Ар Гүнтийн осол: Хоёр хүн сэхээний тасагт эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Ар Гүнтийн осол: Хоёр хүн сэхээний тасагт эмчлүүлж байна

Ар Гүнтийн осол: Хоёр хүн сэхээний тасагт эмчлүүлж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Ар гүнтийн даваа орчимд өнгөрөгч Бямба гаригт /2019.10.19/ том оврын автобус осолдож, ослын улмаас зургаан хүн газар дээрээ, эмнэлэгт хүрэх замд нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Автобусанд Дотоод хэргийн их сургуулийн ажилтан, багш нар нийлсэн 39 хүн явж байсан юм. Тэд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн Замтын-Эх гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Наранбулаг” амралтын газрын чиглэлд явж байгаад осолдсон.

Ослын шалтгааныг тодруулахаар Дотоодын их сургуулийг зорин очлоо. Гэвч холбогдох албаныхан “Мэдээлэл өгөх мэргэжилтнүүд гадуур завгүй ажилтай байгаа учраас ослын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэдэг хариулт өгч, дотогш нэвтрүүлсэнгүй. Тус сургуулийн Олон нийттэй харилцах албаны дарга н.Ууганбаяр дэд хурандаатай утсаар холбогдоход “Бид их сургууль дээр байхгүй байна. Ослын улмаас амь насаа алдсан, гэмтэж бэртсэн ажилчдадаа болон ар гэрт нь туслахаар ажиллаж байна” гэдэг хариулт өгсөн юм.

ЗУРГААН ХҮН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ рүү очиход осолд өртсөн зорчигчдын ар гэрийнхэн хоол цай зөөж байгаатай таарлаа. Ар гэрийнхнийх нь зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байв.

Тус төвд нийт 30 хүн хүргэгдэн ирснээс эмч мэргэжилтнүүд анхны тусламж үзүүлж, үзлэг оношлогоог цаг алдалгүй хийжээ. Осолд өртсөн хүмүүсээс хөнгөн гэмтэлтэй 10 хүнийг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг рүү тэр өдрөө шилжүүлж, ГССҮТ-д 20 хүн хэвтэн эмчлүүлжээ. Гэмтлийнхээ шалтгаанаас хамаарч өөр өөр тасагт эмчлүүлж байгаа бөгөөд ихэвчлэн хүзүү, нуруу, тархи мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгааг эмч мэргэжилтнүүд хэлэв.

Өчигдрийн байдлаар /2019.10.21/ зургаан хүн эмнэлгээс гарч, 14 хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэдэг мэдээллийг мэргэжилтэн өгсөн. Одоогоор хоёр хүний биеийн байдал хүнд, сэхээний тасагт эмчлүүлж байгаа аж. Эмнэлгийн тасгуудаар Дотоодын их сургуулийн ажилтнууд ар гэрийнхэнтэй нь уулзан тусалж байгаатай тааралдсан юм.

ОСОЛДСОН АВТОБУСЫГ ОНОШЛОГООНД ОРУУЛНА

Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгчээ. Ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байгаа аж.

Ослын шалтгааны талаар тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргалаас тодруулсан юм. Тэрбээр “Энэ сарын 19-ний өдөр буюу Бямба гаригийн 11.25 цагт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Ар гүнт гэдэг газар “Hyundai Aero town” маркийн 0780 УНУ улсын дугаартай автомашин осолдож, нийт долоон хүн нас барж, 30 хүн гэмтсэн харамсалтай осол гарлаа.

Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн бүрэн шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Уг шалгалтаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үзэж, бусад эвдрэл гэмтэл байсан эсэх гээд ослын шалтгаан нөхцөлийг шалгаж тогтооно. Автобусны жолооч "Огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн. Бид үүнийг нягталж шалгана. Тээврийн цагдаагийн албанаас газар дээр нь шалгалт хийхэд жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсон. Жолоочийн өгсөн мэдүүлгийн дагуу автомашин хэчнээн эвдрэл гэмтэлтэй ч оношлогоогоор оруулж, техник шинжээчид нарийн дүгнэлт гаргана. Одоо ослын шалтгааныг шалгаж байгаа учраас урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

АВТОБУС АР ГҮНТИЙН ДАВААНЫ ЭРГЭЛТТЭЙ ХЭСЭГТ ОСОЛДООГҮЙ

Автобус шороон зам дөнгөж дуусаад, хатуу хучилттай зам руу орох хэсэгт осолдсон гэдгийг албаныхан хэллээ. Өөрөөр хэлбэл, Ар гүнтийн давааны эргэлттэй хэсэгт осолдоогүй гэсэн үг.

Ар гүнтийн давааны энэ замд нэлээдгүй авто осол гардаг байна. Өвөлдөө хальтиргаа гулгаа ихээр үүсч, өвлийн дугуйтай машин ч осолдох тохиодол гардаг гэдгийг Тээврийн цагдаагийн албаныхан хэллээ.

Осол хэрэг гарсан цэгт 2018 онд 10 авто осол гарч, найман хүн гэмтсэн бол 2019 оны гарсаар энэ цэгт 10 осол бүртгэгдэж, долоон хүн нас барж, нийт 35 хүн гэмтсэн байна.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж