Монос Группийн 25 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

Монос Группийн 25 жилийн ой тохиож байна

Монголын хувийн хэвшлийн анхдагчийн нэг, Эрүүл Мэнд, Гоо сайхны үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Групп 25 нас хүрлээ. Анх академич, үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатараас гадна тэтгэвэрт гарсан эмэгтэй, 10 дугаар ангиа төгссөн охин  гээд нийт  гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан тус групп өнөөдөр 1200 гаруй ажиллагсадтай, 13 охин компанитай манай улсын томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг болжээ. МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн эхний 50-т сүүлийн жилүүдэд тогтмол шалгарч ирсэн байна.

Монос Группийн удирдлагууд өнгөрсөн 25 жилийн турш хийсэн ажлаа үндсэн гурван хэсэгт ангилан, дүгнэж байна. Үүнд: 1.Эмийн үйлдвэрлэл 2.Эрдэм шинжилгээ, инноваци 3.Эм, эмийн бүтээгдэхүүний үйлчилгээ, худалдаа .

Эмийн үйлдвэрлэлийн хувьд Монгол орны ургамал, орчин үеийн техникийн дэвшлийг хослуулан “Читамон”, “Салимон”, “Хлорфенамин” зэрэг олон эм бүтээсэн бөгөөд бөөр хамгаалах “Нефромон” бэлдмэл нь ОХУ-ын зах зээлд худалдаагдаж эхэлжээ.

Мөн Монголын анхны хувийн  эрдэм шинжилгээний хүрээлэнг үүсгэн байгуулж, ажиллуулж байгаа, Эм Зүйн Шинжлэх Ухааны их сургуулийг байгуулсан,  эмийн сангийн салбарт дэвшил гарган, шинэ стандарт  тогтоон, фарм маркет байгуулсан гээд  Эрүүл мэндийн салбарын түүхэнд тэмдэглэгдэх олон түүхэн дэвшлийг өнгөрсөн 25 жилийн турш Монос Групп хийж чадсан юм.

Ойн баяраа тохиолдуулан 2015 оны Монос Группийн хамт олон 25 жилийн ойгоо угтаж нийгэмдээ хэрэгтэй 25 бүтээлч ажлыг хийхээр төлөвлөн ажиллаад ихэнхийг нь хэрэгжүүлээд байна. Иргэдэд Эрүүл Мэндийн Боловсрол олгох аян, Үндэсний Төв Номын Сангийн ховор судруудыг хадгалж, хамгаалахад туслан, баринтаг урлах, Сонгино Хайрхан уулын хишиг барилдаан, утааны улиралд жирэмсэн эхчүүдийг хүчил төрөгчийн коктейлээр дайлах, донорын цус хандивлах гэх мэт олон ажил хийжээ. Үндэсний Төв Номын Сангийн ховор судруудыг хадгалж, хамгаалахад туслан, баринтаг урлах ажлыг гэхэд л  20 гаруй байгууллага дэмжин, тэдний уриалгад нэгдсэн байна.  Мөн ойгоо угтсан хамгйин ажил буюу бэлэг нь энэ оны эцсээр ашиглалтанд орох олон улсын стандартад нийцсэн GMP эмийн үйлдвэр юм. Одоогийн байдлаар барилга угсралтынх нь ажил бүрэн дуусаж, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил 70 хувьтай явж буй ажээ.

Мөн Монос Группийн хамт олон ойн баярынхаа үеэр олон нийтэд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж бөгөөд энэ сарын 9-нд “Монос Экспо-2015”-ын үеэр нээлтийн арга хэмжээ нь болох юм. 9 сарын 11-ныг дуустал Эм зүйн салбарын олон улсын эрдэм шинжилгээний хурал, харилцагчдын талархлын баяр, баярын хурал, иргэдэд зориулсан үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, сургалт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах бөгөөд иргэдтэйгээ баяраа хуваалцан, идэвхтэй оролцохыг урьж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж