Энэтхэгийн Карнатака мужийн нийслэл Бангалор хотын Бхагат коллеж оюутнууд бие биеэсээ хуулахаас сэргийлж 50 гаруй оюутныхаа толгойд цаасан хайрцаг углан, шалгалт авсан байна. Энэхүү хачирхалтай санаачилгыг анх тус коллежийн ерөнхий менежер гаргасан бөгөөд маш олон эцэг эхчүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан учир сургуулийн захиргаа оюутнуудаас хүлцэл өчжээ.
Коллежийн захирал М.Б.Сатиш “Энэ зүгээр туршилт байсан юм. Мэдээж бид шалгалтын өмнө оюутнуудтайгаа ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр зарим оюутнууд сайн дураараа цаасан хайрцаг толгойдоо углан шалгалтаа өгсөн. Зургаас зарим нь цаасан хайрцаг углаагүй байгааг харж болно шүү дээ. Мөн тэд өөрсдийн өмсөх цаасан хайрцгаа гэрээсээ авчирсан” хэмээн тайлбарлажээ.
Тухайн үед 72 оюутан улирал дундын шалгалтад орсны 56 нь толгойдоо хайрцаг угласан байна. Оюутнууд шалгалт дуустал буюу нэг цагийн турш хайрцгийг өмсөх ёстой байсан ч 15-30 минутын дараа тайлцгаасан байна. Шалгалтын материалаа харах болон амьсгалахад чөлөөтэй байх үүднээс нүүр хэсэгт нь жижиг цонх гаргасан байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ