Монгол Улсыг мөнгө угаах, терроризмтэй тэмцэх олон улсын FATF гэх байгууллага Саарал жагсаалтад оруулсан нь сүүлийн өдрүүдийн дуулиан болж байна. Бүгд л Саарал жагсаалт мэддэг болж, өөр өөрсдийнхөөрөө ихэрхэж, элдэв мэдээлэл, мэдэгдэл хийж, буруутныг эрж хайсаар. Гайхалтай нь, Саарал жагсаалтад Монголыг оруулсан буруутан гэж алга. Засгийн газарт, холбогдох сайд нар дунд нь хариуцлагаа хүлээе, бидний буруу гээд Төв банкны удирдлагууд шиг зоригтой хэлчих хүн ч алга. Эцэстээ буруутан нь өмнөх парламентын гишүүд, сайд нар эсвэл хэн ч биш болоод үлдэх бололтой. Эрх баригч намын зүгээс хэн нэгэнд хариуцлага тооцно гэхдээ хэнд гэдгийг хэлэх боломжгүй гэх тайлбартай.
Ингэж буруутныг бусдаас хайж, хариуцлагаас зугатсан өдрүүд цаашид ч өрнөнө.
Гэхдээ энэ бүхний хажуугаар тоохгүй эсвэл анзаарахгүй өнгөрч боломгүй зүйлс эрчээ аван шил даран шуударч эхлэв бололтой. Үнэндээ Монгол Улс өмнө нь Саарал жагсаалтад орж байсан, хар жагсаалтын нь хаалгыг татаж байсан гашуун түүх бий. Тэр бүгдэд засаг барьж байгаа нь шаардлагатай арга хэмжээгээ авч, жагсаалтаас гарч, хаалгыг нь хааж байсан түүхтэй, туршлагатай. Ийм байхад энэ удаад дээрх сэдвийг хэн, ямар зорилгоор өндөр авхуулахаар "баадуудаж" эхлэв. Саарал жагсаалттай Монголын эдийн засаг, улс төрд ямар ямар шалгалт хийх, хаана ямар хууль эрх зүйн өөрчлөлт хийх, ямар арга хэмжээ авах вэ хэмээн ид бужигнаж байх учиртай.
Саарал жагсаалттай зэрэгцэн хуулийн байгууллага “хөдөлж” эхлэв. Саарал жагсаалтад ямар шалтгаанаар орсныг мэргэжлийн хүмүүс нь тайлбарлаж байгаа ч үүний хажуугаар оффшор, Оюутолгой, ЖДҮ гээд хуулийн байгууллага дээр гацаж байгаа улс төрийн зорилго агуулсан зарим хэргийн процесс өрнөж эхлэв.
АТГ-аас гэхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэргийг прокурорт шилжүүлж, прокурор хянаж байгаа талаарх мэдээлэл хэд хоногийн өмнөөс ил болж эхлэв.
Одоогоос нэг жил зургаан сарын өмнө хоёр ч Ерөнхий сайдаа нэг өдөр цагдан хорих шийдвэрийг хуулийн байгууллага гаргаж, хорьж байв. Түүний өмнөхөн Сангийн сайд асан С.Баярцогтыг хориод байсан юм. Тэдний хэргийг АТГ-аас шалгаж байсан бөгөөд гэнэтхэн нэг өдөр байцаалт авах гэж дуудаад ачсан байдаг. Чухам энэ цагаас хойш АТГ Ерөнхий сайд, Сангийн сайд асныг оффшор эсвэл Оюутолгойн алинаар нь шалгаж байгаа нь тодорхой бус, хэргийг нь шалгасаар байна гэсэн үгээр л өнөөдрийг хүртэл хэвлэлийхний амыг таглаж байв. Бараг л хоёр жилийн хугацаанд шалгаж байсан энэ хэрэг “гэнэтхэн” прокурорын хяналтад шилжсэн нь саарал жагсаалтад орсон дүйвээнтэй зэрэгцэж байгаа нь хар төрмөөр. Тэр ч бүү хэл ЖДҮХС-ын асуудлаар шалгагдаж байсан Б.Батзориг гишүүний хэрэг ч мөнө прокуророор хянагдаж, шүүх рүү шилжсэн. Энэ мэт удаан шалгагдаж, хүлээгдэж, улс төрийн том сэдэв, сенсац байсан хэргүүд эхнээсээ шүүх рүү шилжиж, шуурхайлж эхэлсэн нь хуулийн байгууллага ажлаа сайн хийж байгаа гэж дүгнэх үндэслэл харагдахгүй байгааг нуух юун. Тэр дундаа эзэн холбогдогч нь хэн байх, тэдний талаар хэн олон нийтийн сүлжээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодотгон ярьж байгаа нь ч энэ хэргүүдийн зангилаа, гогцоо нь болов уу гэж хар төрмөөр. Түүгээр ч зогсохгүй тэрийг, энийг огцруул, огцруулна гэх идэвхтэн, иргэний нийгмийнхэн ч мэдээлэл хийж, тэмцэл өрнүүлж эхэлсэн нь цаг үеэ ч нэг олжээ гэмээр. Чухам иймээс л саарал жагсаалтын ард улс төр байна, тэр дундаа нилээд ч том улс төр явчихав уу гэж хардмаар. Энэ бүхнийг ирэх өдрүүдэд өрнөх хуулийн байгууллагын “шуурхай” ажиллагаа харуулах болов уу.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ