Ардын нам айвал Монгол арав үхнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Ардын нам айвал Монгол арав үхнэ

Ардын нам айвал Монгол арав үхнэ

Албан ёсоор шийдвэрлээгүй ч аравдугаар сарын 30, 31-нд ард нийтээс  санал асуухаар “товлож”, ингэхдээ ээлжит бус сонгуулийг хамтад нь  явуулахаар тооцоолж суусан Монгол Ардын намын улс төр бүхэлдээ өөрчлөгдсөн. Ээлжит сонгууль хуульд заасан хугацаандаа, эцэг хуулийн шинэчлэлтийг ард нийтээс асууж, шийдвэрлэх хэрэггүй болов, Ерөнхийлөгчийн хоригийн дагуу.

Ард нийтээс санал асуух, Үндсэн хуулийн нэмэлтийн эх тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваад 20 хонож байна.  Энэхүү 20 хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтийг “үгүйлж, сураглах” нь цөөрч, олонх нь саарал жагсаалт, сайжруулсан түлшээр амьсгалах болов.

Саарал жагсаалт, сайжруулсан түлшний хэрэг анхаарал татахаас ч өөр аргагүй хүний амь нас, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал мөн. Гэвч, Үндсэн хуулийг шинэчлэхгүйгээр өнөөдрийн энэ бүх асуудлууд дуусахгүй, монгол хүн амьд явах, сайхан амьдрах эрх нь улам  зөрчигдсөөр байх юм.

Товчхондоо,  улс төрийн хямрал нь нийгэм, эдийн засгийнхаа зовлон болчихсон, институци хоорондын эрх мэдлийн зөрчил нь улсынхаа эрх ашгаас улам томорч буй нөхцөлд Үндсэн хуулиа өөрчилж, монгол хүний амьд явах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эдийн засгаа бэхжүүлэх, тусгаар тогтнолоо хамгаалах нь  Монгол Улсын гол зорилго болжээ.

Үндсэн хуулийн гол өөрчлөлт нь чухамдаа "Буух эзэн буцах хаягтай" байх тухай. Өнөөдөр л гэхэд Саарал жагсаалт, сайжруулсан түлшин дээр хариуцах эзэн, хаяглах хүн  "олдохгүй" байна.

Утаа угаар, эдийн засгийн хяналт зэрэг элдэв янзын дуулианд уймарч гүйцсэн МАН-ын бүлэг өнгөрсөн зунжин хэрэлдэж, хэлэлцэж, хийсэн гол ажлаа гэнэт санаж, сэхээрсэн үү, ямартай ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн тухай бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр уламжлав. Ингээд Монгол Улс ялах эсвэл Монгол ялах эсэх улс төр Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэгтэй зэрэгцээд өрнөх нь нэн ойлгомжтой юм. Саарал жагсаалт бол чухамдаа Үндсэн хуулийн өмнөх “ДАЙН”. "Сайн ах" маань хүртэл "Саарал жагсаалт"-ад орохыг дэмжсэн байдаг.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсныхаа дараа Үндсэн хуулийн журмын тухай болон Дэгийн тухай хуулийг УИХ өөрчлөхдөө Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдээгүй саналыг гуравдугаар хэлэлцүүлэгт гишүүдийн гуравны хоёр нь дахин оруулж ирэхээр болгосон юм. Тэгэхээр хоёрдугаар хэлэлцүүлгийн үед ганц, хоёрхон кнопноос болж, дэмжлэг аваагүй унасан Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол концепциудыг УИХ-аар хэлэлцэх боломжтой болсон гэсэн үг.

 Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх мэдлийг өгөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэргээр 20 жил ярьж ирсэн гол өөрчлөлтийг хийх боломжийг Ерөнхийлөгчийн хориг нээж өгсөн,  МАН-ын зориг хүрэх эсэхээс энэ нь хамаарна.

Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед хойшоо суусан Ардчилсан намынхан энэ удаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах дөрвөн санал гаргасны онцлох хоёр  нь сонгуулийг холимог системээр явуулах, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох. Энэ удаад эрх баригчид Ерөнхийлөгчтэй биш Ардчилсан намтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан,  гэвч, гуравдугаар хэлэлцүүлэг үргэлжлээд явахад гарч буй ганц саад нь Төрийн тэргүүний том эрх мэдлийг хумих тухай сөрөг хүчний оруулж ирсэн санал аж.

МАН хэдий  цаанаа АН-ын гаргасан саналыг зөвшөөрч буй ч наанаа Ерөнхийлөгчийн ойрын улс төрөөс болгоомжлоход хүрсэн нь Засгийн газрын орших, оршихгүйн асуудал. Ядаж байхад Засгийн газрын шийдвэртэй холбоотой, сайжруулсан түлшнээс болж найман хүний амь эрсэдсэн. Дээр нь "Саарал жагсаалт"-ад орсон гээд У.Хүрэлсүхийг унагаах шалтгааныг улстөрчид тоолж суугаагийн дээр,  шалтаг гарвал шагшрах шаазгайг олохдоо манай Ерөнхийлөгч хэзээний л гарамгай.

Иймээс  эрх баригчдын зүгээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгосон тохиолдолд хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулах саналтай байгаа гэх. Цаад санаа нь Х.Баттулгын хоёр дахь Төрийн тэргүүн болох  амбицыг нь Үндсэн хуулиар хазаарлахгүй гэсэн утгатай биз. Үгүй бол, Үндсэн хуулийн төсөл яг өнөөх Тавантолгой шиг улс төрөө даажгүй унаж мэдэх гашуун сургамж бий, эрсдэл ч бий.

Мэдээж, нэг удаа туг тойрсон хүн хоёр дахиа тойрохыг хичээнэ. Нэгээр тогтохгүй туг тойрох сонирхол манай одоогийн Ерөнхийлөгчид бий. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн засаглал Монголд хэрэгтэй гэх мессежийг  нийгэмд ил тод, шууд хаяж байгаа. Эвгүйхэн хөдөлбөл засгаа унагаад зогсохгүй гэрээ нурааж мэдэх  тул  төрөө ч, төслөө ч унагахгүйн тулд Ерөнхийлөгчтэй ил шулуун дайн зарлахыг МАН хүсэхгүй байж таараа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг нь заналтайгаар огцруулах вий гэсэн айдас Ардын намынханд байгаа нь үнэн.

Ерөөс МАН-ын хагарал дээр удаан хугацаанд амжилттай тоглож яваа Ерөнхийлөгчийн хувьд  засгийг унагааж богино зайны  улс төр хийж болох ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг гацаавал Монгол Улс хор хохирлыг нь давж гарахад хэцүү. Асар их зүйлээ алдаж мэднэ.

Энэ бол ардчилал, хүний эрх, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын үнэтэй Үндсэн хуулийн өөрчлөлт юм.

Том зургаар харвал, Үндсэн хуулийн өөрчлөлт зөвхөн МАН-д хамаатай асуудал биш нийт монголчуудын хувь заяатай холбоотой болжээ.  Үндсэн хуулийн төслийг гацаах, цаашлаад Ерөнхийлөгчийн засаглал гэх өөр сонирхол өдөөж буй нь, Монголыг нэг хүний дэглэмд оруулах, утсан хүүхэлдэйгээ хүссэнээр нь удирдах их гүрнүүдийн чоно санаа байх магадлал тун их.  Энэ хэдий таамаг боловч тэнэг мангар ч 76 хүнтэй хэл амаа ололцох нь нэг ухаантантай тохирохоос бүр хэцүү. Тиймээс засгийг нь бужигнуулж, МАН-ыг дахин хагалах, Монголын улс төр, нийгмийг үймүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг гацаах нь хөршүүдийн геополитик ч байж мэднэ.

Үнэндээ Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг үнэмлэхүй олонх хойшлуулаад  байгаа шалтгаан энэ. Гэвч, “Аймхай хүн арав үхнэ” гэж зүйр үгтэй. Ардын нам айвал Монгол арав үхэж мэдэх эвгүй эрсдэл үүссэн. Ийм болохоор  Ардчилсан намтай хамтарч, Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр арга алга, Ардын намынханд.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж