Украины баруун өмнөд хэсгийн Закарпатська мужид полиомиелит гэх халдварт өвчнөөр хоёр хүүхэд өвдсөн байна. Халдварт өвчин туссан хоёр хүүхдийн нэг нь 10 сартай, нөгөө нь дөрвөн настай аж. Украины эрүүл мэндийн яамнаас Закарпатська мужид яаралтай вакцинжуулалт зарлаж, полио вирусын халдвар авсан байж болох сэжигтэй хүүхдүүдийг илрүүлэх үүрэг өгчээ.
Энэ нь Европт 2010 оноос хойш полиомиелит өвчний халдвар гарсан анхны тохиолдол болсныг ДЭМБ-аас мэдээлжээ. Закарпатська муж нь Европын холбооны дөрвөн улстай хил залгаа оршдог юм. Украинд хамгийн сүүлд полиомиелит өвчин 1996 онд гарч байжээ.
Полиомиелит өвчнөөр ихэвчлэн таваас доош насны хүүхдүүд өвчилдөг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болоход хүргэдэг аюултай байдаг аж.
ДЭМБ-аас мэдээлснээр дэлхий дахинд 2013 онд полиомиелит өвчний 416 тохиолдол бүртгэгдсэн аж. Өнгөрсөн онд уг өвчин Афганистан, Нигери, Пакистанд гарсан юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse