2019 оны эхний есөн сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Орост шатахууны борлуулалт бага зэрэг буюу нэг хувиар буурсан байна хэмээн судалгааны "Петромаркет" байгууллага болон "Аналитика товарных рынков" агентлаг мэдээллээ.
Шатахууны борлуулалт буурсан нь шатахууны үнэ өндөр байгаад биш, харин оросуудын худалдан авах чадвар буурсантай холбоотой хэмээн уг хоёр байгууллага дүгнэсэн байна. Автомашин оросуудын хувьд тансаг үнэтэй барааны нэг болсон, мөн автомашинтай холбоотой үйлчилгээ, засварын өртөг өндөр байгаатай холбоотой гэжээ.
Хувьдаа машинтай хүмүүс шатахуунаас татгалзаж, хийгээр ажилладаг машин сонгох нь нэмэгдэж байгаагаас гадна машинаас татгалзаж, нийтийн тээвэр, таксиг илүүтэй сонгох болжээ.
Гэвч ОХУ-ын Эрчим хүчний яам шатахууны нийлүүлэлт, борлуулалт тогтвортой байгаа хэмээн мэдээлж байгаа юм. Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг тандах төвийн судалгаанд оролцогчдын бараг тал хувь буюу 47 хувь нь өндөр үнэтэй учраас машин хэрэглэхээс татгалздаг гэсэн байна. Үүнээс гадна машинтай холбоотой үйлчилгээ, засварын өртөг болон татвар өндөр гэж 16 хувь нь, машинтай байхад орлого хүрэхгүй гэж 15 хувь нь, замын түгжрэл их учраас машин хэрэглэдэггүй гэж 14 хувь нь хариулжээ.