Монгол Улсын Морин хуурын чуулгын "The beginning of fall" тоглолт аравдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны концертын танхимд 19.00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тоглолтыг морин хуурч, удирдаач, МУСТА Д.Түвшинсайхан удирдах бөгөөд тус чуулгын үе, үеийн сор болсон шилдэг бүтээлүүдийг дахин тайзнаа амилуулж, хоёр өдрийн турш эгшиглүүлнэ.
Морин хуурын чуулгын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Цэцээ-Гүн" Ротаракт клубын "Хүн бүр сурах эрхтэй" тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжин, тоглолтын бүх орлогоо оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болжээ. Тус чуулга нь энэхүү хандивын тоглолтоо тав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.
Боловсролыг дэмжигч “Цэцээ Гүн” нийгэмд үйлчлэх Ротаракт клуб нь 2013 оноос эхлэн “Хүн Бүр Сурах Эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар нийт 37 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлгийг гардуулаад байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрт сурлагын амжилт болон хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлагч оюутнуудыг хамруулах зорилготой бөгөөд хүн бүрт сурах боломжийг бий болгож байгаагаараа онцлогтой.
Тасалбарын үнэ ердөө 25 мянган төгрөг юм байна. Үзэгч та бүхэн морин хуурынхаа аялгуу сайхан эгшгээр сонороо мялаахын хамтаар улсынхаа ирээдүй хойч үеийн боловсролд хөрөнгө оруулаарай.
А.АНИР
Холбоотой мэдээ