МОХ оюутнаа шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

МОХ оюутнаа шүүхэд өгнө

Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр нар МУИС-ийн үүдэнд, оюутнуудын өмнө халз мэтгэлцлээ. Монголын оюутны холбооноос оюутнуудад ойрын хоёр жилдээ автобусаар үнэгүй зорчуулна гэж 8900 төгрөг хураан авч албадан карт захиалуулсан гэх асуудлаар тэд мэтгэлцсэн юм.

“Өнөөдөр оюутан 3600 төгрөгөөр хөнгөлттэй зорчих эрхтэй байсан. Гэтэл МОХ-ныхон өнгөрсөн жил 8900 төгрөг гэдэг үнэ зохиогоод 700-аад сая төгрөгийг нь авчихсан. Мөнгө нь МОХ-ны дансанд орчихсон. Карт ч байхгүй мөнгө ч байхгүй. Тэр карт нь бидэнд ямар ч хэрэггүй гэдэг нь нотлогдлоо. Одоо 700 сая төгрөг хаана байгаа юм, бүү мэд. Энэхүү 8900 төгрөгийн картнаас болоод оюутнууд өнөөдөр бэлэн мөнгөөр автобусанд зорчиж чадахгүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж асуухаар оюутны холбооны эрхмүүд худал хэлээд яваад байгаа юм. Үнэндээ МОХ оюутнуудын төлөө юу ч хийдэггүй байгууллага. Жилдээ ганц удаа оюутнуудын автобусны картны захиалга авдаг байгууллага шүү дээ. Оюутнуудаа хохиролгүй болгохоор ийнхүү мэтгэлцэх гэж байна” гэж ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр ярьсан юм.

“Монголын оюутны холбоо ажлыг БСШУЯ-ны ажлыг нийслэлийн Засаг даргын хэдэн орлогч нар хийдэг болж. Бид үүнийг эсэргүүцэж байна. Одоо Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Ухаалаг карт нь тухайн хүнийг оюутан эсэхийг гэрчлэхгүй тул бид ийнхүү зурагтай картыг Төрийн банктай хамтран гаргасан. Одоогоор хэвлэгдээд байгаа” гэж Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр хэллээ.

Оюутнууд өнгөрсөн жил 8900 төгрөгөөр карт авсан. Одоо дахиад 3600 төгрөгөөр автобусаар зорчих ухаалаг карт авч чадахгүй. Хэрэв 3600 төгрөгийн картыг авах шаардлагатай бол өнгөрсөн жил хураалгасан 8900 төгрөгөө буцаан авахыг хүсч байна гэдгийг энэ үеэр хэлж байлаа.  

Ийнхүү мэтгэлцээн эхэлсэн ч МОХ-ны Ерөнхийлөгч элдэв тайлбар хийхээс зайлсхийж, ШУТИС-ийн Оюутны тэргүүн А.Төгсбаярыг шүүхэд өгөхөө мэдэгдээд “зугтаасан” юм.

Д.ЖАРГАЛ

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж