Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг болон түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсч, нас нь залуужиж, улмаар насанд хүрээгүй хүүхдүүд холбогдох явдал нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас тогтмол сэрэмжлүүлж, анхааруулж буй. Тодруулбал, хар тамхины дамжуулагч гэгддэг байсан Монгол орон арван жилийн дотор "хэрэглэгч" улс болтлоо ахисан нь хар тамхи хэрэглэгч хүмүүсийн тоо өссөнийг гэрчилж байгаа хэрэг.
Хамгийн гол нь эх орны ирээдүй болсон өсвөр үеийнхэн хар тамхины хэрэглэгч болсон гэх тоо баримт, судалгаа нэмэгдэж байгаа нь эмзэглэмээр. Тухайлбал, 2019 оны эхний найман сарын байдлаар, улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 169 гэмт хэрэг бүртгэгдэж, 294 холбогдогчийг шалгажээ. Нийт холбогдогчдын 49 хувийг 19-25, 43 хувийг 26-35, долоон хувийг 46-55 насныхан эзэлж байна.
Сүүлийн жилүүдэд манай улсын урлаг соёлын “одод” хар тамхины хэрэгт холбогдох нь эрс нэмэгдэв. Эрхэлж буй албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь, олны танил байдлыг бодсон ч эдгээр хүмүүсийг санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, бас ч гэж тав, гурван “цаас” цаашаа хийсэн болов уу хэмээн дүгнэдэг. Урлаг соёлын эрхмүүдээс хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, зөөсөн гэх хэрэгт ял шийтгүүлсэн хүн олон бий.
Энэ дундаас “Харанга”-ын Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож 10 жилийн ял сонссон нь ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан. Үүнээс гадна “Ice top” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар, Д.Манлайбаатар нар, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Don Dior гэх зэргээр хар тамхины хэрэгт холбогдсон урлаг соёлынхны цуваа хөвөрнө. Эдгээрээс тэнсэн харгалзах ял авсан нь дуучин Х.Бат-Ундрал, “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр, реппер Don Dior нар юм.
Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 21-ний орой 20.00 цагт “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баримтжуулан баривчилсан байна. Түүнийг нэр бүхий хоёр этгээдийн хамтаар саатуулсан бөгөөд биеэс нь метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авчээ. Яг одоо түүнийг Хар тамхитай тэмцэх газарт саатуулан шалгаж байгаа ба биологийн тестээр хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа аж.
Мөн дуучин Б.Амархүүг өнгөрсөн есдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлэн баривчилсан. Улмаар Хан-Уул дүүргийн шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан юм. Дээрх хэрэгтэй холбогдуулан прокурорын байгууллагаас дуучин Б.Амархүүд Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйл 20.7.1 -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 14.00 цагт хийхээр товлосон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Харин ял аваагүй, хар тамхины хэрэгт холбогдож байсан алдартнууд гэвэл “Making the band 2” реалити шоунаас төрсөн охидын “Extacy” хамтлагийн гишүүн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “А-Сареllа” зэрэг тухайн үедээ “од” болж байсан хамтлагууд хар тамхитай холбогдож байсан нь хэвлэлийн хуудаснаа тод үлджээ. Энэ бол олон нийтэд ил болсон хэргүүдийн нэгээхэн хэсэг. Үүний цаана ил болсон, болоогүй хэчнээн тохиолдол байгааг хэн ч таашгүй юм. Тиймээс нийгэмд, хүүхэд залууст сөрөг муу үлгэр дуурайл үзүүлж, хар тамхитай холбогдсон урлагийнханд хариуцлага тооцдог байх ёстой.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ