НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь төсөл”-ийг 2017 оны сүүлчээр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус төсөл нь Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх хүүхдийн жил” болгон зарласантай шууд уялдаа холбоотойгоор хэрэгжиж байгаа юм.
Төслийн хүрээнд нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв болон Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газарт эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтын хэрэгцээ, мэдээлэл технологийн чадамжийн хурдавчилсан үнэлгээ хийж, түүнд үндэслэн чадавхижуулах сургалтыг үе шаттай хийлээ.
Тухайлбал Амгалан амаржих газар болон Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инжененер техникийн ажилчдад зориулсан гурван удаагийн сургалтанд 90 гаруй хүн хамрагдсан байна. Мөн ЭХЭМҮТ, нийслэлийн Амгалан амаржих газартай хамтран зохион байгуулсан “Эх барихын яаралтай тусламж” сэдэвт зургаан удаагийн сургалтанд 96 хүн, “Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сэдэвт дөрвөн удаагийн сургалтанд дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 52 эмч, “Өндөр эрсдэлтэй жирэмснийг хянах нь” сэдэвт гурван удаагийн сургалтанд дүүрэг, тосгоны эрүүл мэндийн төв, зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын жирэмсний хяналтыг гардан гүйцэтгэдэг 36 эмч тус, тус хамрагдсан юм.
Мөн Багануур, Налайх дүүрэгт “Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын мэс заслын ур чадварыг дээшлүүлэх” ажлын байрны сургалтанд 15 эмч хамрагдсан байна.
Сургалтын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Өндөр эрсдэлтэй жирэмсэнд үзүүлэх тусламж, үйлчилгээ” гарын авлага боловсруулан, хэвлэлтэнд оруулжээ.
Үүний үр дүнд эхийн эндэгдэл, гэрийн төрөлт, эхийн ноцтой хүндрэлүүд буурсан эерэг үзүүлэлтүүд гарч эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч нарын мэдлэг, ур чадвар сайжирч байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ