УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.10.21/ өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, шахмал түлш тойрсон асуудлаар албаны хүмүүсээс мэдээлэл сонссон юм. Уг арга хэмжээнд Засгийн газрын сайд нар оролцоогүйд УИХ-ын гишүүн Я.Санжмятав бухимдлаа илэрхийлэв. Арга ч үгүй юм, албаны мэдээллээр аравдугаар сарын 4-21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшинд хордсон гэх 206 дуудлага ирж, 549 хүн хордож, 8 иргэн амиа алдаад байгаа юм. Гэвч эрх барьж буй намынхан энэ асуудлыг өмнөх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн гэж үзэн санаа амарсан уу, эсвэл өдөр бүр энэ тухай мэдээллийг сонссоор чих нь дөжирсөн үү, өргөтгөсөн хэлэлцүүлэгт оролцсонгүй.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Сайд нар нь яагаад ирэхгүй байна. Байгаль орчин, Хууль зүй, Эрчим хүчний сайд нарт хамааралгүй асуудал юм уу. Дэндүү хариуцлагагүй хандаж байна. Хэний Засгийн газар хийж байгаа нь чухал биш. Хэн ч байсан хийх ёстой. Гэхдээ нэг нь зөв юм хийж байхад Ардчилсан нам эсэргүүцээд л, ард түмэнтэйгээ нийлээд улстөржүүлээд байна гэсэн энэ гажуудалтай зар сурталчилгаагаа болиоч та нар. Яасан их мөнгөтэй юм бэ?. Тэрнийхээ оронд зөв сурталчилгаа хий. Хотын дарга айлд очсон, гал түлээд сууж байна билээ. Хэдэн айлд очиж гал түлэв. Нэг айлд баахан телевизийхэнтэй очоод гал түлсэн бол буруу тийшээ харсан Засаг дарга байна. Тэр мэт айлуудад түлээд яваад байгаа юм уу?. Хамгийн ноцтой зүйл бол энэ Засгийн газар, хотын удирдлага буруугаа хүлээсэн сурталчилгаа хийгээгүй. Энэнийхээ төлөө уучлалт гуй л гээд байгаа юм. Найман хүний амь нас эрсэдсэн байхад үүнээс илүү эмгэнэл гэж юу байх вэ? Д.Ядамдоржоо чи ардын хүүхэд, найман хүн алтан амиа алдчихаад байхад ямар хариуцлагагүй үг хэлж байна. Дуудлагаас бусад тохиолдол нь өөрсдөө хордсон, өөрсдөө очиж эмчлүүлсэн гэх юм. Бас түлшнээс гадна бензин шатахуунд хордсон гэх юм. Тэр зуух дэлбэрсэн айлд бензин байсан юм уу, амь насаа алдсан гэр бүл бензинд хордсон юм уу?. Гэтэл энэ Засгийн газрын хүүхэд шиг л ярих юм. Найман хүн тодорхой бус шалтгаанаар амиа алдсан гэх юм, Ж.Батбаясгалан. Цагдаагийн газраас чинь 4 нь тодорхой болсон гэж байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Айл өрх рүү оруулж байгаа хор уршигаа сайн шалгаач. Нийт айл өрхийн 65 хувь нь энэ түлшийг хэрэглэх зуух байхгүй байна гэх юм. Тэр 65 хувьд багтах айл өрхөө хордож үх гэж байгаа юм уу?. Маш буруу ноцтой мэдэгдэл хийгээд сууж байна” гэж зэмлэлээ.
Г.ОЮУ
Холбоотой мэдээ