
Улсын их хурлын гишүүн М.Батчимэг Наран цогцолбор, Говил багийн 2-р сургууль болон Жаргалант сумын сургууль болон 3-р цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй танилцлаа. Манай аймагт сүүлийн 3 жилийн хугацаанд сургууль болон цэцэрлэгтэй холбоотой томоохон асуудлууд нэлээд шийдэгдэж байгаа.
Ялангуяа цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилласнаар нийт 1500 хүүхдийн цэцэрлэг сүүлийн 3 жилд ашиглалтад ороод байна.Түүнчлэн ирж буй хичээлийн жилд 400 орчим хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орохоор ажиллаж байгаа.
Мөн сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон сургууль ашиглалтад орж зарим сургуульд шаардлагатай тохижилт үйлчилгээ, засварын ажлууд хийгдэж байгаа нь манай аймгийн боловсролын салбарт хийгдэж байгаа томоохон өөрчлөлт дэвшил болж байгааг онцоллоо.
Харин Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид 60 орчим хүүхэд элсэн оржээ. Тус суманд сургуулийн өмнөх боловсролын насны 219 хүүхэд байдаг бөгөөд 3-р цэцэрлэгт энэ хичээлийн жилд 189 хүүхэд суралцаж байна.
Улсын их хурлын гишүүн М.Батчимэг сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Жаргалант сумын 3-р цэцэрлэгт 2.6 сая төгрөгийн өртөг бүхий тоглоом болон ном сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгсөн юм.
Эх сурвалж: www.erdenetinfo.mn