“Ходоодны дуранг дахин ариутган хэрэглэсэн ч халдвар тараадаг.., дэлхий дахинд дурангийн оношилгоо, эмчилгээнээс татгалзаж эхэлсэн байтал Монголд дурангаар оношилж, эмчилж байна” гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна. Энэ мэдээлэл ходоодны хавдрын нас баралтаар тэргүүлж, мөн төрлийн өвчлөлөөр хоёрт жагсдаг орны иргэдэд тун хүнд тусах нь ойлгомжтой. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол хавдраас урьдчилан сэргийлж, хэрэндээ л өөртөө анхаарч оношилгоонд орсон биш элдэв бактер, нян тээгээд буцдаг болж таарч байгаа юм. Энэ асуудал бодит эсэхийг сурвалжлахаар Хавдар судлалын үндэсний төвийг зорилоо.
ДУРАНГААР ХАЛДВАР ДАМЖИНА ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА
Тус төвд 14.00 цагийн үед очиход дурангийн тасаг дараалал ихтэй байв. Ходоодоо дурандуулаад гарч ирж буй Ш.Доосмоогоос ходоод дурандуулахад ямар асуудал гарч байгаа талаар лавласан юм. Тэрбээр “Би Архангай аймгийн Батцэнгэл сумаас ирж үзүүлж байна. Сумын эмч нар хотод очиж үзүүл гэсэн юм. Ходоодоо дурандуултал улаан хоолой, ходоод шархгүй гэж байна. Үүнээс өмнө 2015 онд Нэгдүгээр эмнэлэгт ходоодоо дурандуулсан. Тэр үед огиод хүнд байсан бол энэ удаад зовиур багатай байлаа. Ходоодны дурангаар дамжин ямар нэгэн бактер, вирус халдварлана гэж бодохгүй байна. Эрүүл мэндийн байгууллагынхан аппаратаа яаж ариутгаж, халдваргүйжүүлэхээ мэдэж байгаа шүү дээ” гэсэн юм.
15 МИНУТ ТУСГАЙ АВТОМАТ МАШИНААР АРИУТГАДАГ
Бохирдсон дуранг хэрхэн ариутгаж байгаатай танилцлаа. Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн сайдын 187.10 тушаалд заасны дагуу бүх ариутгалыг явуулдаг гэж тус төвийн Дурангийн тасгийн сувилагч Д.Нямхүү онцолсон юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Уушги, гэдэс, ходоодны бохирдсон дуранг эхлээд усаар угааж цэвэрлээд, дараа нь тус бүрээр нь автомат машинд хийж 15 минут ариутгадаг. Ингэхдээ тусгай ариутгалын шингэн ашигладаг. Автомашинаас ариутгагдаад гарч ирэнгүүт нь тусгай хийгээр үлээлгэж хатаадаг. Дараа нь дуран хадгалах саванд хийдэг юм. Эндээс эмч авч ашиглана” гэлээ. Мөн өглөө 08.30-17.00 цаг хүртэл ажилладаг бөгөөд байнга ариутгалын бодистой ажилладаг болохоор хоолой хорсож, уруул хуурайшдаг хэмээн учирлаж байсан юм. Өдөрт 50 орчим хүн ходоодоо дурандуулдаг байна. Мөн ариутгалаа сайн хийж байгаа эсэхийг халдваргүйтгэлийн алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар бүр шинжилгээ авч, шалгадаг юм байна.
ДУРАНГААР ХЕЛИКОБАКТЕР, ЭЛЭГНИЙ ВИРУС ДАМЖИХ МАГАДЛАЛТАЙ Ч АРИУТГАСАН ТОХИОЛДОЛД ЭРСДЭЛГҮЙ
ХСҮТ-ийн Дурангийн тасгийн эрхлэгч Ж.Оюунчимэгтэй цөөн хором ярилцлаа.
–Дахин ариутгасан ч ходоодны дурангаар дамжин хеликобактераас эхлээд ямар нэгэн халдвар тархах магадлалтай юу?
-Ходоодны салстад байрлаж буй хеликобактер нь ходоодны шархлаа, зарим тохиолдолд даамжирч ходоодны хорт хавдар үүсгэдэг. Энэ бактер зөвхөн ходоодны дурангаар дахин халдварладаггүй. Аяга, тавгаар, үнсэлтээр, шүлсээр, ахуйн халдвараар дамжин халдварладаг.
-Иргэд бактер, вирус дамжих тохиолдлыг сайн мэднэ. Харин ариутгасан ходоодны дуран бактер, вирус дамжуулдаг уу гэдэг дээр та тодорхой хариулт өгөхгүй юу?
-Ходоодны дурангаар дамжин хеликобактер болон элэгний С, В вирус халдварлах магадлалтай. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд дурангийн ариутгал гэдэг зүйл маш чухал. Ходоодны дуранг халдваргүйжүүлсэн, ариутгасан тохиолдолд бактер, вирус дамжих ямар ч эрсдэлгүй. Манай эмнэлэг дуран, дурангийн дагалдах хэрэгслийн ариутгалыг Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу гүйцэтгэдэг. Хэрхэн халдваргүйжүүлснийг Нийслэлийн мэргэжлийн хяналтаас шалгадаг.
-Дэлхий дахин дурангийн оношилгоо, эмчилгээнээс татгалзах болсон, Монголд хоцрогдсон зүйл ашиглаад байна гэж зарим хэвлэлээр бичиж байна. Үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөхгүй юу?
-Дэлхий нийтээр улаан хоолой, ходоод, бүдүүн, шулуун гэдэс, уушги зэрэг хөндийтэй эрхтнийг оношлоход, тэр дундаа хавдрыг нь эрт илрүүлэхэд заавал дурангийн шинжилгээ ашиглаж байна. Дурангийн шинжилгээг үгүйсгэж огт болохгүй. Эрт болон хожуу үеийн оношилгоог дурангийн аппаратаар л шийдэж байна. Дуран нь оношилгооноос гадна эмчилгээний чухал аппарат болсон. Гэтэл сошиалд дэлхий нийтээр дурангийн шинжилгээнээс татгалзаж байгаа гэсэн утгатай мэдээлэл байхыг би харсан. Үүнд Дурангийн нийгэмлэг болон мэргэжлийн хүмүүс удахгүй албан ёсны няцаалт өгөх байх. Ард иргэдэд анхааруулахад, худал мэдээлэлд автах хэрэггүй гэдгийг зөвлөе. Дурангийн тусламжтайгаар хавдартай ходоодыг тайралгүй эмчилж байна, эрт үед нь оношилбол бүрэн эдгээж байна. Ходоод оношлох, эмчлэхэд дэлхий нийтээр нэгэн ижил дуран ашиглаж байна. Манайх ч олон улсын стандартад нийцсэн дуран ашиглан, монголчуудын ходоодыг оношилж, эмчилж байна.
Би саяхан дурангийн мэс заслын ахисан түвшний олон улсын сургалтад оролцсон юм. Хурал дээр ходоодны дурангийн хагалгааг роботоор хийдэг болох талаар япон эрдэмтэд тайлбарлаж байна. Энэ туршилтыг тэд 2022 оноос нэвтрүүлнэ гэсэн. Ингэснээр цаг маш их хэмнэх юм. Дэлхий нийтээрээ дуранг хүлээн зөвшөөрч, илүү боловсронгуй болгохоор ажиллаж байхад бид түүнийг нь үгүйсгээд байж болохгүй.
-Дуранг залгихаас төвөгшөөж, дурангийн оношилгоонд орохоос цааргалдаг хүмүүс бий. Тийм хүмүүст юу гэж зөвлөх вэ?
-Сэтгэлзүйн бэлтгэлгүй, айдастай байгаагаас ийм асуудал үүсдэг. Би ийм хүмүүсийг нэгэн туршилт хийхийг зөвлөдөг. Тэр нь, талх, боорцгийг зажлаад, залгихаасаа өмнө гаргаж харах юм. Бидний залгиж байгаа зүйлс дурангийн 0.8 мм-ээс харьцангуй том байдаг. Гэтэл тийм зүйлийг төвөггүй залгидаг. Тиймээс сэтгэлзүйн бэлтгэлтэй байж ходоодоо дурандуулах хэрэгтэй. Ходоодны дуран аль ч талаараа аюулгүй. Хүнд гэмтэл учруулахгүй.
Мөн ходоодны дурангаас татгалзах нэгэн арга бий. Тэр нь капсулын арга. Энэ нь сайн болон сул талтай. Залгисан капсул улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдсээр дамжин гадагшилна. Энэ шат дамжлагаар олон цаг явахдаа зураг хэлбэрээр мэдээлэл ирүүлэх юм. Харин тодорхой нэг цэгт өөрчлөлт илэрвэл заавал ходоодны дуранг ашиглан шинжилгээ хийж, эмчилдэг.
Холбоотой мэдээ