"Хариуцлага хүлээхэд бэлэн, гэхдээ FATF-ын үнэлгээ одоогийн ажлынх биш"

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

"Хариуцлага хүлээхэд бэлэн, гэхдээ FATF-ын үнэлгээ одоогийн ажлынх биш"

"Хариуцлага хүлээхэд бэлэн, гэхдээ FATF-ын үнэлгээ одоогийн ажлынх биш"

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF Монгол Улсад саарал жагсаалтын хориг дахин тавьсантай холбоотойгоор Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.


-FATF-ын шийдвэр гарахаас өмнө Монгол банкны зүгээс тус байгууллагын зөвлөмжүүдийг хангалттай биелүүлсэн, саарал жагсаалтад орохгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, манай улс саарал жагсаалтад дахин орсныг зарлалаа. Үүнд Монголбанкны зүгээс ямар тайлбар өгөх вэ?

FATF өөрийн вэб сайт дээрээ өнгөрсөн баасан гаригт мэдэгдлээ гаргасан. Тус мэдэгдэлд 2017 оны харилцан үнэлгээний багийн үнэлгээнд үндэслэж, Монгол Улсыг хяналтдаа авахаа үргэлжлүүлж байна гэж дурдсан. 2017 оны харилцан үнэлгээний багийн үнэлгээ нь юу байв гэхээр 2013-2016 онуудад Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх үйл ажиллагааны чиглэлд юу хийв, дүрэм, журам холбогдох хууль эрхзүй орчин нь ямар байна вэ гэдгийг үнэлсэн. Энэ чиглэлүүдийг хангах тодорхой үүргийг бид авч ажилласан. Өөрөөр хэлбэл, энэ нь 2017 оноос хойш явж буй хяналтын процесс. FATF-аас 40 зөвлөмж гаргадаг. Уг зөвлөмжид хууль эрхзүйн тогтолцоо ямар байх, ямар байгууллагууд юу, юу хийх шаардлагатай вэ гэдэг талаарх техникийн үзүүлэлтүүд тусгагддаг. Эдгээр техникийн үзүүлэлтүүдийг хэрэгжүүлэх тал дээр тухайн улс яаж ажиллав гэдэгт 11 үзүүлэлтийн хэрэгжилтийг  харилцан үнэлгээний баг шалгадаг. FATF-ын 40 техникийн үзүүлэлт болон 11 хэрэгжилтийн хангах чиглэлээр 2013-2016 онд хийсэн ажлаараа бид 2017 онд харилцан үнэлгээний хяналтад орсон. Үүнээс хойш дээрх 40 техникийн үзүүлэлтээс  35-ыг нь манай улс дундаас дээш буюу дийлэнхийг нь бүрэн хангасан гэсэн үзүүлэлт гаргасан. Харин хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс дөрвийг нь цаашид үргэлжлүүлэх шаардлага байна гэж FATF дүгнэлээ.

-Тус дөрвөн үзүүлэлтэд юу, юу орж байгаа вэ?

-Банк бус байгууллагын мэргэжлийн оролцогчдын хяналтын тогтолцоогоо сайжруулах, хоёрдугаарт үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, санхүүжүүлэхтэй холбоотой ажилд Монгол Улс ахиц гаргах шаардлагатай байна, гуравдугаарт мөнгө угаах, терроризмтой тэмцэхэд эрхзүйн зохицуулалтынхаа хүрээнд ажиллаж байна уу, хууль хяналтынхаа байгууллагад шийдэгдэж байна уу гэдэгт мөн ахиц гаргах шаардлагатай байна гэж үзээд FATF хяналтдаа авсан гэсэн үг.

-Өнгөрсөн хугацаанд дээрх дөрвөн зөвлөмжийг хангах боломж байгаагүй юм уу?

-2017 оны үнэлгээгээр Монгол Улс FATF-ын 40 техникийн үзүүлэлтийн дөнгөж 20 хүрэхгүй нь биелүүлдэг байсан бол одоо 34 үзүүлэлтийг нь биелүүлсэн. Үүнийг хангахын тулд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон ажил хийсэн. Дахин илүү сайн ажиллах шаардлага байна гэсэн үг. Дээрх дөрвөн зөвлөмжийн хүрээнд сайн ажиллаж чадвал FATF-ын хяналтаас гарах боломжтой. Ингэхийн тулд талуудын хамтын ажиллагаа чухал. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хамтын ажиллагааны зөвлөлийг Монгол банк даргалж байгаа. Энэ хүрээндээ үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Аль болох богино хугацаанд хэрэгжүүлнэ тэр хэрээр FATF-ын хяналтаас гарна. Ирэх ондоо багтаагаад бүх ажлыг хийж дуусгана гэсэн зорилт тавьж байна.

-Магадгүй хариуцлагын асуудал яригдах байх?

-Хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ FATF-ын үнэлгээ өнөөдрийн ажил дээр хийсэн үнэлгээ биш. 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ. Энэ дүн бол Монгол Улсад тавьсан дүн. Түүнээс биш Монголбанк эсвэл аль нэг төрийн байгууллагад тавьсан дүн огт биш. Монгол Улсад тавьсан дүн учраас нийтээрээ бид хамтарч ажиллаж байж саарал жагсаалтаас гарна. Жишээлбэл санхүүгийн бус мэргэжлийн оролцогч гэдэгт нотариатч, өмгөөлөгч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, алт, үнэт  металлын арилжаа хийдэг хүмүүс энэ төрөлд ордог. Хуулиараа бол Мөнгөн завьяа гэдэг дэлгүүрт 20 сая төгрөгөөс дээш худалдан авалт хийгдэх тохиолдолд энэ талаарх мэдээллийг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд өгөх үүрэгтэй. Гэтэл энэ талаарх мэдээлэл огт ирэхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн үг.

-Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ нотолж чадахгүй байсан нь саарал жагсаалтад ороход нөлөөлсөн үү?

-Банкуудтай холбоотой эх үүсвэрийн асуудал ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажил. Тиймээс FATF-ын үнэлгээтэй хамааралтай биш.

-Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Монголбанкнаас мэдэгдэл гаргасан байсан?

-FATF гишүүддээ хяналтад оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй нь гадаад төлбөр тооцоо саатах, төлбөрийн карт хүчингүй болох, гадаад валютын урсгал багасах зэрэг шууд сөрөг нөлөөлөл үүсгэхгүй болохыг тайландаа дурдсан. Тиймээс ханшийн богино хугацааны зохиомол савлагаа үүсгэж, зах зээлийг төөрөгдөлд оруулах оролдлого гаргахгүй байхыг анхааруулж Монголбанкнаас мэдэгдэл гаргасан. Монголбанкны зүгээс FATF-ын хяналт нь төлбөр тооцоог зогсоох, санхүүгийн хэвийн зуучлалыг тасалдуулах, эдийн засгийн өсөлт, төгрөгийн тогтвортой байдлыг алдагдуулах нөхцөлийг үүсгэхгүй, үүсч болох нөлөөллийг эдийн засгийн өнөөгийн хүчин чадлаар шийдвэрлэх бүрэн бололцоотой. Учир нь Монгол Улсын эдийн засаг өсч, 6.5 хувийн өсөлттэй байна. Улсын төсөв 2019 онд алдагдалгүй гарахаар байна. Мөн төлбөрийн тэнцэл ашигтай гарсан. Энэ бүхэн валютын нөөцийг нэмэгдүүлж байгаа учраас ханш өсөх эдийн засгийн суурь шалтгаан, дарамт байхгүй. Одоогоор манай улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь мөн төгрөгийн ханш унах нөхцөл болохгүй.

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд ам.доллар 10 төгрөгөөр өслөө. Цаашид ч өсөх магадлал өндөр байна?

-Ам.доллар 10 төгрөгөөр өссөн гэдэг нь Найман шарга буюу банк бус байгууллагуудын самбарын ханш. Банкуудын самбарын ханш өөр байгаа. Монголбанкны зүгээс долоо хоногт хоёр удаа дуудлага худалдаа зохион байгуулдаг. Тиймээс банкуудад валют хомсдох асуудал байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж