Ш.Энхтөр: Угаарын хийнд уушги, бөөр, элэг, тархи гэмтдэг

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Ш.Энхтөр: Угаарын хийнд уушги, бөөр, элэг, тархи гэмтдэг

Ш.Энхтөр: Угаарын хийнд уушги, бөөр, элэг, тархи гэмтдэг

Энэ аравдугаар сар гарсаар Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан түлшний угаарын хийнд хордсон 549 иргэн, үүнээс 220 нь хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Харин үүнээс найман иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Угаарт хордсон насанд хүрсэн иргэд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлдэг бол хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д эмчилж буй юм. 

Угаарын хийнд иргэд хордсон мэдээг өдөр бүр Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байгаа ч албаныхан "Түлш хоргүй, иргэд галлагаандаа анхаарч сайжруулсан түлшийг зөв хэрэглэх ёстой" гэсэн зөвлөмжийг өгсөөр буй.

Хамгийн ноцтой нь угаартсан тохиолдолд хүний эрхтэн систем бүхэлдээ шахам гэмтдэг байна. Гэтэл хордсон хүмүүс Эрүүл мэндийн даатгалаараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй, өөрсдөө төлбөр төлж эмчлүүлж байгаа юм. Бид энэ асуудлыг Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас тодруулах гэсэн боловч тусыг эс олов.

Тэдний зүгээс  “Хордлогын үндэсний төв Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага биш. Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн шийдвэрийн дагуу ажилладаг” гэлээ. Харин Хордлогын төвийн эмч нар Батлан хамгаалах яамны зөвшөөрөлгүй яриа өгөхгүй гэв. Сайжруулсан шахмал түлшинд хордож амиа алдсан хэрэг аравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө анх гарсан. Түүнээс хойш 14 хоног өнгөрч байгаа ч эрх баригчид шахмал түлшинд угаартсан иргэд, амиа алдсан иргэдийн тоог гаргаж, олон нийтэд мэдээлснээс өөр дорвитой арга хэмжээ авч чадалгүй өнөөдрийг хүргээд буй юм. Хэвлэлүүд угаарт хордсон иргэдийнхээ эмчилгээг төр даадаг болъё гэх саналыг ч дэвшүүлээд байна. 

ЭХЭМҮТ ТОМУУ ТОМУУ, ТӨСТ ӨВЧНИЙГ БУС  ЗӨВХӨН УГААРТСАН ХҮҮХДҮҮДИЙГ ЭМЧЛЭХ ЮМ БОЛ АЧААЛАЛ ХЭВИЙН 

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өчигдөр угаарын хийнд иргэд хордсон асуудалтай холбогдуулж, албаныхнаас мэдээлэл сонссон. Энэхүү нээлттэй сонсголд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр оролцохдоо дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр “Угаарын хийн хордлогын үед хүний уушги, тархи, бөөр, элэг гэмтдэг учраас олон мэргэжлийн эмч нар багаар хамтран ажиллаж байж тухайн хүний амь насыг авардаг.

ЭХЭМҮТ-д хүүхдүүдийг төвлөрүүлэн эмчлэх, эмчилгээний багууд бий. Хамгийн гол нь томуу томуу, төст өвчний дэгдэлттэй угаартсан хүүхдүүд давхцах гээд байна. Томуугийн ид дэгдэлтийн үед 80-120 ор дэлгэн эмч, сувилагч нар гурван ээлжээр ажилладаг.

Хэрэв дүүргийн эмнэлгүүд томуу, томуу төст оноштой хүүхдүүдийг эмчилж, ЭХЭМҮТ зөвхөн угаартсан хүүхдүүдийг эмчлэх юм бол ачаалал хэвийн үргэлжилнэ. Энэ талаар нийслэлтэй зөвлөлдөж байгаа. Хэрэв ирэх сард угаарын хийн дуудлага ихсэх юм бол эмч, сувилагч нар гурван ээлжид орж ажиллана. Нэг бэрхшээл нь эмийн төсөв болон хүний нөөцийн асуудал байна.

Бид хүүхдэд үнэгүй эмчилгээ үзүүлдэг. Эм, бэлдмэлийн хувьд гэхэд угаартсан хүүхдийн хэдэн эрхтэн тогтолцоо өртсөнөөс хамааран зардал нэмэгддэг. Бүх шинжилгээгээр эрүүл гэдэг нь нотлогдсон тохиолдолд хүүхдүүдийг эмнэлгээс гаргаж байгаа. Аливаа хордолтын үед хүний эрүүл мэндэд хоруу нөлөө үзүүлэх эрсдэл байдаг учраас эргэн хяналтыг маш сайн тавьж ажиллаж байна” гэлээ. 

УГААРТАХ  НЬ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛ ГЭЖ ҮЗЭН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ИРГЭНЭЭС ГАРГУУЛДАГ

Угаарын хийнд хордож, хэвтэн эмчлүүлэхээр ирсэн иргэдийг Хордлогын үндэсний төвд эмчилж байгаа ч зардлыг иргэнээс гаргаж байна. Учир нь, угаартах нь хувь хүний хариуцлагагүйтэй холбоотой гэж үздэг учраас хор тайлах төлбөрийг авдаг байна. Тухайлбал, угаартаж эрүүл мэндээрээ хохирсон иргэд нэг өдрийн 46 мянган төгрөгийн эмчилгээнээс гадна өдөрт нэг удаа 20 мянган төгрөгийн хүчилтөрөгчийн аппаратын эмчилгээ авдаг аж.  Өөрөөр хэлбэл, хэдэн өдөр хүчилтөрөгчийн аппаратын эмчилгээ авахаас шалтгаалж төлбөр нэмэгдэнэ гэсэн үг. Дээр нь биеийн байдлаасаа хамаарч 110 мянган төгрөгөөс гадна эм тариа, дусал бүрийг өөрийн мөнгөөрөө гарган эмчлүүлдэг аж.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж