Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Торуг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Торуг хүлээн авч уулзлаа

Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Торуг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Япон улсын Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тору тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Мияконожо хотын Бодлого зохицуулалтын газрын дарга Ёшинага Тошихиро, Мияконожо хотын Олон улсын сурталчилгааны албаны дарга Моришигэ Тацүми нар байлцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хот Япон улсын хотуудаас хамгийн анх Мияконожо хоттой 1999 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш өдгөө 20 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад талархалтай байдаг. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөрийг 2014 оноос амжилттай зохион байгуулж ирсэн. Манай сурагчдыг халуун дотноор хүлээн авч Япон улсын түүх соёл, уламжлалтай танилцах боломж олгосонд баяртай байна. Энэ жил танай хотын сурагчдыг Улаанбаатар хотноо хүлээн авч, Монголын түүх соёл, уламжлалыг танилцуулсан. Хоёр хотын оюутан солилцооны хөтөлбөр үр дүнгээ өгч байна гэж хардаг. Цаашид соёл, хүмүүнлэг, боловсрол гээд олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлье” хэмээлээ.

Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тору “Мияконожо хот соёл, боловсрол, спортын салбарт танай хоттой цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байна. Өнгөрсөн хугацаанд сурагч солилцоо болон чөлөөт бөхийн спортоор туршлага солилцсон. Мөн өөр олон салбарт ч гэсэн харилцан туршлага солилцож, хамтарч ажиллах боломж манай хоёр хотод бий гэж харж байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд хоёр хотын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид болон ХАА салбарын аж ахуйн нэгжүүдийг хооронд нь холбож өгөх замаар бүх салбарын үйл ажиллагааг өргөжүүлэхэд талууд хамтарч ажиллахаар санал солилцсон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж