"Охид лайк цуглуулах гэж нүцгэн зургаа тавьдгаас өгөөш болдог"

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

"Охид лайк цуглуулах гэж нүцгэн зургаа тавьдгаас өгөөш болдог"

Цахим орчны хүүхэд хамгаалал форум өчигдөр /2019.10.22/ боллоо. Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран энэхүү форумыг зохион байгуулав. Уг  форумд цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхэд залуусыг хамгаалах хууль эрх зүйн орчин, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ цаашид энэ чиглэлээр төр, хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар хэлэлцлээ. Мөн форумд олон улсын байгууллагын төлөөллүүд ирж, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагын талаар танилцуулсан юм.


МОНГОЛ ХҮҮХДИЙН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ ХӨГЖСӨН ОРНУУДААС ӨНДӨР

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараатай ярилцлаа.

-Цахим орчны хүүхэд хамгаалал форумын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цахим орчны хүүхэд хамгаалал гэхээр бид ихэвчлэн хууль эрх зүй юм уу уламжлалт асуудлыг ярьдаг. Гэтэл цахим орчин бол хил хязгааргүй. Сүүлийн үед цахим орчинд хүүхдүүдийн тоо ихээр нэмэгдэж, залуужиж байна. Ялангуяа багаасаа цахим орчинд байдаг болчхож. Үүний сөрөг тал нь гэмт этгээдүүд зориудаар холбоо тогтоож, дараа нь бэлгийн замаар ашиглах сэдэлтэй байдаг. Тийм учраас технологийн болон мэдээллийн харилцааны салбарын оролцоог онцолж, хүүхэд хамгааллын асуудлыг энэ хурлаар ярилцаж байна.

Тэр дундаа цахимд тавигдаж буй зохисгүй садар самуун агуулгатай материалыг яаж хурдан авах вэ гэдэг асуудлыг ярьж байна. Технологийн шийдэл юу байна бусад орны хэрэгжүүлсэн сайн туршлагыг хэрэгжүүлэх юм. Жишээлбэл, Тайваньд орон нутагтаа дээрх асуудлыг шийдсэн талаарх туршлагыг сонссон.

-“Internet watch foundation” байгууллагад мэдээлэл хүргүүлснээр цахим орчинд хүүхэд хохирогч болохоос сэргийлж чадах уу?

-НҮБ-ын Хүүхдийн сангийн урилгаар Internet watch foundation /IWF/ гэх олон улсын байгууллагыг урьж авчирсан. Энэ байгууллага зөвхөн энэ онд дэлхийн 27 улсад зохисгүй агуулгыг мэдээлэх фортал хийхэд дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр ажилласан. Хэрвээ Монгол Улс ийм форталтай болвол зохисгүй буюу садар самуун буюу pornograph гэж яригддаг хүүхдийн бэлгийн хүчирхийллийг харуулсан материалыг яаж сүлжээнээс авах вэ гэдгийг ярьж байна. Бид IWF байгууллагатай холбогдох шийдлээ бий болгочихвол цаашдаа зардал гарахгүй.

Жишээлбэл, хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртүүлж буй, эсвэл хүүхэд янз бүрийн дүрс бичлэгт өртсөн байвал түүнийг IWF рүү мэдээлнэ. IWF түүнийг Монголын хууль сахиулах байгууллага руу явуулна. Тэгэхээр цахим орчинд хүүхэд хамгаалагдах боломж бий болж байна. Мэдээж үйлчилгээ бий болоод ирэхээр хүмүүс хандаад эхэлдэг. Бид олон улсын түвшинд мэдээллээ хүргүүлдэг байвал тухайн садар самуун агуулгатай материалыг сүлжээнээс авах асуудал цэгцэрнэ.

IWF-ийн дээрх дурдагдсан илтгэлд нэг охин найман жилийн өмнө цахим гэмт хэргийн хохирогч болжээ. Охины бичлэгийг сүлжээнээс нь авсан боловч таван жилийн дараа дахиад гараад ирчихсэн. Тэр хүүхдийн оронд өөрийгөө тавиад үзэхэд сошиал дахь сөрөг бичлэг насан туршид нь үргэлжлэх сөрөг үр дагавартай.

Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сангаас цахим орчныг хамгаалах чиглэлээр мэдээлэл харилцааны технологийн салбарууд, хувийн хэвшлийн байгууллагууд, контент хийж буй байгууллагууд хамтраад яаж үүнийг олон нийтэд хүргэхгүй байх технологийн ямар шийдэл байх вэ гэдэг дээр ажиллаж байна. Ямартай ч мэдээлэл илгээсний дагуу тухайн мэдээллийг авах гарц нь тодорхой болчихлоо.

-Цахим орчинд хүүхдийг гэмт хэргээс сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ. Хүүхдүүд хохирогч болсныхоо дараа цагдаагийн байгууллагад хандах биш урьдчилан сэргийлэх нь чухал байх?

-Үүнийг боловсролын байгууллагаар дамжуулан хийх ёстой. Фэйсбүүк компанийнхан Фаро төвтэй хамтраад цахимд хүүхдээ яаж авч явах вэ гэдэг цогц сургалтын хөтөлбөр танилцуулж байгаа юм билээ.

-Хүүхдүүд өдөрт хэчнээн цагийг цахим орчинд өнгөрүүлдэг талаар судалгаа бий юу. Байнга сошиал хэрэглэх нь хүүхдэд ямар сөрөг нөлөөтэй байдаг бол?

-Монгол хүүхдийн цахим хэрэглээ хөгжсөн орнуудаас өндөр юм билээ. Бид цахим орчинд хүүхдэд учирч буй эрсдэл болон үүрэг хүлээгчдээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг судлаад одоо эцэслэж байна. Тэр судалгаанаас харахад хүүхэд долоо хоногийн 4-5 өдөр интернэт ордог. Нэг орохоороо өдөрт дунджаар дөрвөн цаг байдаг гэсэн үр дүн гарсан.

Өсвөр насны хүүхдүүд онцлогтой. Эрэгтэй хүүхдүүд тоглоом тоглодог бол эмэгтэй хүүхдүүд фэйсбүүк, инстаграмаар лайк цуглуулж зургаа тавьдаг. Тэр нь өсвөр насны охидыг онилох өгөөш нь болдог. Хамгийн аюултай эрсдэл, хүлээн зөвшөөрч болохгүй нь ердийн зүйл шиг болсон тэр хэм хэмжээ. Хүүхдүүд +18 гэж яриад байгаа. Жишээ нь “Нэгж өгье зургаа явуул, мөнгө өгье далд хэсгийнхээ зургаа явуулчих” гэдэг асуудал зөндөө байдаг. Тэрийг хүүхдүүд хэнд ч хэлсэн нэмэргүй гэж боддог. Яагаад гэвэл эцэг эхдээ хэлдэггүй айдаг.

Сүүлийн үед шинээр олон ойлголт гарч ирсэн. Жишээ нь, өмнө нь үерхэж байсан охиныхоо нүцгэн зургийг авчхаад салсан хойноо сүрдүүлэг хийдэг ч юм уу. Секс агуулгатай текст явуулдаг гэх мэтчилэн. Тэр дундаа нэр хаягаа нууцалж найзлах зорилгоор биш, бэлгийн зорилгоор ашиглах сэдэлтэйгээр холбоо тогтоогоод, дараа нь цахим бус орчинд хүчирхийлэлд өртүүлджг. Бид хууль эрхзүйн орчноо сайжруулахгүй бол нэмэргүй.

-Энэ төрлийн гэмт хэргээс хүүхдээ хамгаалахын тулд эцэг эхчүүдэд юуг зөвлөх вэ?

-Хүүхдүүдээс “Эцэг эхчүүд та нарт хяналт тавьдаг уу. Гэрийн дүрэм байгаа юу. Яаж та нарт тусалдаг вэ" гэхээр "Ээж, аав боль гэдэг” гэж хариулсан. Хэчнээн боль гэж байгаа ч эцэг эх өөрсдөө утсаа оролдох юм бол нэмэргүй шүү дээ. Өөрсдөө л үлгэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл системтэй хөтөлбөр шаардагдаж байна. Насанд хүрсэн иргэд цахимыг зохисгүй ашиглаж байна. Бид тийм л иргэдийг бүтээж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж