Ц.Нямдоржийг гудамжинд гаргая!

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийг гудамжинд гаргая!

Ц.Нямдоржийг гудамжинд гаргая!

“Чи удахгүй гудамжинд гарна аа”. Энэ бол УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн О.Баасанхүүтэй ам зөрөхдөө хэлсэн үг. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг байн байн эргэж, шоронд эрхлүүлж байгааг О.Баасанхүү дэлгэсэнд эгдүүцсэн хуулийн сайдын сүрдүүлэг нэг иймэрхүү. Хэн нэгэнтэй хэрэлдэхдээ Ц.Нямдоржийн хэлдэг ганц үг гэхэд болно. Гучин жил төр барилцаж яваа Ц.Нямдоржийн хувьд гудамжинд гарах дургүй. Энгийн иргэн болж, албан тушаалаасаа хагацах нь гудамжинд гарсантай адилхан гутамшиг санагддаг юм байна, түүнд. Гудамж гэдэг нь, мэдээж гутлаа өшиглөөд, архи уухыг хэлээгүй байх.

УИХ-д долоон удаа тасралтгүй сонгогдож, УИХ-ын дарга хүртэл хийж явсан Ц.Нямдорж сайд Төрийн ордны зөөлөн сэнтийд насаараа заларч яваа. Аль ч засгийн үед албан тушаалтай үлддэг авьяастай. Одоо 63 настай, түүний үеийн энгийн өвгөд гурван жилийн өмнө тэтгэвэртээ гарцгаачихсан. Харин Ц.Нямдорж дөрөв дэх удаагаа хуулийн салбарыг толгойлж яваа. Уг нь түүний тэтгэвэрт гарах нас нь ч болсон, албан тушаалаас нь огцруулах цаг нь ч иржээ.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдээс өөрийг ярихаа больсон Ц.Нямдорж Монголын хамгийн шударга хүн болох дуртай. Ийм имижийг ч өнгөрсөн 27 жил бүрдүүлж ирсэн түүний хувьд алба хааж яваа цэргүүд амиа алдах нь алуурчдыг өмгөөлөхөөс чухал биш нь олон олон үйл явдлаас тодорхой болсон.  Он гарсаар, Ц.Нямдоржийн хариуцаж яваа салбарт ямар хэргүүд гарсныг эхлээд тоймлон хүргэе.

-2019 оны нэгдүгээр сарын 30. Увс аймгийн Баруунтуруун сумын хилийн цэргийн ангид алба хааж байсан цэрэг осгож нас барсан.

-2019 оны тавдугаар сарын 24. ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгч  амиа алдсан

-2019 оны тавдугаар сарын 26. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын хилийн цэргийн 0168 дугаар ангид алба хааж байсан байлдагч учир битүүлгээр нас барсан.

-2019 оны зургадугаар сарын 30. Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн ангийн албан хаагч Б амиа хорлосон.

-2019 оны аравдугаар сарын 19. ДХИС-ийн багш, ажилчид осолдож, долоон хүн зуурдаар нас нөхцсөн.

Жагсаагаад харвал аравхан сарын дотор Ц.Нямдорж сайдын удирдаж яваа салбарт 10 гаруй хүн учир битүүлгээр амиа алджээ. Харамсалтай нь, хариуцсан салбарынх нь алба хаагчид амь насаа алдсан нь хамгийн шударга сайд Ц.Нямдоржид хамаагүй. Хариуцлага хүлээх бүү хэл, иргэний хувиар эмгэнэл ч илэрхийлэхгүй өнгөрдөг. Ийм нэг шударга сайдын үед “Үнэн ганцаардаж, шударга ёс өнчирч байгаа" гэх өөрийнх нь үгийг эргээд сануулахад буруудахгүй биз. Хэрэвзээ, Ц.Нямдорж хэлж, ярьдаг шигээ шударга хүн мөн бол тэр хэдийнээ албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчихсөн байх байв. Гэвч Ц.Нямдорж шударга биш "шодоргос" л хүн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд хоёрхон хэрэг дээр анхаарч, ажилладаг. “Эрдэнэт”-ийн 49 хувийнхныг шийтгэх, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг өмгөөлөх. Нэг хэрэг дээр нь прокурор, нөгөө хэрэг дээр нь өмгөөлөгч. “Эрдэнэт”-ийн 49 хувийг дээрэмдэх шалтгаан нь Ш.Батхүүг өргүй, ялгүй үлдээх сонирхол нуугдаж байсан нь одоо ойлгомжтой болсон. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар Ш.Батхүүг авч үлдэж байгаа нь Г.Алтан хатагтайг гэм зэмгүй үлдээх Ц.Нямдоржийн арга заль байжээ.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэж бичлэг дэлгэж, “өмгөөлөл үзүүлж” буйн цаана захиалагчийг олохоос илүү хэргийг задлах захиалга авсан нь тэнэг хүнд ч тодорхой болсон.

Хуулийн салбарыг гууль болгож, хүүдээ 2.5 тэрбумын шахаа авч өгснөө бахархан ярьдаг хуулийн сайд Ц.Нямдоржийг одоо гудамжинд гаргая. Тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг сайдаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, "давхар дээлээ" тайлах үед "Чамайг Монголын төрөөс зайлж байгаад баяр хүргэе" гэж байв. Энэ үгийг түүнд хэлмээр байгаа хүн Монголын гудамжинд цөөнгүй бий бизээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
80
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж