Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-оос зохион байгуулдаг “U16” хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн 2016 онд Энэтхэг улсад зохион байгуулагдана. Ази тивийн шилдэг улсуудын ирээдүйн шигшээ багийг бүрдүүлэх авьяаслаг тамирчдын уг тэмцээнд оролцох эрхийн төлөө багууд хэсэгт хуваагдан урьдчилсан шатны тоглолтыг хийх болно.
Монголын “U16” хүртэлх насны шигшээ баг тус тэмцээний “К” хэсэгт хүндхэн багуудтай багтсан. Өөрөөр хэлбэл дэлхийд дээгүүр өрсөлддөг Японы шигшээ болон ХонгКонг мөн Бруней гэсэн улсуудтай өрсөлдөхөөр болсон. Чухал тэмцээний хэсгийн урьдчилсан шатны тоглолтуудыг МХБХ өөрийн эх орондоо зохион байгуулахаар болсон нь бидний хувьд том давуу тал билээ. Энэхүү эрхийг МХБХ зүгээр ч нэг авсангүй. AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбооны бүхий л шаардлагыг хангасаны үндсэн дээр ийнхүү олон улсын чанартай тэмцээнийг үзэгч түмэндээ ойртуулж дэргэдээс үзэх боломжийг олголоо.
Тоглолтууд 9-р сарын 16, 18, 20-ны өдрүүдэд явагдах бөгөөд манай К хэсэгт багтсан Бруней улсын шигшээ баг тэмцээнд оролцох боломжгүй болж нэрээ татсанаар ХонгКонг, Японы багуудтай өрсөлдөнө.
Монголын “U16” хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар та бүхний сайн мэдэх Войислав Бралушич ажиллаж байна. Түүний хувьд “УЕФА”-ын дасгалжуулагчийн “А” зэрэглэлтэй Серби улсын иргэн билээ. Түүний удирдсан Монголын “U16” насны шигшээ 7-р сарын сүүлд байгуулагдаж улмаар 10 гаруй хоногийн бэлтгэлийг хийн БНХАУ-д зохиогдсон "Торгоны зам" цомын тэмцээнд хүчтэй улсуудын эсрэг тоглон хүч сориод ирсэн. Тус тэмцээн нь манай багийн хувьд хэн хэнийгээ мэдрэх, багийн ажиллагааг сайжруулах мөн олон улсын тэмцээний туршлага суух томоохон сорилго тэмцээн болж өнгөрсөн. Хэдийгээр урд хөршид зочлон ялалт байгуулж чадаагүй ч хожлоос илүү үнэтэй зүйлийг сурсан гэдэг нь тодорхой.
Тамирчид эх орондоо хүрэлцэн ирсэн цагаас багийн бэлтгэлдээ шургуу хичээллэж хөлбөмбөгийн чухал элементүүдийг нарийвчлан суралцсаар байна. Тэд багаараа тэмцээн дуустал хамтдаа байрлаж талбайн гадна ч нэг нэгнийхээ төлөө байж нэгэн цул болж байгааг тэдний өдөр бүрийн бэлтгэлээс харж болно. Дасгалжуулагч маань өөрсдийн багийн эсрэг сонирхогчдын лигт өрсөлдсөн туршлагтай багийг талбайдаа урьж нөхөрсөг тоглолт хийлээ. Энэхүү тоглолтонд шигшээ багийн тамирчид итгэл төгс хожил байгуулсан. Цаг хугацаа тэднийг нэг баг болгож, өндөр зэрэглэлийн дасгалжуулагч тамирчдыг нэг сэтгэлзүйтэй болгож чадсан нь ирэх тэмцээн болон ирээдүйн амжилтанд чухал гарц болох нь дамжиггүй.
ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn