"Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

"Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлэв

"Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлэв

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл өнөөдөр /2019.10.21/ Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. Тэд уг жагсаалын дараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон холбогдох албаны хүмүүст сургуулийн байраа эргүүлж авах талаар шаардлага хүргүүлэх аж.

Кембрижийн хөтөлбөртэй Төрийн өмчит “Монгол Тэмүүлэл” сургууль анх 2017 онд өөрийн эзэмшлийн байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тухайн үед Нийслэлийн Ерөнхий боловсролын 133-р сургуулийг хичээлийн байрны асуудал шийдэгтэл "Монгол Тэмүүлэл" сургуулийн 1, 2-р давхарт түр хугацаанд байрлуулах шийдвэр гаргасан байна. Ингэхдээ хүүхдийн тоог 450-аас хэтрүүлэхгүй гэсэн шаардлагыг тухайн үеийн сайд тавьсан бөгөөд үүнийг тус сургууль хүлээн зөвшөөрчээ. Гэтэл өнөөдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын 133-р сургууль 2000-аад сурагчтай болж, ачааллаа нэмэгдүүлснээр барахгүй "Монгол тэмүүлэл" сургуулийг энэ оны аравнэгдүгээр сарын 2-ны дотор өмчийн байраа чөлөөлж өгөхийг шаардсан байна. Ингээд сургуулийн байраа булгуулгасан Монгол тэмүүлэл сургуулийн сурагчид Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургуулийн байранд түр байрлахаар болоод байгаа аж. Үүнийг эцэг, эхчүүд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байгаа юм.

ЭЦЭГ, ЭХИЙН ТӨЛӨӨЛӨЛ

Ж.Сувдаа:

-Монгол тэмүүлэл сургуулийн сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу, нөхцөл байдал ямар байна?

-Өнөөдөр хүүхдүүд маань Кембрижийн сургуулиас авдаг Олон улсын шалгалтаа өгөөд сууж байна. Ийм чухал шалгалтаа тэд ямар ч урам, зориггүй өгч байна. Сургалтын зориулалтын байраа алдаж байгаа нь тэдний сурах үйл явцад нөлөөлнө гэж бид үзэж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд бид өөр сургууль руу нүүхийг эсэргүүцэж байна.

-Яагаад заавал "Монгол тэмүүлэл" сургуулийг нүүлгэх гээд байгаа юм бэ, та нарын харж буйгаар өөр гарц бий юу?

-Бага хүүхэдтэй гэдэг шалтгаанаар л нүүлгэх гээд байна. Мэдээж аль аль талдаа ачаалалтай, хэцүү байгаа. Гэхдээ ганцхан энэ хороонд ингэж олуулаа шахалдаагүй шүү дээ. Гэтэл яагаад заавал өөрийн гэсэн зориулалтын байрандаа байгаа сургуулийг нүүлгэх гээд байгаа юм бэ. Үүнийг бид ерөөсөө ойлгохгүй байна. Уг нь бид 133-р сургуулийн барилга баригдаж дуустал шахалдаад ч хамаагүй хамт хичээллэнэ гэж байгаа. Бидний энэ асуудлыг зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна.

-Танай хүүхэд хэддүгээр ангид сурдаг вэ, энэ асуудал хүүхдийн хичээл, сурлагад нөлөөлж байна уу?

-Манай хүүхэд 10-р анги. Удахгүй төгсөнө. Гэтэл сургуулийн байргүй болчихвол Кембрижийн эрхээ алдах вий гэж айж байна. Дэлхийн хэмжээний боловсролыг эх орондоо олж авах манай гэр бүлийн зорилго алга болоход ойрхон байна шүү дээ. Хэрвээ муугаар бодоход энэ сургууль байраа алдаад нүүх болбол би хүүхдээ сургуулиас нь гаргана. Кембрижийн эрхгүй болчихвол заавал энэ сургуульд сурч яах юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд манай гэр бүлээс гарсан санхүүгээ би нэхэмжлэнэ гэж бодож байна. Бусад эцэг, эхчүүд ч мөн ийм бодолтой байгаа байх. Үнэтэй олон янзын ном, сургалт, дамжаа гээд бидний гаргаж буй төлбөр мөнгө их байна. Үүнээс гадна хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөр үгүй болж байна. Өглөө 07.30 цагаас хичээлдээ яваад орой гэртээ 20.90 цаг дөхүүлж ирдэг хүүхдүүд шүү дээ. Ачаалал асар өндөртэй. Ийм өндөр ачаалалтай байсан хүүхдүүд энгийн сургуульд сурахад хэцүү. Яагаад гэвэл хичээлийн хөтөлбөрөө урьдчилаад үзчихсэн байдаг. Мөн Их сургуулийн байранд нүүж орлоо гэхэд хүүхдийн эрх маш их зөрчигдөх болно. Сургалтын орчин байхгүйгээс гадна ойр хавийн орчин нөхцөл ямар байх билээ. 100 метрт архи, тамхи зарахгүй гэдгээс эхлээд асуудал үүснэ шүү дээ.

"Монгол тэмүүлэл" сургууль Олон улсын Кембрижийн хөтөлбөрт заагдсан стандартын дагуу тохижуулсан, тусгай тоноглогдсон анги танхимд хичээллэдэг. Энэ стандартыг хангахын тулд улсын төсвөөс 4 тэрбум 110 сая 900 мянган төгрөг гаргажээ. Ингэснээр өндөр төлбэртэй хувийн сургуульд хүүхдээ сургаж чадахгүй эцэг, эхчүүд тус сургуульд хүүхдээ сургаж, Олон улсын хэмжээний боловсрол эзэмшүүлэх боломж бий болжээ. Үүний илрэл бол тус сургуулийн сурагчдын амжилт юм. "Монгол тэмүүлэл" сургууль 2014 оноос хойш дөрвөн удаагийн төгсөлт хийжээ. Тэдний 50 хувь нь өнөөдөр гадаадын өндөр хөгжилтэй орнуудын топ сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж байна. Мөн Азийн Олон улсын хөтөлбөртэй сургуулиудын математикийн олимпиадад 2019 онд тус сургуулийн таван хүүхэд оролцож, зургаан медаль авсан байна. Үүнээс гадна дотоод гадаадын маш олон тэмцээн, уралдаанд сурагчид маш амжилттай оролцдог гэдгийг эцэг, эхчүүд дурдаж байгаа юм.

Эцэг, эхийн төлөөлөл Т. Гантуул ярихдаа “Хамгийн ноцтой зүйл бол "Монгол тэмүүлэл" сургуулийг эзэмшлийн байрнаас нь гаргаад түрээсийн байранд оруулж байгаа явдал. Энэ бол төрийн мөнгө иддэг хэдхэн хүний арга зам. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Дээр нь 26-р хорооноос УИХ-д сонгогдсон, бидний сайн мэдэх ЖДҮ-чин Ж.Энхбаяр цаана нь холбоотой. Энэ хүн уг тойргоос дахин сонгогдох аргаа хайж, иргэдийн итгэлийг татахын тулд ийм үйлдэл хийж байна. Тэгэхээр төсвийн мөнгө яаж идэж, уудаг алтан жишээ яг л энэ сургууль дээр хэрэгжээд байгаад үнэхээр харамсалтай байна. Үүнийг шийдэж өгөхийг бид шаардаж жагсаж байна даа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж