Хууль бусаар алт олборлогчид дийлдэхээ байжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.02-нд нийтлэгдсэн

Хууль бусаар алт олборлогчид дийлдэхээ байжээ

Увс аймгийн Тариалан сумын нутаг, Гэдэг хэмээх газарт энэ оны зургадугаар сарын сүүлчээс эхлэн бичил уурхай эрхлэгчид, нөхөрлөлүүд голын гольдрол өөрчилж, алт олборлож эхэлжээ. Тухайн үед нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоож, техник хэрэгслийг нь лацдан, акт тогтоосон байна. Шалгалтын явцад алт олборлогчид Тариалан сумтай гэрээ байгуулж зөвшөөрөл авсан гэж байсан хэдий ч уг гэрээн дээр ашигт малтмал олборлох газрыг зааж өгөөгүй байжээ.

Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагыг Тариалан сумын Засаг дарга С.Цолмонд хүргүүлсэн байна. Ашигт малтмалын газраас Тариалан суманд бичил уурхайн зориулалтаар ашиглагдах 35,1 га газрын дүгнэлт ирсэн хэдий ч алт олборлож буй тус газар үүнд багтаагүй аж. Алт олборлогчид лацыг хөндөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тул Мэргэжлийн хяналтын газраас хууль бус алт олборлогчдын хөндсөн газрын хэмжээ, хохирлыг тодорхойлох, албадан нүүлгэх арга хэмжээ авахуулахаар холбогдох газруудад ханджээ.

Энэ дагуу өнгөрсөн долдугаар сарын 17-нд аймгийн Засаг дарга захирамж гарган Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, алт олборлогчдыг шалгаж, хууль бус үйлдлийг таслан зогсоосон аж. Гэвч хууль бусаар алт олборлогчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Улсын байцаагчын лацыг хөндсөн, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан нөхөрлөл, иргэдийг албадан нүүлгүүлэх тухай албан тоотыг наймдугаар сарын 11-нд гаргаж, аймгийн Цагдаагийн газарт хүргүүлээд байгаа аж.

Сумын Засаг дарга, орон нутгийн Цагдаагийн газар уг асуудалд төдийлөн анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас хууль зөрчиж буй уг үйлдэл үргэлжилсэн хэвээр байна гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас онцолж байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж