Б.Пүрэвдорж: Хүний амь хохирсон асуудлаар та нарт хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж: Хүний амь хохирсон асуудлаар та нарт хариуцлага тооцно

Б.Пүрэвдорж: Хүний амь хохирсон асуудлаар та нарт хариуцлага тооцно

УИХ дахь АН-ын зөвлөл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон сайжруулсан шахмал түлшний талаар холбогдох албанхнаас мэдээлэл сонслоо. 2019 оны аравдугаар сарын 4-өөс хойш сайжруулсан шахмал түлшинд 206 иргэн хордсон дуудлага ирж, 549 хүн угаарын хийж хордож, найман хүн амиа алдсан байна. 199 хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээж ажиллаж байгаа юм байна. Хуралдааны үеэр АН-ын зөвлөлийн гишүүд шахмал түлш яагаад иргэдэд аюул урчуулж байгаа болон түүний үр дагаварыг арилгах, нэмж хохирол амсахгүйн тулд юу хийх вэ гэдэг сэдвээр байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Шахмал түлшинд маш их мөнгө хуваарилагдсан. Тэр мөнгийг хулгайлсан хүмүүсийн балгаар хүний амь эрсдэж байна. Хөрөнгө зарцуулалттай холбоотой албан тушаалтнууд мэдээлэл өгөхийг шаардаж байна. Албан тушаалтнуудыг хүн амины хэрэг хийсэн гэдгээр нь жилийн дараа шоронд явуулна. Хариуцлагаас мултарна гэж байхгүй. Өнөөдөр долоон хүний амь хохирч, хэдэн зуун хүний эрүүл мэндийг хохироосон хүмүүст жилийн дараа хариуцлага тооцно. Тиймээс бодолтой байгаарай. Хэн нэгэн даргыг хамгаалах юм бол өөрсдийн чинь толгой дээр бууна гэдгийг сануулъя. Бид хариуцлага тооцдог нам шүү.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө бүх төрлийн судалгаа, шинжилгээ хийсэн байх ёстой. Зууханд, иргэдэд буруугаа үүрүүлж болохгүй. Одоо бол ниргэсэн хойно нь хашгирахтай адил зүйл болж байна. Тиймээс хариуцлага яригдах ёстой. Энэ асуудлыг улс төрийн хонжоо харсан байдлаар хандаж болохгүй. Өвөл болоход ямар эрсдэл биднийг хүлээж байгааг бид нэгдэж ярих ёстой. Өглөө болгон иргэддээ мэдээлэл өгмөөр байна” гэв.

Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан:

-Маш олон төрлийн туршилт явагдсан. Гэр хорооллын иргэдийн бараг 99 хувьд буюу 174 мянган айл өрхийг сайжруулсан зууханд шилжүүлсэн байсан. Харамсалтай нь айл өрхийн 65 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй зуухтай байна. Түлшний уутан дээр ханын пийшин болохгүй гэж бичихээс илүүтэй үндэсний хорооноос айл бүрээр орж мэдээлэл өгсөн. Борлуулалтын бүх цэгт мэдээллийн самбар байрлуулсан байгаа. Айл өрхүүдийг зуухаа шийдэх болон дээр нь угаарын хийн мэдрэгчээр хангах шийдвэрийг Засгийн газраас гарган ажиллаж байгаа. Арваннэгдүгээр сарын 1-ний дотор шийднэ. Эхний ээлжинд зургаан дүүргийн галлагаагаа шийдсэн айл өрхүүдэд угаар мэдрэгч нийлүүлнэ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Сайжруулсан түлшийг хэрэглэхэд ханан пийшин болохгүй, цооролттой зуух болохгүй гэсэн анхааруулга алга. Уутан дээр нь бүх төрлийн зуух ашиглаж болно гэсэн байгаа. Уутаа өөрчилж, залруулахгүй юм уу. Иргэдэд буруу өгч болохгүй. Нөхөн олговорыг яаралтай шийд. Угаарт хордсон иргэдийн эрүүл мэндэд ямар ч өөрчлөлт гараагүй гэдэгт би итгэхгүй. Дотор эрхтэнүүдийн хордлого, тэндээс үүсэх эмгэг урт хугацаанд гарна. Алдаа гаргасан бол уучлалт гуйх хэрэгтэй.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж