Гурван Ерөнхий сайдын нүүр үзэж буй Брексит дахин хойшлов

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Гурван Ерөнхий сайдын нүүр үзэж буй Брексит дахин хойшлов

Гурван Ерөнхий сайдын нүүр үзэж буй Брексит дахин хойшлов

Их Британи улс Европын холбооноос гарах асуудал сүүлийн хоёр жилийн турш дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Энэ бол Их Британийн хувьд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш болж буй  хамгийн том үйл явдал гэж дэлхий нийт харж байна. Хэлэлцээний хугацаа дуусах дөхсөн энэ өдрүүдэд Брекситийн асуудал улам л ээдрээтэй болж байна.

Энэхүү үйл явцыг товчоор “Brexit” (British-exit) буюу Брексит гэж нэрлэх болсон ба анх 2015 оны тавдугаар сард Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон парламентын сонгуулиар дахин сонгогдвол Британийг Европын холбооноос гаргах асуулгаар бүх нийтийн санал асуулга явуулна гэсэн тохиролцоо хийсэн байдаг. Түүний хүслээр болж сонгуульд Камероны Консервтив нам ялалт байгуулсан. Ингээд 2016 оны зургадугаар сарын 23-нд бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулахад иргэдийн 52 хувь нь Европын холбооноос гарахыг дэмжсэнээр энэ үйл явц эхэлсэн билээ. Гэвч Европын улс төр, эдийн засгийн нэгдэл бүхий 28 орны бүрэлдэхүүнээс Их Британийг гаргах үйл явц тийм ч амар бүтэлгүй гурван ч Ерөнхий Сайдын нүүрийг үзэж өдийг хүрлээ.

Бүх нийтийн санал асуулгаар Британи улс ЕХ-ноос гарахаар болсны дараа Дэвид Камерон огцорч, Тереза Мэй Ерөнхий сайд боллоо. Ингээд 2017 оны гуравдугаар сард Британийн парламент Европын холбооноос гарах хуулийг баталсан юм. Анх 2009 оны арванхоёрдугаар сард ЕХ-ы улсууд Лиссабоны гэрээнд 50-р заалт гэгчийг оруулсан юм. Уг заалтад:

  • ЕХ-ы гишүүн улс өөрийн шийдвэрээр ЕХ-оос гарах эрхтэй
  • Тухайн улсад ЕХ-ыг орхих хэлэлцээ хийх хоёр жил олгонo гэсэн хоёр заалт оржээ.

Энэхүү гэрээнд Лиссабоны гишүүн улсууд 2007 онд гарын үсгээ зурж, 2009 оноос эхлэн хэрэгжиж эхэлжээ.

Их Британийг Европын Холбооноос гаргах үйл явцыг амжилттай удирдаж чадаагүйнхээ төлөө Ерөнхий сайд Тереза Мэй энэ оны тавдугаар сард огцорч буйгаа зарлалаа. Ингээд Брекситийн асуудлаас болж хоёр дахь Ерөнхий сайд огцорсон юм. Түүний дараа Брекситийн талаар хатуу байр суурьтай Борис Жонсон Тереза Мэйг залгамжлах болсон юм. Их Британийн 77 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Борис Жонсон тэргүүтэй засгийн газар гэрээ байгуулалгүйгээр улс орноо Европын Холбооноос гаргахаар /хатуу Брексит/ хатуу шийдэж,  сайд нарын тусгай бүлэг байгуулж, хатуу Брекситэд эрчимтэй бэлтгэх, 10 дугаар сарын 31 гэхэд боломжит бүхий л аргыг хэрэглэн Их Британийг ЕХ-ноос гаргасан байх ёстой гэсэн үүргийг сайд нартаа өгч байсан юм. Харин товлосон хугацаа нь тулж ирсэн энэ цаг үед бас л асуудал шийдэгдэж амжихгүй нь бололтой.

Борис Жонсон Брекситийн гэрээг гурван сараар хойшлуулах хүсэлт гаргав

Их Британийн Ерөнхий сайд Брекситийн гэрээг гурван сараар хойшлуулах хүсэлтийг гаргажээ. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын холбоотой Брекситийн талаар шинэ гэрээ байгуулж, гэрээг Брюссель баталсан. Гэвч парламентын доод танхим нь энэ гэрээг хэлэлцээд Брекситийг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Өнгөрсөн амаралтын өдрүүдээр болсон санал хураалтын дараа Борис Жонсон Британийн парламентаас гаргасан захидлыг ЕХ-ны удирдлагуудад илгээн, Брекситийг хойшлуулах хүсэлтээ албан ёсоор гаргасан байна. Гэхдээ тэрбээр захидалд гарын үсэг зуралгүйгээр илгээснээс гадна Брекситийг хойшлуулах нь ямар хохирол дагуулах талаар тайлбарлан гарын үсэг зурсан өөр нэг захидалтай хамт явуулжээ.

Мөн Борис Жонсоны Засгийн газар төлөөлөгчдийн танхимд болсон бүтэлгүйтлийг үл харгалзан Брекситийн гэрээгээ батлуулах оролдлого хийнэ гэдгээ ч мэдэгдэв. Жонсоны санааг зовоож буй гол зүйл бол Умард Ирландыг нөлөөндөө хэвээр байлгахын тулд ЕХ Ирландын бэкстопын асуудлыг шууд шийдэхээс зайлсхийн, цаг хожиж байж магадгүй гэсэн болгоомжлол юм. Хэрэв энэ үнэн бол Их Британи улс хатуу Брексит хийсэн ч гэсэн тус холбооноос хамааралтай хэвээр үлдэнэ гэсэн үг юм.  Ийм учраас Лондон, Брюсселийн хооронд болж буй яриа хэлэлцээ нь илт сөргөлдөх байдал руу шилжиж, улмаар Их Британи улс гэрээ байгуулалгүйгээр ЕХ-ноос гарах магадлал өдрөөс өдөрт өссөөр байна.  Хэрвээ британичууд гэрээ байгуулалгүйгээр ЕХ-ноос гарах аваас тус холбооны гишүүн 27 улстай худалдаа хийх боломжгүй болох ба үүнээс үүдэн эдгээр улсад учрах хохирлын хэмжээ ч харилцан адилгүй байх юм.

Их Британи яагаад ЕХ-г орхих гээд байна вэ?

Европын холбоог Франц, Герман, Итали, Бельги, Люксембург, Голланд гэсэн зургаан улс үндэслэсэн байдаг. Харин Британийн хувьд Анх 1973 онд Европын холбоонд элсч байв.

Британи ЕХ-ноос гарахыг эрмэлзэж буй эхний шалтгаан бол хамтын нөхөрлөлийн 53 орон багтсан олон улсын харилцааны шинэ бүтэц рүүгээ чиглэсэн бодлого явуулах сонирхол Их Британид бий.

Харин хоёрдугаар шалтгаан бол ЕХ нь гишүүн орнуудынхаа бие даасан байдалд маш их нөлөөлж байна гэж үзэх болсон. Дараагийн нэг шалтгаан нь Британи улс ЕХ-нд их хэмжээний татвар төлж байна гэж үздэг. Их Британийн нийт төлдөг татавар ЕХ-ны нийт төсвийн 10 орчим хувийг бүрдүүлдэг гэсэн тооцоо ч бий. Брекситийг эхлүүлэх болсон өөр нэг зүйл бол цагаачлалын асуудал юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж