УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2019.10.22/ хуралдлаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. Тэрбээр, УИХ-аас 1996 онд Шинжлэх ухааны академийн үйл ажиллагааг байгуулж, хууль эрх зүйг нь баталсан. Энэхүү хуульд цаг үеийн шаардлага, хэрэгцээгээр хууль эрх зүйг нь өөрчлөх, шинэчлэх шаардлага гарсан. Тиймээс хуулийн төслийг өргөн барьсан гэдгийг танилцууллаа. Тус хууль нь гурван бүлэг, 10 зүйл, 52 хэсэг, 62 заалттай.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Хоёр жилийн өмнө байнгын хороон дээр шинжлэх ухааны салбарын хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж ажиллаж байсан бөгөөд энэ хүрээнд төслийг боловсруулж оруулж ирсэн байна. Шинжлэх ухааны академи өөрсдөө бас хууль санаачилж байсан. Түүнийг энэ гишүүдийн санаачилсан төсөлтэй хамтатгаж байна уу эсвэл тусдаа байгаа” гэсэн асуултад “Гишүүдийн санаачилсан хуулийн төсөл, академиас санаачилсан төсөл хоёрыг нэгтгэн өргөн барьсан” гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өглөө.
УИХ-ын гишүүн Г.МӨНХЦЭЦЭГ:
-Хуулийн төсөлтэй холбоотойгоор Шинжлэх ухааны академид Монголд үйл ажиллагаа явуулж байгаа музейн асуудлыг хариуцуулахаар болсон байна. Энэ нь өөрөө дэвшил байх уу. Яагаад энэ санаачлагыг гаргасан юм бэ.
АЖЛЫН ХЭСЭГ:
-Музейнууд бүгдээрээ биш. Палентлоги, архелоги, угсаатны зүйн чиглэлийн музейн эрдэм шинжилгээний ажиллагааг л оруулж байгаа. Түүнээс музейг бүхлээр нь оруулж байгаа зүйл байхгүй.
Ингээд санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжсэн учраас чуулганы хуралдаанд шилжүүллээ.
Үүний дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хороо хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраа ахалж байгаа бөгөөд дүгнэлтээ танилцууллаа.
УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:
-Хоёр сангийн үйл ажиллагааг зэрэг сонсч, дүгнэлт гаргахад хэцүү. Нийгмийн даатгалын сан дотор гэхэд тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол мэргэжил, ажилгүйдлийн гэсэн сантай, хоёр их наяд төгрөг эргэлддэг салбар. Энэ бол даатгуулагчдын мөнгө, төрийн мөнгө биш. Бид жил бүр энэ сангуудын тайланг сонсдог ч бодлогын чанартай зүйл орж ирэхгүй, аль банкинд илүү мөнгө төлсөн, аль банкинд бага хүүтэй өгсөн гэсэн хэрүүл л яригддаг. Би долоон жил сонслоо. Энэ мөнгийг үр ашигтай зарцуулах, эргэлтэд оруулах, үржүүлэх чиглэлээр хийж байгаа бодлого байна уу. Эрүүл мэндийн даатгалд 2,8 сая хүн хамрагддаг, жил бүр 400 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж байна. Эрүүл мэнд, Нийгмийн даатгал арилжааны банкны хүүгээр хөөцөлддөг байгууллага биш. Бие даалгасан гол асуудал нь санхүүгийн эрсдэлээс хамгаалах, ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах зөв менежмент явуулдаг байгууллага. Энэ сангуудын бие даасан байгууллага болгох хэрэгтэй. Төсвийн мөнгө, төрийн мөнгө бараг л байхгүй, даатгуулагчдын л мөнгө. Бид иргэний онцлог, эрүүл мэндэд нь зориулсан шинэ үйлчилгээ гаргаж, бий болгох ёстой. Бие даасан, өөр менежментээр ажиллах, бодлогын өөр арга хэрэглэх цаг болсон шүү.
Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ:
-Ер нь бид сангийн хөрөнгийг зөв зохистой зарцуулах талаар ажиллаж байна. 2017 оны сүүлчээр эрүүл мэнд, нийгмийн сангуудыг бие даасан байгууллага болгоход 167 тэрбум төгрөг байсан. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд 400 орчим тэрбум болсон. 2018 оны төсвөөр хүүгийн орлогоос 39,3 тэрбум төгрөг биелүүлэх даалгавар өгснийг 8,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, давуулж биелүүлсэн. Энэ бол сангийн хөрөнгийг зөв зохистой зарцуулах, бодлоготой ажиллаж чадсаны үр. Цаашид хуулийг боловсронгуй болгох, улирал бүр албан бичгээр чөлөөт үлдэгдлийн тайланг байнгын хороонд хүргүүлэх, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг олон нийтэд зөв ойлгуулах чиглэлээр арга хэмжээ авах зэрэг ажлын хэсгийн дүгнэлттэй би санал нэгдэж байгаа. Сошиал орчинд төргүй, даатгалгүй юм шиг, өвдсөн хүмүүс ард иргэдээсээ дэмжлэг хүсээд байгаа зүйл байна. Улсын төсөвт жилдээ гадаадад эмчлүүлэх зардалд 500 сая төгрөг төсөвлөдөг. Хамгийн ихдээ 5 сая төгрөг олгодог. Хэрэв бид эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдэлийн сангийн төсвийг нэмэгдүүлж чадвал гадаадад байгаа иргэдийн санхүүгийн зардлаас нь төр даах боломж бүрдэнэ. Бид жилд эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн 10 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж чадвал гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүмүүст дэмжлэг үзүүлэх боломж бий. Тиймээс гадаадад эмчлүүлж байгаа иргэдэд санхүүгийн боломжид нь том тус хүргэх боломжтой.
Нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ:
-Одоогийн байгаа нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг бэхжүүлэх гурван боломж бий. Засгийн газрын бонд худалдаж авах, Монголбанкны үнэт цаас худалдаж авах, арилжааны банкинд байршуулах гэсэн боломж бий. Бид одоо Монголбанкны үнэт цаас худалдаж авах боломжгүй юм билээ. Учир нь Монголбанкны дотоод журамд үнэт цаасыг зөвхөн арилжааны банк худалдаж авдаг юм билээ. Тиймээс Монголбанкны удирдлагатай ярьж байгаад журамд нь өөрчлөлт оруулж, энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Цаашид Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгийг зөвхөн арилжааны банкинд байршуулах биш сангийн хөрөнгийг арвижуулах, менежментийг нь илүү боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн М.БИЛЭГТ:
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хоёр жилийн өмнө байгуулагдсан. Энэ зөвлөл дээр даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах орох тоо байхгүй. Эрүүл мэндийн даатгуулагчийн эрхийг хамгаалах төлөөллийг оруулах ёстой. Мөн мэс заслын эмч нар, сувилагч нар хэдэн арван цагаар хүний амь насыг аврахын тулд зогсоогоор ажилладаг. Мэс заслын эмч, сувилагч нарын цалинг арай илүү байлгах чиглэлээр ажиллах шаардлагатай байна. Түүнээс гадна өрхийн эмнэлэг буюу анхан шатны эмнэлгүүдэд оношлогоо хийлгэхэд дутмаг байгаа учраас өндөр мэргэжлийн, чавартай эмч нарыг өрхийн эмнэлэгт ажиллуулах хөшүүрэг хийх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Д.ОЮУНХОРОЛ:
-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангууд эрсдэлд орохгүй байх, реформын өөрчлөлт хийж чадсан учраас тайлангуудыг хэлэлцэхэд дөхөж байлаа. Шинэчлэгдэж хийгдсэн олон асуудал байсан. Энэ сангийн үйл ажиллагааг хэвийн явуулах, эрсдэлд оруулахгүй байх, арилжааны банкинд байршуулж мөнгөө алдсан гашуун туршлага ч бий. Тиймээс энэ мэт эрсдэлүүдийг засч, сангийн үлдэгдэл хөрөнгө нэмэгдсэн, цаашид илүү боловсронгуй болгох чиглэлээр тогтоол гаргах байх.
Ш.ЧИМЭГ