Мария Шарапова “US Open”-ийг өнжлөө

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

Мария Шарапова “US Open”-ийг өнжлөө

Талбайн теннисний дөрвөн “Их дуулга” тэмцээний нэг болох “US Open” буюу Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо өнгөрсөн даваа гаригт эхэлсэн билээ. Оны сүүлийн “Их дуулга”-д дэлхийн шилдэг теннисчид бүгд цуглараад байна. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд шилдэг 128 теннисчин найман хэсэгт хуваагдан цомын төлөө өрсөлдөж байна.

Харин энэ удаагийн “Их дуулга”-ыг эмэгтэйчүүдийн чансааны 3-т бичигдэж буй ОХУ-ын Мария Шарапова баруун хөлөө гэмтээснээр өнжлөө. Тэрбээр өнгөрөгч долдугаар сард Уимблдоны тэмцээний финалд АНУ-ын Серена Уильямст хожигдсоноосоо хойш ямар нэгэн тэмцээнд оролцоогүй байгаа билээ. Мария Шарапова 2006 онд “US Open”-д түрүүлж байсан юм.

Гэхдээ нэрт теннисчний хувьд Азийн цуврал тэмцээнүүдэд оролцож, энэ оныг амжилтаар дуусгахыг хүсэж байгаагаа фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Харин энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээн, Ролан Гаррос, “Уимблдон”-д дараалан түрүүлээд байгаа дэлхий манлай теннисчин Серена Уильямс энэ тэмцээнд түрүүлж чадвал нэг жилийн дотор дөрвөн “Их дуулга”-д түрүүлсэн анхны эмэгтэй теннисчин болох юм.

Одоогоор эрчүүдээс тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн Японы Кей Ниширкори нэгдүгээр тойргоос хасагдаад байна. Өнгөрсөн жилийн тус тэмцээний дэд аварга япон залуу Францын Бенау Пертэй таван үеийн турш тоглосон ч 4:6, 6:3, 6:4, 6:7, 4:6–гаар дийлджээ. ATP-гийн чансааны 41-д эрэмбэтэй Франц залуу удаах тойрогт Туркийн теннисчинг хожиж, 1/32-т үлдээд байна.

Одоогоор Сербийн Новак Жокович, Испанийн Рафаэль Надаль, Д.Феррер нарын шилдгүүд гуравдугаар тойрогт шалгараад байна.

Тус тэмцээний өнгөрсөн жилийн эрэгтэйчүүдийн төрөлд Хорватын Чилич анх удаа түрүүлж байсан. Харин эмэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс Данийн К.Возняцкиг буулган авч тус тэмцээний зургаа дахь түрүүгээ авч байжээ. Энэ жил 33 настай Серена дахин түрүүлбэл нэг жилийн дотор дөрвөн "Их дуулга"-д түрүүлсэн анхны теннисчнээр тодрох билээ. 

Нийт 42 сая ам.долларын шагналын сантай Америкийн нээлттэй тэмцээн энэ сарын 13-ны өдөр өндөрлөнө.

Сонирхуулахад, 1881 оноос эхлэлтэй Америкийн нээлттэй тэмцээн 1967 он хүртэл Америкийн аварга нэртэй байсан бол 1968 оноос нээлттэй тэмцээн болжээ. Нээлттэй тэмцээний анхны түрүүг 1968 онд Америкийн Артур Эйш хүртэж байсан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж