Өмнөд Солонгос татварын өршөөл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.09.02-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос татварын өршөөл үзүүлнэ

 

Өмнөд Солонгосын иргэд, компаниудад гадаадад нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо үнэн зөвөөр мэдүүлсэн тохиолдолд татварын өршөөл үзүүлэх тухай сангийн сайд Чой Гёнхван мэдээллээ. Татварын өршөөлд хамрагдах иргэдийн мэдүүлгийг ирэх аравдугаар сарын 1-нээс 2016 оны гуравдугаар сарын 31 хүртэл хүлээж авах аж. Сайн дураар гадаад дахь хөрөнгө орлогоо мэдүүлсэн иргэдийг нэмэлт татвар болон хуулийн шийтгэлээс чөлөөлөх гэнэ.

 

Өмнөд Солонгосын Засгийн газар татварын орлогыг нэмэгдүүлэхийн тулд гадаад дахь иргэдийнхээ мөнгийг улсдаа эргүүлэн татахаар шийдвэрлэсэн нь энэ аж. Албаны мэдээлэлд дурдсанаар Өмнөд Солонгосын иргэд, компаниудын татвараас зайлсхийн офшор дансан хадгалсан мөнгө 2010 онд 501.9 тэрбум воноос өнгөрсөн 2014 онд 1.21 их наяд вон болж нэмэгдсэн гэнэ.

 

Татварын өршөөлийн хуулийг АНУ, Их Британи, Герман, Франц, Австрали зэрэг орон 2002 оноос хойш хэрэгжүүлж ирсэн аж. Тухайлбал, Австрали улс өршөөлийн хууль санал болгосны дараа 500 тэрбум орчим воны татварын орлого хуримтлуулсан туршлага бий гэнэ. Түүнчлэн дэлхийн 51 орон татварын мэдээллээ солилцох гэрээнд нэгдсэн байдаг аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: The Korea Herald

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж