, өрхийн орлого нэмэгдэж байна. Жилийн өмнөхтэй харьцуулахад өрхийн орлого 17 хувиар өссөн. Энэ бол бодит өсөлт. Бидний санааг зовоож байгаа зүйл бол өрхийн бодит өсөлтийн цаана ямар эх үүсвэр байна вэ гэдэгт маш нарийн анализ хийх шаардлага байгаа юм. Яагаад гэвэл зарлага нь өрхийн орлогоосоо давж гараад байна. Энэ хоёрын хоорондын харьцааг иргэд хэрэглээний зээлээр нөхөж байна гэж дүгнэж байна. Тиймээс 2020 оноос эхлэн цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа нь цаанаа өрхийн орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ. Банкны зээлийн хүү бууруулах чиглэлээр томоохон стратегийн бичиг боловсруулаад ажлын хэсэг ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Д.ДАМБА-ОЧИР:

-Бид эдийн засгаар улс төр хийж болохгүй. Гадаадын хөнгөлэлттэй зээлүүд маш их авч байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын асуудал дээр анхаарахгүй бол эдийн засаг цааш явахгүй. Тиймээс эдийн засагт орж ирж байгаа орлогын 20-30 хувь нь хөрөнгө оруулалт байдаг. Банкны өөрийн хөрөнгийн эх үүсвэр дээр шалгалт хийсэн гэсэн энэ шалгалтын дүнг УИХ, байнгын хороон дээр хаалттай хэлэлцэж болох уу. Саарал жагсаалтад орохоор зээлжих зэрэглэл буурах уу. Банкны гүйлгээ хаагдсан зүйл байна уу. Монголбанк ханшин дээр онцгой анхаарахгүй бол болохгүй байна. Нөөцтэй байгаа учраас ханш өсгөж, улстөржүүлж болохгүй шүү. 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага, хоршоодод шалгаж, хянах үүрэг өгсөн. Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон ажилчид маш хариуцлагагүй байгаа шүү. Гадаадын хөрөнгө оруулалттай банкны тухай хуулийг бид одоо оруулж ирж, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай байна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.БАЯРТСАЙХАН:

-Өчигдөр гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн даллах тухай хурал болсон. Гадаадын хөрөнгө оруулалт шууд Монголбанкны хариуцах ажил биш. Бид эдийн засгийн ерөнхий макро орчныг сайхан байлгах, хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг бий болгохын тулд инфляцийг тодорхой түвшинд барьж, эдийн засгийн өсөлтийг барьж, гадаад валютын нөөц нэмэгдүүлэх үүрэгтэй. Энэ үүднээс гадны хөрөнгө оруулалттай банкны асуудлыг шийдээсэй гэсэн байр суурьтай байна. Банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэлтэд шалгалт хийж, бэлэн болгосон. Энэ тайланг танилцуулахад болно. Саарал жагсаалтад орсон нь Монголд ямар нэг хориг арга хэмжээ авагдахгүй. Хар жагсаалтад орвол санхүүгийн хориг арга хэмжээ авагддаг. Нэг болгоомжилж байгаа зүйл нь Монголоос гадагшаа гарч байгаа хөрөнгөд тавих хяналт чангарна. Тухайн мөнгөний эх үүсвэрт тавих хяналт чангарна. Ханш дээр Монголбанк анхаарч байгаа, цаашид ч анхаарна.

УИХ-ын гишүүн, байнгын  Ж.ГАНБААТАР:

-Улстөржиж болдоггүй сэдэв гэж байдаг гэж олон сонгогдсон гишүүд хэлдэг. Улстөржиж болдоггүй гол асуудал нь саарал жагсаалт, ам.долларын ханш. Энэ өөрөө айл өрх, бүх аж ахуйн нэгжүүдэд нөлөөлдөг. Хэн нэгний буруутай, буруугүй асуудлыг микрофоны ард ярьж, Сангийн яам, Монголбанк хоёр нэг шугамд байх ёстой. Сүүлийн гурав хоногт хэнээс ч шалтгаалаагүй, улстөрчдийн хиймэл ярианы хиймэл өсөлт болсон. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг харж байхад банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, хувь эзэмшүүлэх төлвийг бууруулах, зохистой хяналтын олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай явуулна гэж. Энэ бол өмнө нь огт байгаагүй зорилт байна. Энэ ямар учиртай юм бэ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.БАЯРТСАЙХАН:

-Эдийн засаг, санхүүгээр улстөржиж болохгүй гэдэгтэй санал нэг байна. Ам.доллар өссөний цаана ямар нэг улс төр, эдийн засгийн нөлөөлөл байгаагүй. Гэнэт өссөн нь хиймэл шалтгаан байсан гэж үзэж байна. 2020 оны мөнгөний бодлогын амин чухал өөрчлөлтийг дурдаж байна. Өнөөдөр Монголд 13 арилжааны банкны хувь эзэмшлийн төвлөрөл харьцангуй, зарим банк нэг, хоёрхон хүний мэдэлд байгаа нь банкны салбарын эмзэг байдлыг нэмэгдүүлж байгаа юм. Цаашид банкуудыг паблик, олон хувьцаа эзэмшигчтэй болох, харилцан бие биедээ хяналт тавьдаг байх, хяналт сайжруулах нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэж бид үзэж байна. Нэг жил хийгээд дуусах ажил биш, цаашид үргэлжлүүлээд банкны системийг олон улсын жишигт нийцсэн засаглал сайтай банк болох зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа гишүүн саналаа хэллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Банк бус санхүүгийн байгууллага, ломбард нь мөнгө угаах хэрэгсэл болоод байна гэдгийг олон улсын байгууллага анхааруулж байсан. Өргөдлийн байнгын хороонд хохирсон иргэдийн тоо асар өсч байна. Санхүүгийн зохицуулах хороог сайн ажилласан, манайтай хамаагүй гээд ярьж байгаа нь ямар учиртай юм бэ. Монголбан банк зээлийн хүү буурч байгаа гэсэн. Зээлийн хүү бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч сүүлийн хоёр жил буурсан байна. Гэхдээ илүү их бууруулж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна. Түүнээс гадна Сангийн яам ипотекийн зээлд 60 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Гэтэл өнгөрсөн жил төсөвлөсөн төсөв маш бага байна. Арилжааны банкууд ипотекийн зээлийг олгохдоо өөрийн харъяаллын барилгын зээл гаргах, зорилтот бүлэгт нь хүрэхгүй байна.

УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:

-Жоомоо шатаах гэж байгаа байшингаа  шатаана гэдэг шиг саарал жагсаалтад орсны төлөө эдийн засагт савлагаа үүсгэж болохгүй гэдэгтэй хүн бүр санал нийлж байгаа. Анхаарах, сэрэмжлэх, эрсдэлээ зөв төлөвлөх зайлшгүй шаардлага байна. Тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Төв банкны тайлбар нэг баймаар байна. Гэтэл гурван өөр тайлбар хийгээд байгаа нь иргэдийг эргэлзүүлж, валютын хэлбэлзэл үүсгэж байна. Валютын ханшны хэлбэлзэл баялаг бүтээгчдэд л хамгийн их нөлөөлдөг. Энэ хүмүүсийн нуруун дээр асар их ачаа үүрүүлж болохгүй. Бодитой үүссэн нөхцөл байдлаас бид яаж хурдан, бодитой гарах вэ гэдэгтээ зөв тодорхойлж, шийдвэрлэх шаардлагатай байна. Ерөнхий сайд өчигдөр Японы Ерөнхий сайд мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах, банк санхүүгийн салбараа шинэчил тэгж байж бид хамтарч ажиллана гэдэг зүйл хэлсэн байна. ОУВС-аас валютын нөөц дээр онцгой анхаарч, валютын ханшин дээр зөв бодлого явуул, төсөв, мөнгөний бодлогодоо уялдуулж ажилла гэдгийг сануулсан байна. Мөн зээлийн хүү буурч байна, түүхэндээ байгаагүй бага хувьдаа очсон байна. Өшөө бүтээлч, эрх зүйн орчноо сайжруулах зүйл юу байна. Иргэдийн хүлээлтэд зохицсон бүтээлч арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа шүү.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Саарал жагсаалт, утаа хоёр сүүлийн гурван жил болоогүй, сүүлийн 30 жилд бидний хийсэн ажлын үр дүн учраас улстөржүүлэхгүй шаардлагагүй гэдэгтэй санал нэг байна. Монгол Улсын эдийн засаг өссөн, төсөв алдагдалгүй, гадаад валютын нөөц гурван тэрбум ам.доллар, эдийн засгийн өрсөлдөх чадвар өссөн ийм үед саарал жагсаалтад орлоо. Саарал жагсаалтад орж байгаа шалтгаанаа дөрөвхөн асуудлаар бус өргөн хүрээнд ярих ёстой. Монголын төрийн бүтцийн бодлого, мөнгөний, төсвийн бодлого нэгдмэл байх ёстой ч өнгөрсөн 30 жил нэгдмэл ажиллаагүй. Эдийн засаг сэргэсэн ч өнгөрсөн хугацаанд хийсэн үйл ажиллагаа нэг хэсэг нь болж байгаа юм. Санхүү, эдийн засгийн асуудалтай холбоотой гурван хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой. 2020 оны төсөв хөөсөрсөн, сонгуулийн төсөв болсон гэдэгтэй санал нэгдэхгүй байна. Далд эдийн засгийг бууруулах чиглэлээр татварын хууль, буцаан олголт нөлөөлж байгаа.

Гишүүд үг хэлсний дараа санал хурааж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы хуралдаанд шилжүүллээ.

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ БОЛОН МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ХУУЛИУДЫГ ДЭМЖЛЭЭ

Үүний дараа байнгын хороо Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуульд “Хил дамнасан чөлөөлт бүс” гэсэн томьёолол орсныг ҮАБЗ-өөс өөрчлөх үүрэг өгсөн бөгөөд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхд ойлгомжгүй байдал үүсгэх, нийгэмд сөргөөр ойлгогдох магадлалтай тул Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газар, БНАХАУ-ын Засгийн газарын хоорондын хэлэлцээрт талууд харилцан тохиролцсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллоор оруулах нь зүйтэй гэж үзжээ. Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлээгүй учраас төслийг дэмжихийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг танилцууллаа. Тэрбээр, иргэд, иргэний нийгмийн оролцоотойг нэмэгдүүлэх замаар улс төрийн төвлөрлийг сааруулах, мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны  зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар боловсруулсан. Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, салбар, төлөөлөгчийн газар нээх, чиг үүргийг нь тодорхойлох, мэргэжлийн холбооноос төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулна. Мэргэжлийн нэгдсэн холбоог Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу, тодорхой салбарт хамаарах үйл ажиллагаа  явуулдаг30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, болон иргэн хамтран үүсгэн байгуулна. Хуулийн төсөл батлагдсанаар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа мэргэшсэн, тогтвортой байх боломж бүрдэнэ. Үйл ажиллагаа бэхжсэнээр төрийн зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэх, төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг мэргэжлийн нэгдсэн холбоод гүйцэтгэх, төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн байгууллагын оролцоо нэмэгдэхэд түлхэц болох бөгөөд төсөвт ачаалал үүсгэхгүй" гэлээ.

Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг  МАН-ын бүлгээс томилох саналыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцууллаа. Байнгын хорооны гишүүдийн олонх Ж.Бат-Эрдэнийг дэд хорооны даргаар томилохыг дэмжив.

Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж