Батламжаа авсан иргэд өнөөдрөөс шинэ байрандаа нүүж орно

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Батламжаа авсан иргэд өнөөдрөөс шинэ байрандаа нүүж орно

Батламжаа авсан иргэд өнөөдрөөс шинэ байрандаа нүүж орно

"Буянт Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцны 580 айлын сууцыг иргэдэд түрээслүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ дагуу уг орон сууцыг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр эзэмших иргэд өнгөрөгч долоо хоногт байрны түлхүүрээ гардаж авсан юм. Бид энэ удаагийн сурвалжлагаа “Буянт Ухаа-2” хорооллоос бэлтгэлээ.

 “Нийслэлийн орон сууцны корпораци” нь орлогод нийцсэн орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөр бүрдүүлж чадаагүй тогтмол орлоготой, боловсролын олон шатлалын,  иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцлийг бий болгох зорилгоор Улаанбаатар хотыг тойрсон арван байршилд бүтээн байгуулалтын ажил явуулж байна. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд байрлах "Буянт-Ухаа 2" хороолол юм.

Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан тус орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг долдугаар сарын 22-ноос цахимаар бүртгэсэн. Энэхүү цахим бүртгэлд найман ангиллын 16 төрөлд нийт 35.058 иргэн бүртгүүлснээс 580 айл түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаа юм.

Харин 972 айлын 40 хувь буюу 390 орчим айл газар чөлөөлөлтөд хамрагдаж, түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус хорооллын 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг нь таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг нь газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар баталжээ.

Өнөөдрийн байдлаар энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамрагдах 580 айл батламжаа гардан аваад буй.

Бид дээрх айл өрхүүд шинэ байрандаа нүүж орсон эсэхийг сурвалжлахаар очиход хорооллын зам талбай ил хуль, айлууд нүүж ороогүй байгаа гэлтэй дүр зураг угтлаа. Тоглоомын талбайн хажуудах авто зогсоолд цөөн хэдэн машин байрлуулжээ. Эндхийн харуул болох 40 орчим насны эрэгтэйгээс тодруулахад “Одоогоор байранд нэг ч айл нүүж ирээгүй байна. Нийслэлээс хүмүүс ирж өдөр бүр ажиллаж байгаа. Удахгүй нүүж орох байх” гэсэн мэдээллийг өгөв. Цааш явбал цахилгааны байгууламжийн ойролцоо хэсэг хүмүүс цугларчээ. НОСК, Барилга хот байгуулалтын яам, УСУГ-ын ажилтнууд, цахилгаанчин, барилгын компанийн төлөөлөл ирсэн байв.

Тэдний хэлснээр одоогоор тус хороололд айлуудыг нүүж оруулаагүй байгаа бөгөөд маргаашнаас нэгдсэн байдлаар өдөрт цөөн хэдэн айлуудыг зөвхөн өдрийн цагаар нүүж орох байдлаар зохицуулалт хийнэ гэдгээ хэлж байлаа. Энэ үеэр НОСК-ын дэд захирал С.Дорждэрэмээс дараах тодруулгыг хийлээ.

-Батламжаа авсан иргэд хэзээ нүүж орох вэ. Иргэдийг дуудаж эхэлсэн үү?

-Маргааш өглөөнөөс эхлээд нүүж орох гэж байна. Айл өрхүүдийг аль орцонд хэдийгээр ямар дэс дарааллаар дуудах вэ гэдгийг ярилцаж байна. Ямартай  ч өглөөний 09.00 цагаас 06.00 цагийн хооронд нүүж ирэхийг бид хэлж байгаа. Зарим иргэд нүүж ирэхдээ гэрийн уна тооно, бүгдийг нь авчраад тавьчихдаг гэсэн. Мөн лифтээ эвдэхгүй байх, нийтийн эзэмшлийн талбайг гэмтээхгүй гэх мэт иргэдээс хамаарч буй асуудлууд олон байна. Дээрээс нь өнөөдрийг хүртэлх төлбөр тооцооны асуудлууд байна. Дулаан, тог цахилгаанаа өгчихсөн. Сарын хугацаан дах төлбөр тооцоо гэх мэт асуудлууд  яригдаж байна.

-“Буянт-Ухаа- 2” хороолол иргэдээ хүлээж авахад бэлэн болсон юм уу?

-Бүх барилгууд бэлэн болчихсон айлуудаа хүлээж байна. Бид ер нь бол нийт айлуудаа арван хоногт нүүлгээд оруулахыг зорьж байна.

-Оршин суугчдад ямар шаардлага тавих вэ?

-Оршин суугчдад бид анхааруулга өгнө. Шинэ байраа өөрийн юм шиг санаж ялангуяа нүүж суухдаа эмх цэгцтэй байх ёстой. Хамгийн гол юм бол айлууд бохирын шугамаа бөглөхгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбай, орцыг бохируудахгүй байх шүү дээ.

-Иргэдийн хувьд барьцаа хэдэн төгрөг байршуулж байна вэ?

-Айл бүртээ гэрээний нөхцөл тохирсон байгаа. Энгийн түрээсийн айлууд сар сардаа төлбөрөө өгөөд явчихна. Түрээслээд өмчлөх хэлбэрт тэнцсэн иргэд тухайн иргэд манай байгууллагатай тохиролцож “Орон сууцныхаа 50 хувийг бүрдүүлсэн” гээд ирж байгаа айлууд ч байна. Тэгэхээр тухайн айлын орлогод тулгуурлана.

– Өрөөний сонголтуудын хувьд?

Өрөөний сонголт 68.59 мкв 3 өрөө, 39.30 мкв 2 өрөө, 49.23 мкв 2 өрөө гэсэн сонголтуудтай байна.

-Түрээсээ цаг тухайд нь төлөөгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Эхний болон хоёр дахь удаад түрээсээ цаг тухайд нь төлөхийг сануулна. Харин дараагийн удаад гэрээг цуцалж, дараагийн иргэдийг хамруулна. Орлогоо тодорхой хувиар нотолсон иргэдийг түрээсийн орон сууцад хамруулсан. Мөн Хөгжлийн банкны зээлээр барьсан тус барилгын төлбөрийг 972 айлын өмнөөс нийслэл урт хугацаанд төлж барагдуулж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Цаашид түрээсийн хэчнээн орон сууц ашиглалтад оруулах вэ?

-Монгол Улсын Засгийн газар 2020 онд 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах зорилт тавьсан. Ирэх жил 30 гаруй мянган айлын барилгын ажил эхэлнэ. Морингийн даваа, Баянголын ам, Ханын материал, Баянхошуу, Сэлбэ зэрэг шинэ байршилд дэд бүтцийг нь чөлөөлөөд эхэлсэн байгаа. Орлогод нь нийцсэн орон сууцаар иргэдийг хангах ажил үргэлжилж байна.

 

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
13
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж