-Гаргасан улс төрийн шийдвэртээ бүлгийн гишүүд бүгдээрээ санал нэгтэй дэмжиж оролцдог-
МАН-ын дарга М.Энхболдоос Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжих эсэхийг тодрууллаа.
-Зөвлөлдөх уулзалтын үеэр улс төрийн намуудын удирдлагууд Өршөөлийн хуулийг хөндөж байна. МАН Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах уу?
-Өнөөдрийн хувьд бидний ярилцаж байгаа асуудал энэ биш. Гэхдээ улс төрийн намууд энэ асуудлыг их хөндлөө, та бүхэн асуусан учраас хариулъя.
МАН-ын Удирдах зөвлөл Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.
Уг нь сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын дарга “Эрүүгийн хуулийг баталсны дараа Өршөөлийн хууль гаргана. Аль нэгэн УИХ-ын гишүүн, аль нэг УИХ дахь намын бүлгийн хүсэлтээр Өршөөлийн хуулийг санаачлан УИХ баталдаггүй, Засгийн газар оруулж ирэх ёстой” гэж ярьсан. Гэвч энэ байр сууринаасаа буцсан.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн Өршөөлийн хууль танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөн, батлагдсан. Маш олон зүйлийг өршөөлд хамруулахаар болсон. Бид энэ асуудалд байр суурь эсрэг байсан. Тийм учраас Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр “Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл өөрчлөгдсөн учраас дэмжих боломжгүй” гэдэг байр суурь барьсан.
Гол нь, албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөх заалтыг дэмжих боломжгүй гэж үзсэн. Түүнээс Өршөөлийн хуулийг нийтэд нь эсэргүүцсэн зүйл огт байхгүй.
Өнөөдрийн Өршөөлийн хууль, тавигдсан хоригийг авч үзэх юм бол УИХ-аар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан нөхцөлд хууль үндсэндээ үйлчлэхгүй болох бэрхшээл бий. Тийм учраас УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны дараа энэ хуулийг дахин хэлэлцэх ёстой. Энэ үед авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэргийг Өршөөлд хамруулахгүй байх, бусад хэргүүдийг өршөөлд хамруулах байдлаар цааш үргэлжлүүлж ажиллана.
-Бүлгийн 26 гишүүн бүгдээрээ хоригийг дэмжиж чадах юм уу, гишүүдээ хайрцаглаж чадах уу?
-Бид бол энэ асуудлыг олон талаас нь ярилцаж байж, намын Удирдах зөвлөлөөр улс төрийн шийдвэр гаргасан. Гаргасан улс төрийн шийдвэртээ бүлгийн гишүүд бүгдээрээ санал нэгтэй дэмжиж оролцдогыг та бүхэн мэдэх байх аа.
Г.ДАРЬ