ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар Оросын өмнөд нутгийн Сочи хотод мягмар гаригт /2019.10.22/ уулзаж, Сирийн найман жилийн иргэний дайныг төгсгөх хэлэлцээрийг хийсэн байна. Уг уулзалтын үр дүнд хоёр удирдагч харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, Сирийн асуудалд АНУ оролцох орон зай үгүй боллоо гэж томоохон хэвлэлүүд мэдээлжээ.
ПУТИН, ЭРДОГАН НАР ЮУ ТОХИРОВ?
Орос, Турк хоёр Туркийн хувьд хамгийн их анхаарал татсан асуудал болох Туркийн хил орчимд байрлах Америкийн дэмжлэгтэй Курдын YPG хүчнийхний асуудлаар өргөн цар хүрээтэй тохиролцоонд хүрсэн талаар мэдэгдсэн. Уг хэлэлцээрийн дагуу Оросын зэвсэгт хүчнийхэн болон Сирийн хил хамгаалагчид өнөөдөр /2019.10.23/ үдээс хойш Сири Туркийн хил рүү нэвтрэх юм. Үүний дараа тэд 150 цагийн турш хилийн дагуух YPG хүчнийхнийг хяналтдаа авч тэдний зэр зэвсгийг хураана гэжээ. Ингээд ирэх долоо хоногийн мягмар гаригаас Орос, Туркийн хамтарсан баг хилийн шугамын дагуу 32 км зайнд эргүүл хийж эхлэх юм байна.
Гэхдээ дээрх ажиллагаанд хилийн дагуух бүх газар нутгийг хамруулахгүй. Тухайлбал, Камишли хотыг эргүүлийн бүсэд оруулахгүй бөгөөд уг гэрээнд Турк-Сирийн хилийн нийт талбайд ажиллагаа явуулах уу эсвэл зөвхөн Сирийн курдууд хяналтаа тогтоосон газруудыг хамруулах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Мөн дээрх хэлэлцээрт Турк улс Сирийн хойд хэсэгт саяхан нэвтрэн орсон газар нутгуудыг өөрийн хяналтдаа байлгахаар заажээ.
КУРДУУДЫН ХУВЬД?
Курдууд буулт хийх шаардлагатай болно. Энэхүү хэлэлцээрт зааснаас мөргөлдөөн болж буй газраас гадуур байгаа буюу Манбиж, Тал Рифаат хотуудад байгаа YPG буюу Америкийн дэмжлэгтэй хүчнүүд буулт хийх шаардлагатай болох юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргүүдээ Сириэс гаргах гэнэтийн шийдвэр гаргасан нь тус бүс дэх курдуудыг хөсөр хаясантай ялгаагүй юм гэж шинжээчид дүгнэжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цөөн тооны цэргээ Сирид үлдээж байгааг зарласан байна.
Гэхдээ үлдэж байгаа цэрэг нь Курдуудыг хамгаалахын тулд биш, харин энэ бүс нутаг дахь газрын тосны ордуудыг террористуудаас хамгаалах зорилготой гэж тайлбарласан юм.
Ингээд курдууд Туркийн мэдэлд ирж, Турк ОХУ хоёр хэлэлцээр хийснээр курдуудын хувь заяа ерөнхийдөө Оросуудын гарт ирэх юм. Одоо Москва Сирид илүү их цэрэг, техник байрлуулах шаардлагатай болно.
ХЭН ЯЛЖ, ХЭН ХОЖИГДОХ ВЭ?
Энэ үйл явдлаар Путин, Эрдоган нар тус бүс нутгийн геополитикийн гол тоглогчид гэдгээ харууллаа. Турк болон ОХУ Сирийн иргэний дайнд сөргөлдөгч талуудыг дэмжиж байсан байж болзошгүй юм. Москва Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжин агаарын хүчээр хангаж байхад Турк дэглэмийг огцруулахыг хүсч буй босогчдын бүлгүүдийг дэмжих гэх мэтээр.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Орос, Турк хоёр Сирийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар тохиролцсон” гэж мэдэгджээ. Ийнхүү Сирийн курдууд маш их эрсдэлтэй байдалд ороод байгаа ба одоо Турк-Оросын хамтарсан хэлэлцээр бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжихийг харах л үлдлээ.
Энэхүү хэлэлцээрийн хамгийн том геополитикийн ялагдагч бол АНУ юм. АНУ Сириэс цэргүүдээ гаргаж, Курдуудыг орхисон нь Путины хувьд маш сайхан завшаан болж байгаа юм. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мягмар гаригт /2019.10.22/ хийсэн мэдэгдэлдээ “Америкчууд Сириэс гарах цаг болсон. Тэдэнд одоо ердөө хоёрхон цаг үлдээд байна. Москвагийн цагаар оройн 10.00 цаг гэсэн үг” хэмээн хэлсэн нь Америкчуудын хувьд бараг л доромжлол байв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ