Хятадын ард түмний Японы булаан эзлэгчдийн эсрэг хийсэн дайн буюу Дэлхийн хоёрдугаар дайн төгссөний 70 жилийн ойн арга хэмжээг Хятадын түүхэнд байгаагүй өргөн цар хүрээтэйгээр БНХАУ тэмдэглэж байна.
Ойрын өдрүүдэд Бээжинд ирж буй зочид төлөөлөгчдийг харьцангуй цэвэр агаар, цэцгээр чимэглэсэн хот угтан авч байна. Онгоцны буудлаас хотын төв хүртэлх замыг савтай амьд цэцгээр чимжээ. Ялалтын 70 жилийн ойд зориулсан том постерууд гудамж талбайгаар ярайна. Ер нь бол гол баяруудаар хотыг цэцгээр чимэх уламжлал сүүлийн жилүүдэд тогтжээ. Энэ удаа гол цэцгэн болон гэрлэн чимэглэлийг Тяньаньмэнийн талбай, Хятадын нийслэлийн гол зам болох Чаньаньзе өргөн чөлөөнд хийсэн харагдлаа.
Маргааш баярын жагсаал болох Тяньаньмэнийн талбайд цэцгийн мандлаар Их цагаан хэрмийг дүрсэлсэн зохиомж хийжээ. Хотын чимэглэлд зориулан Бээжин хотын засаг захиргаа нийтдээ 2,8 сая савтай цэцэг ургуулан бэлтгэсэн байгаа бөгөөд хотын энэ чимэг нь БНХАУ-ыг зарлан тунхагласан аравдугаар сарын 1-ний баяр хүртэл хотоо чимэх гэнэ.
Цэцгэн чимэглэлийг хотын гол гол байгууламжууд, жуулчдын очих дуртай газар, талбайд хийжээ. Энх тайван, ялалтын сэдвээр нийт 32 том цэцгийн мандал, арай жижиг хэмжээний мянга гаруй зохиомж хийснээ Хятадын нийслэлийн Цэцэрлэгийн аж ахуйн удирдлага мэдээлэв.
Тяньаньмэнийн талбайн дэргэдэх Чуншань цэцэрлэгт хүрээлэнд ялалтыг бүрээдэн дамжуулж, тойрон хөгжилдөн баярласан хүмүүсийн дүрс бүхий зохиомж олны анхаарлыг их татаж байлаа.
Эзэн хааны зуны ордон байсан цогцолборын Ихэюань цэцэрлэгт энх тайвны чидун жимсний мөчир, тагтаа бүхий зохиомж хийжээ.
Цэцгэнд умбасан Бээжин үнэхээр баярын мэдрэмжийг өгч байна. Бас далан жилийн өмнөх дэлхийн дайн тулаанд амь үрэгдэгсдийн нэгэн ёсны дурсгал болон амьд үлдэгсдийн, хойд үеийнхнээс тэдэндээ өгч байгаа хүндэтгэл мэт санагдлаа.
Лавлах: Тяньаньмэнийн талбай
Дэлхийн хамгийн том талбайд тооцогддог. Тянь Ань Мэнь (天安门广场) нь Бээжин хотын зүрхэн дэх том чулуу шигтгэн суулгасан талбай. Хятадын ардчилагчдын гунигт түүхийг агуулсан газар гэж олон хүн хэлдэг. Тэнгэр цэлмэг сайхан байхад орой үдэш зугаалахад маш гоё зураглалуудтай.
Уг талбай нь хятад ертөнцийн билгэдлийн төв юм. Талбай уламжлалт хятад стилийн төлөвлөлттэй ч түүнийг тойрсон байр байшин, түүний чимэглэл нь зөвлөлтийн эриний соёлд ойр мэт.
Мин, Цин улсын үед Мянган футын коридор гэж нэрлэгдсэн Эзэн хааны хотхоныг хаасан хэрмэн хашааны хэсэг одоо талбай байгаа хэсэгт байжээ. Ханын дорно, өрнө хэсэгт Төрийн ёслолын яам, Төрийн алба гувчуур хураалтын яам, Хонлу, Тайчон зэрэг дуганууд байрладаг байжээ,
БНХАУ-ыг үндэслэгч Мао Цзедун (毛泽东) уг талбайг Коммунист намынхаа сүр хүчний бэлгэдэл гэж үздэг байв. БНХАУ-ын дарга соёлын хувьсгалын үеэр сая гаруй хүнтэй парадыг харж байлаа. Мөн л төдий тооны хүмүүс 1976 онд талбайд цугларан даргадаа сүүлчийн хүндэтгэлийг үзүүлж байлаа. Харин 1989 онд талбайд ардчиллыг шаардсан оюутнуудын жагсаалыг танк, цэрэг даран тарааж байлаа.
Та төрийн далбаа буулгах, өргөх ёслолыг үүрээр, мөн орой харж болно. Шөнө талбай гэрэлтүүлэгтэй. Талбайгаар дугуйгаар явах хориотой харин дугуйгаа хөтөлж өнгөрч болох юм. Метроны Тянь Ань Мэнь Си (天安门西), Тянь Ань Мэнь Дун (天安门东) гэсэн хоёр станц Тянь Ань Мэнийн (天安门广场) талбайн баруун, зүүн хэсэгт байрладаг.
Нам дор газар орших Бээжин утаа униарт дарагдах нь их. Агаар тогтуун цагаар хотын агаар ямар байдгийг очсон хүмүүс сайн мэднэ. Харин энэ удаа байдал эрс өөр байгаа нь хотод хөл тавьсан цагаас мэдэгдэж эхлэв. Сүүлийн 25 жилийн дотор Хятадад хийгдсэн капиталист шинэчлэл нь Бээжин хотыг тэнгэр баганадсан барилга байшинтай, шил толь нь гялалзсан орчин үеийн хот болгон хувиргасан. Сүүлийн арав гаруй жилийн дотор Хятад нийслэлээ цэвэр, сайхан оршин суугчид, зочдод таатай байлгах, ногоон байгууламж ихтэй болгох их зүйлийг хийсэн байна. Нэн ялангуяа 2008 оны Бээжингийн олимпийн үеэр нүсэр их хүч, хөрөнгө заран “их цэвэрлэгээ” хийсэн юм.
Гэсэн ч капитализмыг дагалдсан техникийн хөгжил нь хотын машин техникийг эрс нэмэгдүүллээ. Машин техникийн угаарын хий нь нүүрсээр галлах, үйлдвэрүүд, металлургийн үйлдвэрүүдийн техникийн шинэчлэл зэргийн хүчин чармайлтыг бараг талаар болгосон гэж болно. Утаат аж үйлдвэрийг шинэчилж нүүлгэж, хааж байгаа ч экологийн асуудал өнөөдөр ч хурц хэвээр байна. Эдийн засгийн өсөлтийг хурдасгах, 2008 оны олимпийн бэлтгэлийн нүсэр байгуулалт нь хотын хүрээлэн буй орчинд нүсэр дарамт авчирчээ. Ус, газрын нөөц эрчимтэй шавхагдан элсний нүүдэл хот руу нүүж буй нь өнөөгийн чухал асуудал болжээ. Том том арга хэмжээгээр хотын эрх баригчид элдэв хязгаарлалтаар хотын агаарыг цэвэрлэдэг.
Сая Бээжинд болж өнгөрсөн Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн, түүний дараах Ялалтын 70 жилийн ойн баяр хоёр хотын агаарыг цэвэр байлгах өндөржүүлсэн арга хэмжээ авахад хүргэжээ.
Одоо 2015 онд хотын агаарыг цэвэрлэх төлөвлөгөөний дагуу наймдугаар сарын 20-ноос нүүрсээр галладаг "Гохуа", "Жиннэн" дулааны цахилгаан станцуудын ажиллагааг зогсоосон байна. Тэр нь хотод шатаагдах нүүрсний хэмжээг жилдээ 4,6 сая тонноор бууруулж байгаа гэнэ.
Мөн энэ үеэр агаарын бохирдлын эх сурвалж болж байгаа гэх 185 үйлдвэрийн ажиллагааг зогсоосон бөгөөд 178 мянган хуучирсан тээврийн хэрэгслийг актлаж, 8800 дизелийн хөдөлгүүртэй автобусыг шинэчилсэн гэж Бээжин эрх баригчид мэдээлсэн юм.
Наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 4 хүртэл нүүрсээр ажилладаг тогоо бүхий үйлдвэрүүд, барилгын ажил, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хяналтад авчээ. Авто машиныг дугаарын сүүлийн орон тэгш ба сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байна. Мөн энэ үеэр албаны машины 80 хувийг хөдөлгөөнд оролцохыг түр хоригложээ. Харин хоол хүнс зөөх ачааны машинууд болон нийтийн тээвэрт хязгаарлалт хийхгүй гэнэ.
Арга хэмжээний үеэр нефть, хими, барилгын материал, аж үйлдэрийн будаг, хэвлэх болон тавилгын үйлдвэрүүдийн ажиллагааг хаах хүртэл хязгаарлалт авсан байна. Мөн Хятадын нийслэлийн залгаа хотууд ба мужийн захиргаанд агаарын бохирдлыг багасгах тушаал өгчээ. Эдгээр арга хэмжээ одоо Бээжин хотын агаарын бохирдлыг эрс бууруулсан нь мэдэгдэж байна. Бээжинд агаар цэвэр харин ихээхэн халуун бүгчим байгаа нь баярлаж буй хүмүүст төдийлөн анзаарагдахгүй биз.
Лавлах: БНХАУ-ын нийслэл Бээжин хот
Бээжин хот нь дэлхийн хамгийн олон хүн амтай улсын нийслэл. Дэлхийн хамгийн эртний иргэншлийн орны нийслэл хот өнөөдөр дэлхийн анхаарлын төвд байна. Шинжээчид XXI зууныг Хятадынх гэдэг. Хятад нь бидний мэдэж байгаагаар Бээжингийнх юм.
Хот мөнгө хэвлэх эрхээ Шанхай, Шеньженьд, хөгжмийн салбарын лидерийг Гонконг, Тайваньд өгсөн ч ХIII зуунаас нийслэл байснаараа Бээжин хот нийслэл гэж хэлэгдэх эрхтэй.
Бээжин, ᠪᠡᠭᠡᠵᠢᠩ; хятадаар 北京 – Běijīng, "умард/хойд нийслэл» – Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл; улсынхаа улс төр, соёл, боловсролын төв; ямар нэгэн нэгжид (муж г.м) харьяалагддахгүй шууд улсын доор байдаг дөрвөн хотын нэг.
Бээжингийн хүн амын тоо 1953 онд 2.8 сая, 1982 онд 9.2 сая, 2000 онд 13.6 сая хүн амтай байсан бол 2010 онд 19.6 сая оршин суугчтай гэж бүртгэгджээ. Энэ нь улсдаа Шанхайн дараа, дэлхийд эхний 10-т багтах их тоо юм.
Орчин цагт ямар ч хэл байсан энэ хотын нэр доорх хоёрын нэгэнд хамаарна.
- англ. Beijing, хас. Бейжің, сол. 베이징 be-i-jing гэх мэтээр жишээлж болох хятад хэлний умард аялгууг баримталсан хэлбэр байдаг. 北京-г пинь-инь галиг (1982 оноос)-аар Běijīng ("умард нийслэл») гэнэ. 北 běi – "умард», 京 jīng – "нийслэл» гэх хоёр дүрс үсэг юм. Монгол хэлнээ Бээжин гэж хэвшин тогтсон нь үүнд багтана.
- фр. Pékin, орос. Пекин, англ. Peking гэх мэт нь адилхан 北京 гэж бичдэг ч өмнөд нутгийн аялгуунд тулгуурласан ДИУ-ын үед (1912 он) зохиогдсон галигаас тухайн хэлэнд анх орсноороо үлдэж хоцорсон хэлбэр юм.
Дээрх орчин цагийн нэрийг олохоосоо өмнө олон нэртэй байсан. 938 оноос Хятан улсын 南京 Нань-жин "өмнөд нийслэл», 1122 оноос цөөхөн жил Сүн улсын 燕山 Янь-шан, 1153 оноос Алтан улсын 中都 Жүндү "дунд нийслэл», 1271 оноос Юань улсын 大都 Да-ду "их балгас/нийслэл» (монголчуудын хувьд Дайду). Энэ үед жуулчин Марко Поло хотын нэрийг Cambuluc (магадгүй "хан балгас») гэж тэмдэглэсэн байдаг. Дээрх нэрс цөм хятад ханзынх тул шууд үнэмшихэд бас л бэрх юм. 1368 оноос 北平 Бэй-пин "умардын амар түвшин», 1403 оноос одоогийнхоо нэрийг Мин улс, Чин улсын үеийг дамжин, 1928 оноос Дундад иргэний улсын үед дахин Бэйпин нэртэй болсон бол эцэстээ 1949 оноос БНХАУ байгуулагдахад одоогийнхоо нэрийг эргэн олжээ.
Улс орон | |
Улсын хот | Бээжин |
Хошуу мэт (18) | |
Газар нутаг | 16,808 км² |
Газрын байц | д.т.д 43.5 м |
Хүн ам | 2010 онд 17,311,896 хүн |
Нягт сийрэг | 1182 хүн/км² |
Ард түмэн | 96% – хятад, 4% – бусад |
Нутгийн олон | Бээжингийнхэн |
| (Википедиа нэвтэрхий тольноос) |
1949 оны нэгдүгээр сард Ардын чөлөөлөх арми Бээжин хотод орж ирлээ. Тэр жилийнхээ аравдугаар сарын 1-нд Тяньаньмэнийн талбайд 500 мянган хүний өмнө БНХАУ байгуулагдаж буйг Мао Зедун зарлан тунхаглажээ. Коммунистууд Бээжинг өөрийн төсөөллөөр өөрчлөн байгуулсан нь мэдээж.
Гэрэл зургуудыг Синьхуа агентлаг
Материалыг бэлтгэсэн Ш.МЯГМАР