Саарал жагсаалт "Оюутолгой" төсөлд хүндрэл учруулна

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Саарал жагсаалт

Саарал жагсаалт "Оюутолгой" төсөлд хүндрэл учруулна

Саарал жагсаалт "Оюутолгой" төсөлд хүндрэл учруулна

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF-аас баасан гаригт /2019.10.18/ хэд хэдэн улсыг саарал жагсаалтад оруулж бас заримыг нь хаслаа. Саарал хэмээн тодотгосон уг жагсаалтад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эсрэг хамгаалалт сул, эсвэл ингэж олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрсдэл өндөр улс орнуудыг оруулдаг ба шинээр тус жагсаалтад нэмэгдсэн улсуудын нэг нь Монгол Улс байлаа. Саарал жагсаалтын талаар сүүлийн хэдэн өдөр дээр дооргүй ярилцаж байна. Харин энэхүү жагсаалтад Монгол Улс багтах болсон нь “Оюутолгой” төсөлд сөргөөр нөлөөлж байгаа талаар “Financial Review” нийтэлснийг орчуулан хүргэе.

Австралийн Рио Тинто компанийн “Оюутолгой” төслийн гэрээг эргэн харах, гэрээнд өөрчлөлт оруулах талаар Монголын эрх баригчид ярилцах болсон. Яг энэ цаг үед Монгол Улсыг Зимбабве, Исланд зэрэг улсуудтай хамт саарал жагсаалтад оруулсан нь "Оюутолгой" төсөлд санхүүжилт татахад хүндрэл учруулж байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 1989 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын FATF агентлаг нь нийт 39 гишүүнтэй. Түүний нэг нь Австрали.

Рио Тинто болон түүний охин компани болох “Turquoise Hill Resources” (TRQ) нь "Оюутолгой"-н зэс, алтны уурхайн гүний өргөтгөлийг барих 5,3 тэрбум ам.долларын санхүүжилтэд зориулж 2015 онд 4,4 тэрбум ам.доллар зээлжээ. Гэтэл өнгөрсөн долдугаар сард тус компани нь “Оюутолгой” төслийн өртөг 6,5 – 7,2 тэрбум болж нэмэгдэж магадгүй талаар мэдээллүүд хөврөх болов. Гэхдээ үүнд уурхайн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай цахилгаан станц барих зардал багтаагүй гэнэ. Ингээд компанийн удирдлагууд төслийг гацаахгүй цааш үргэлжлүүлж, хүндрэлийг даван туулахын тулд дахин нэмж “өр тавих” талаар зээлдэгчидтэй ярилцаж эхэлсэн байна.

"Бидний тооцооллоор одоогоор цахилгаан станцын төслийн санхүүжилт ба дэд бүтцийн санхүүжилтэд зориулж 3,4 тэрбум ам.доллар, дахин хөрөнгийн эх үүсвэрийн санхүүжилтэд 500 сая ам.доллар шаардлагатай” гэж Канадын “Canaccord” санхүүгийн байгууллагын шинжээч Далтон Баретто хэлжээ.

Харин Австралийн томоохон санхүүгийн фирмүүдийн нэг болох “Macquarie”-ийн шинжээч Хайден Баийрстоугийн үзэж байгаагаар нөхцөл байдал ноён Далтоных шиг хүндэрчихээгүй аж. Түүнийхээр бол одоо "Оюутолгой" төсөлд 2,8 тэрбум ам.доллар хэрэгтэй гэв.

Ноён Баретто өнгөрсөн сард Монгол Улсад ирэх үеэрээ "Оюутолгой"-н хамтарсан зээлийн төлөөлөгчидтэй уулзсан ба тэд энэ төсөл дээр цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаа тухай ярьсан байна.

Тэрбээр хэлэхдээ “Зээлдүүлэгчид юун түрүүнд “Оюутолгой” төслийн гэрээг шинэчлэх эсэх дээр тодорхой шийдлийг хүлээж байна. Хоёрдугаарт,  уг төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг дэмжиж буй хууль эрх зүйн хэлэлцээрт Монголын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлнэ гэсэн итгэл хэрэгтэй. Мэдээж зээлдүүлэгчид зээлийн шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс өмнө шинэчилсэн гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг шаардах болно. Ирэх оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болно /магадгүй үүнээс өмнө гэнэтийн сонгууль болж болно/. Ийм тохиолдолд сонгуулийн дүн тодорхой болох хүртэл зээлдүүлэгчид хөдлөхгүй учир төсөл гацаанд орох вий гэх айдас байна” хэмээжээ.

Саарал жагсаалтад орох болсон бас нэг шалтгаан бол ОУВС-ын шалтгалт. Монгол Улс тус байгууллагын шалгалтад унажээ. ОУВС-ийн шаардлагад нийцтэл банкны салбараа бэхжүүлээгүй тул 2018 оны сүүлээс эхлэн тус сан хөрөнгөө эргүүлэн татсаар байгаа юм.

ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Жефф Готтлиб  Монгол Улс саарал жагсаалтад орохоос өмнө “Australian Financial Review”-д өгсөн ярилцлагадаа “Оюутолгой төсөл бол Монгол Улсын макро эдийн засагт маш чухал ач холбогдолтой. Хэрэв төсөл зогсчихвол энэ нь тус улсын төлбөрийн тэнцэлд маш их нөлөө үзүүлэх учир бид бүх урьдчилсан тооцоогоо дахин нухацтай хянах хэрэгтэй болж, тус улсад өгөх зөвлөмжүүдээ ч эргэн харах хэрэг гарна” хэмээн ярьж байж.

Монголын Засгийн газрын үндсэрхэг үзэл "Оюутолгой"-н уурхайн санхүүжилтэд сөргөөр нөлөөлж байгаа эсэх талаар түүнээс асуухад тэр үүнд тодорхой тайлбар өгөхийг хүсэхгүй байна гэжээ.

Гэхдээ тэр  “Ерөнхийд нь хэлэхэд зарчмын дагуу ард иргэд байгалийн баялгаас шударгаар хувь хүртэх болон гадаадын хөрөнгө оруулагчид тохиролцсон хувиа авах хоёрын хооронд маш нарийн зохицуулалт хэрэгтэй. Миний харж байгаагаар Монгол бол байгалийн баялаг ихтэй, түүнийгээ ашиглахын тулд гаднын хөрөнгө оруулагчид зайлшгүй хэрэгтэй. Магадгүй одоо байгаагаасаа ч илүү олон хөрөнгө оруулагч татах боломжтой. Байгалийн баялгаас олсон ашгаа эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гэх мэт маш олон салбарт зарцуулж болно. Гэвч яг одоогийн байдлаар Монголд гаднын хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцөл боломж улам хүндэрч байгаа нь харамсалтай.

Ноён Готтлибын хэлж буйгаар, Монгол Улс 2017 онд ОУВС-аас дэмжлэг авахад гурван том хүчин зүйл нөлөөлжээ. Нэгдүгээрт, "Оюутолгой" төслийн хоёр дахь шатны ажил тэр үед эхэлж байж. Хоёр дахь нь түүхий эдийн үнэ огцом өссөн, гуравдугаарт Хятад улс их хэмжээгээр нүүрс импортлох шийдвэр гаргасан нь Монголын нүүрсний экспортыг огцом нэмэгдүүлсэн.

Эх сурвалж: Financial Review

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж