НҮБ-ын нээлттэй хаалганы өдөрлөг өнгөрсөн бямба гаригт НҮБ-ын байранд боллоо. Монгол Улс НҮБ-ын нээлттэй өдрийг анх удаа зохион байгуулсан бөгөөд энэ өдөр иргэд, олон нийтийг өөрийн байрандаа урьж оролцуулснаараа онцлог болов. Тус өдөрлөгт найман настай балчраас 80 настай буурал хүртэл 600 гаруй иргэн оролцсон юм.
НҮБ-ын ажилтан, нээлттэй өдөрлөгийг зохион байгуулагч Л.Номинтой уулзаж өдөрлөгийн зорилт болон НҮБ-ын үйл ажиллагааны талаар сонирхлоо. Тэрээр НҮБ-ын өдрийг “Тогтвортой хөгжлийн төлөө бүгдээрээ хамтдаа ажиллацгаая-зүтгэцгээе” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Жил бүрийн аравдугаар сарын 24-нд НҮБ дүрмээ баталж, байгуулагдсан өдөр тохиодог. Ойгоо угтаж бид НҮБ-ын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж байна.
НҮБ дэлхийн улс орнуудад тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө анхааран ажиллаж байна. АНУ-ын Нью-Йорк хотноо 2015 оны есдүгээр сард дэлхийн 193 орон Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг баталсан. Үүнээс таван сарын дараа Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, зорилтоо УИХ-аар тодорхойлж, 2020-2030 онд хэрэгжүүлэхээр болсон. Энэ зорилтыг хэрэгжүүлэх нь зөвхөн НҮБ, Засгийн газруудын хийх ажил биш. Манай дэлхийн бүх хүн, хүүхэд, залуус, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй, баян, ядуу үл хамааран иргэн бүр хамтдаа оролцож байж Тогтвортой хөгжлийн зорилтууд биеллээ олно” хэмээв. Харин хүүхэд залуусын хувьд тэд байгаль орчноо хамгаалах болон Тогтвортой хөгжлийн 17 зорилтын талаар мэдээлэлтэй болсон байв. Өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирж өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, тэнд цугласан залууст өөрсдийгөө илэрхийлсэн юм. Энэ талаар МУБИС-ийн оюутан О.Нарангэрэл “Өнөөдрийн энэ арга хэмжээнд оролцсоноор хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг гадаад байдлын хувьд биднээс өөр түүнээс бидэнтэй адилхан. Мөн тогтвортой хөгжил гэдэг биднээс хол зүйл мэт санагддаг байсан бол бидний оролцоо үүнд хамгийн чухал гэдгийг ойлгож авлаа” гэсэн юм.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ “Тогтвортой хөгжлийн төлөө бүгдээрээ хамтдаа ажиллацгаая-зүтгэцгээе” гэсэн уриан дор төр, засгийн төлөөлөл, НҮБ-ын 15 салбар агентлагийн суурин төлөөлөгч, ажилтнууд, ард иргэд энэ өдөрлөгт идэвхтэй оролцож байна. Тогтвортой хөгжил гэдэг бол нийтээрээ том ухаарал руу орж байна гэсэн үг юм. Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл байгаль орчноо ашиглагч маягаар хөгжиж ирсэн. Харин манай нүүдэлчин соёл иргэншил бол байгаль орчноо хайрлан хамгаалж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдсан. Тиймээс бид өмнөх үеэсээ ямар байгаль орчин хүлээж авсан яг түүнийгээ ирээдүй, хойч үедээ өвлүүлэн өгч хөгжих юм байна гэдгийг ойлгосон юм. Хэчнээн баян байгаад байгаль орчин сүйрсэн орон бол нэн ядуу болохын цондон. Тиймээс өнөөдөр залуучууддаа энэ талаар ойлгуулж нээлттэй ярилцаж байна” гэсэн юм.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН
Холбоотой мэдээ