"Монголд бизнесийг наймаа шиг хийгээд сурчихсан"

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

"Монголд бизнесийг наймаа шиг хийгээд сурчихсан"

Техник, технологи хөгжихийн хэрээр Монгол Улсад технологид суурилсан гарааны старт-ап компаниуд сүүлийн хоёр жилийн хугацаанд борооны дараах мөөг шиг олшрох болсон. Харамсалтай нь, гарааны бизнес эрхэлж буй залуучуудад банкны зээлээс өөр санхүүжилт олох боломж нь тун хомс байдаг гэсэн судалгаа бий. Учир нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг  банкны салбарт эзэлж буй. Банк, санхүүгийн байгууллагаас тогтмол санхүүжилт авах боломжгүй. Бизнесийн орчин нь төдийлөн ээлтэй бус, ялангуяа өндөр технологийн нэвтрэлт бага, шинэ технологийг Засгийн газар нь дэмжих нь сул гэсэн судалгаа байдаг.

Улсын соёл, бизнесийн соёл, хувь хүний соёл дутмаг энэхүү зах зээлд гадаадаас хөрөнгө оруулалт амжилттай татаж чадсан эрхмүүдийн зөвлөмжийг хүргэе.

World Plus ХХК-ийн Үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр: Технологийн чиглэлийн старт-ап компанийн үйл ажиллагаа эрхлэхэд банк бол зээл өгдөггүй юм байна лээ. Нөгөө талаар краудфандинг /олон нийтээс санхүүжилт босгох/  бизнес дээр хэрэглэхэд мөн хүндрэлтэй. Ихэвчлэн өөрөө хөрөнгөө гаргаад явсан. Дотоодын зах зээлээс хөрөнгө босгоно гэдэг маш хэцүү, хэцүүгээс гадна технологийн компанид тохирохгүй юм байна лээ. Учир нь, монголчууд бизнесийг наймаа шиг хийгээд сурчихсан. Япон эсвэл гадаадаас хөрөнгө оруулалт татахын тулд анхаарах зүйлийг туулаад явж байгаа хүний хувьд хэлэхэд, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч гэсэн хоёр ойлголт дээр зааг тавих хэрэгтэй. Хөрөнгө оруулагч болгоноо хувьцаа эзэмшигч байдлаар оруулаад байвал дараа нь өөрсдөө компаниа удирдаж чадахгүй болчих аюултай. Манай компани таван хувьцаа эзэмшигчтэй. Нэг хувьцаа эзэмшигч нь хоёр хувиас дээш хувьцаагүй гэсэн зарчим л баримталдаг. Тэр хөрөнгө оруулагч их хэмжээний хөрөнгө оруулсан ч гэсэн зарчмаасаа хазайдаггүй. Учир нь мөнгө бол асар аюултай, хяналтаа алдчихаж мэднэ. Би Англид сургууль төгссөн болоод тэр үү надад хамгийн эвгүй зах зээл бол Япон байсан. Бид Японы 117 жилийн түүхтэй "Дэнцү" гээд компанитай хэлцэлд орсон. Харамсалтай нь, асуудал эвгүйрсэн. Учир нь, манай компанид хөрөнгөө оруулах гээд ирсэн Япон хүн улсдаа төлөх ёстой байсан татварын багахан хувийг төлөөгүй байсан. Тэр хүнээс болоод 117 жилийн түүхтэй "Дэнцү" компанитай хэлцэл бүтэлгүйтсэн. Япон бол бизнес чинь ямар ч сайн байсан тэр компани дотор ямар хувьцаа эзэмшигч байна вэ гэдгийг чухалчилж, үздэг юм байна лээ.

Нөгөө талаараа гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбарт татах маш хэцүү. Миний хувьд Япончуудтай нарны цахилгаан станц байгуулах төсөл дээр ажиллаж байсан. Хөрөнгө оруулалтаа татаад, ажил эхэлж байх үед Монгол Улсын Их хурал нэг өдөр хуралдаад л 20 жилийн хугацаанд 16 центээр авна гэж байсан зүйлээ 12 цент болгочихсон. Энэ бол хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчийн хувьд маш барьцгүй, байж боломгүй зүйл. Монголоос хөрөнгө оруулалт би хэзээ ч татахгүй. Үнэгүй өгий гэж байсан ч авахгүй. Учир нь, монголчууд бизнес нь ашигтай байвал онгироод явчихдаг, жаахан эвгүй байдалд орчихвол мөнгөө буцаагаад авъя л гэдэг улс. Компанийн засаглал үүнд огт хамаагүй болчихдог.

Оксфорд болон Харвардын их сургуулийн эрдэмтэд хамтран явуулсан судалгаанд Монгол Улсад улсын соёл, бизнесийн соёл, хувь хүний соёл огт байхгүй гэж гарсан. Энэ гурван соёлоор тухайн хүний бизнес хэр өсөлттэй байгааг хэмждэг. Технологи нь сайн байсан ч монгол хүн хийсэн гэхээр болохоо байчхаад байсан. Тэгэнгүүт нь, АНУ, Сингапур, Японд компаниа байгуулж байж, хөрөнгө оруулагчдын итгэлийг олсон.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон технологийн дэвшил, дижитал шилжилт ярьсан хүмүүс их боллоо. Хурал ч их зохион байгуулагдаж байна. Үнэндээ нэг шүдэнзний хайрцаг хийж үзсэн үү гэвэл хэцүү, хүмүүс тэнд старт-апын загалмайлсан эцэг шиг юм ярьж явна. Энэ бол маш эрсдэлтэй. Монголчууд хэзээ ч чадахгүй юм байна гэсэн ойлголт төрчихвий, юм болгоныг хийх гээд хэрэггүй. Дэмжигдэх магадлалтай төслийг төр нь дэмжээд явъя. Технологийн старт-ап компаниудын хувьд гадаад зах зээлийг харж байгаа бол түүнд нь тусалдаг төрийн зуучлалын байгууллага байх ёстой юм болов уу гэж харж байна. Учир нь олон улсын гэрээ хэлцэл хийх гэхээр хөрөнгө зайлшгүй гаргаж таардаг.

 

Лантуун дохио ТББ-ын ТУЗ-ын гишүүн О.Мишээл:

 

Лантуун дохио ТББ-ын ТУЗ-ын гишүүн О.Мишээл:Лантуун дохио ТББ нь 2012 онд олон нийтээс санхүүжилт босгох буюу краудфандинг хэлбэрээр санхүүжилт татсан. Бид өнөөдөр хүүхдийн хүчирхийлэл, хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Бидний хэрэгжүүлж буй "Ид шидийн орон-1" төсөл таван сарын хугацаанд барилгын бүтээн байгуулалт нь босч дууссан бөгөөд 1.2 тэрбум ам.долларын хандив цугларсан. Тухайн үед 13 мянга орчим иргэн, аж ахуй нэгж хандив өргөсөн. Бидний босгодог хандивын тактик бизнесээс нэлээн өөр. Бид хандивлагчийн сэтгэл зүй дээр илүү анхаардаг. Учир нь хандив өгч буй хүн болгон өөрийн гэсэн зорилготой байдаг. Зарим нь зүс царай, нэрээ гаргахыг хүсдэггүй бол зарим нь зургаа авхуулах эсвэл бүтээгдэхүүнийг нь сурталчилж өгөхийг шаарддаг. Яагаад Ч.Ганжавхлан гарч ирж бидний хандивыг авахгүй чи гарч ирж авч байгаа юм вэ гэсэн хандлага хүртэл гарч байсан. Гэхдээ энэ бол буруу биш. Хүн болгон өөрийн гэсэн зорилготой хандив өргөж байгаа шүү дээ. Тиймээс бид аль болох тэднийг сэтгэл ханамжтай буцаахыг хүсдэг. Тэдний өргөсөн хандив ч зорилтот тэрхүү хүүхдүүддээ хүрч байгаа. Нэг хүн хандив өргөсөн постоо тавихад дараагийн хүнээ сэдэлжүүлж байдаг.  Үүний зэрэгцээ, санхүүгийн сахилга бат. Нэг ч төгрөгийг буруу чиглэл рүү бид оруулж болохгүй гэсэн зарчимтай. Орсон байлаа гэж бодоход бидний өнөөдрийг хүртэл хийсэн зүйл нурчихна шүү дээ. Хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө ажилладаг.

 

 

 

 

 

Gerege Creative Solution -ийн Гүйцэтгэх захирал Гаррет Вилсон: Монголд олон ажил ажилласан болохоор хал үзэж хашир суулаа. Би хангалттай хаширсан хүн. Өөрийнхөө хөрөнгөөр тоглолт хийгээд Монголд их алдагдал хүлээсэн болохоор одоо бусад хүмүүсийн мөнгөөр тоглолт хийдэг юм уу гэж бодож байна. Хашир суусан нь миний хувьд маш том сургамж болсон. Иймээс бусдад бас зөвлөгөө өгөх ёстой болов уу. Би нэг томоохон төсөл дээр Германы хөрөнгө оруулалт татаж байгаа. Харамсалтай нь бид 100 хувь санхүүжилт олчихсон гэж бодож байсан чинь тодорхой асуудал гарч, 75 хувийн хөрөнгө оруулалтыг нь татчихсан, үлдсэн 25 хувийн хөрөнгө оруулалтыг нь босгохоор явж байна. Энэ бол ганц, хоёр сарын дотор шийдчих асуудал биш. Гэхдээ энэ нь нийгэмд хэрэгтэй гэж үзсэн тул тууштай зүтгэж байна. Гоё санаа гаргасан хүмүүсийн төслийг дэмжээд миний бие олон улсаас хөрөнгө татах, олон улсын стандартад нийцүүлэх тал дээр гар бие орж ажиллаж байна. Тэр төслийн нүүр царай болоод гадаадуудтай уулзаад явж байна. Олон жил Монголд амьдарсан болохоор улс төрийн эрсдэл, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэг эргэлзээг тайлахад нь тусалж байна. Зөв менежмент хийж, зөв тайлбарлаж чадсан тохиолдолд бид хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадна. Орчин үед бүх хөрөнгө оруулагчдын анхаарлын татаж буй зүйл бол нийгмийн хариуцлага. Байгаль орчны эсрэг төслийг дэмжин орж ирж буй хөрөнгө оруулагч бол хамгийн муу санаатай хүн гэж тодорхойлж болно. Мөн ёсзүйн талаас зөв төсөл юм аа гэдгийг батлах нь чухал. Миний  уулзаж, учирч буй хөрөнгө оруулагчид тэр тал дээр маш их санаа тавьж буй

Монголчууд олон улсын зах зээлийг зорин, шинэ бизнес бий болгож байна гэдэг бол маш зөв гэж би бодож байна. Монголд зах зээл хөгжиж байгаа ч гэсэн АНУ-ын жижиг хотын ДНБ-тэй тэнцэх хэмжээний зах зээл шүү дээ. Асар их нөөц баялагтай хэр нь одоогоор үр дүнтэй ашиглаж чадахгүй байна. Иймээс өнөөгийн энтрепренёрүүд глобал сэтгэлгээтэй байх нь чухал. World Plus-ийг үүсгэн байгуулахад монголын гурван сая хүнд зориулаагүй биз дээ. Газар зүйн байршлын хувьд ч гэсэн далайгаас алслагдмал, тээврийн асуудал хөгжөөгүй гээд олон асуудал байгаа тул технологийг Монгол Улс гадагш нь экспортлох нь чухал. Монгол хүний оюуны чадамжийг ашиглан технологи, IT салбараа хөгжүүлэх нь чухал.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж