Одоогоос 13 жилийн өмнө Малайзын төрийн өндөр албан тушаалтнуудын орчуулагчаар ажиллаж байгаад хэрцгийгээр хөнөөгдсөн монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн амиа алдсан хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй, үнэн ялахыг хүлээсэн эцэг эх, үр хүүхэд нь амьдын тамд амьдарч байгаа билээ.
Энэ хэрэг явдал 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр болсон. Талийгаач бүсгүйн ар гэрийнхэн хэргийн үнэн мөнийг олохоор энэ олон жил тасралтгүй заргалдаж явна. Одоогоор талийгаачийн гэр бүлийнхэн Малайзын засгийн газраас 100 сая Малайз ринггит нэхэмжилж, тус улсын шүүхэд хандаад байгаа ч иргэний хэрэгт цуглуулсан баримтыг эрүүгийн хэрэгт ашиглах боломжгүй гэсэн шалтгаанаар бүх баримт сэлтийг дахин бүрдүүлэх болж, олон жилийн хичээл зүтгэл, тэмцэл нь мухардалд ороод байгаа аж.
Энэ тухай талийгаачийн аав С.Шаарийбуу охин нь амиа алдсаны 13 жилийн ойн өдөр буюу энэ сарын 19-ний Бямба гариг (2019.10.19)-т Малайзын шүүхээс шударга ёсыг хүсэн “Төгсгөлгүй зовлонгийн тойрог дахь бодит үнэн” хэмээх гарчигтай захидал бичжээ.
Тэрбээр захидалдаа:
"Миний охин Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн аймшигт аравдугаар сарын 19 болж байна. 13 жил өнгөрсөн ч тодорхой үнэнд хүрсэнгүй. Иргэний хэргийн ажиллагаа явагдаж байгаа ч Эрүүгийн хэрэгт авагдсан баримтыг иргэний хэрэгт хэрэглэж болох тухай Английн хуулинд өөрчлөлт орсон ч Малайз улс түүнийг хэрэглэхгүй гэдгээс үүдэн бүх баримтыг дахин бүрдүүлэх шаардлага тавигдаж байна. Үүнд их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах болж байна. Хохирсон дээр нь хохироохоор болж болзошгүй байдлын үнэнийг Малайзын төр засаг, хууль шүүхэд болон шударга хүн төрөлхтөнд хүргэж байна. Энэ тойрог хэзээ дуусах вэ?
Та бүхнийг хүндэтгэсэн Монгол Улсын иргэн С.Шаарийбуу. 2019.10.19" гэжээ.
Эх сурвалж: MALAYSIAKINI.COM