УИХ 2019 оны зургадугаар сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн хууль баталсан. Гэвч иргэн энэ хуулийн төслийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Гэвч УИХ Цэцийн шийдвэрийг хэлэлцэж, УИХ хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан учраас уг асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэх юм. Энэ талаар Монголын Жоншны холбооны дэд тэргүүн С.Цэвэгмидээс зарим зүйлийг тодрууллаа.
–Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар АМНАТ-ын татвар таван хувь болох шийдвэр гарсан ч Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Цэц гаргасан. Цэц ямар учраас Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм бэ?
-Ашигт малтмалын тухай хуулийн 47-р зүйлд Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хуультай. УИХ 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулснаар Ашигт малтмалын ашигт малтмалын олборлосон, олборлож худалдсан, зуучилсан, ашигт малтмалын хүдрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бүгдээс төлбөр авахаар зохицуулагдсан. Энэ нь Монголын эрдэс баялгийн салбараа ашиг олж байгаа этгээд бүхэн ашигласныхаа төлбөрийг төлдөг, төсвийн төвлөрөлт, тэгш хуваарилагдах боломж бүрдсэн хууль. Үндсэн хуулийн Цэцэд иргэн гомдол гаргаснаар 2019 оны зургадугаар сард Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47-р заалт болон түүнийг дагаж өөрчлөгдсөн заалтууд Үндсэн хуулийн 5.4, 19,1 дэх заалтуудыг зөрчсөн гэсэн шийдвэр гарсан. Гэвч 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж, хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, УИХ хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан юм.
-Хуульд өөрчлөлт орсноор татварын хэмжээ хэр хэмжээгээр нэмэгдэх, эдийн засагт ямар өгөөж өгөх боломжтой юм бэ?
-Хуульд өөрчлөлт орсноор эрдэс баялгийн салбараас ашиг олж байгаа бүхэн татвар төлөх, татварын бааз суурийг бүрдүүлэх боломжийг бүрдүүлсэн хууль. Зөвхөн хайлуур, жоншны салбарын татварын хэмжээ 5-7 хувь нэмэгдэх боломжтой. Тэгэхээр бусад салбарын өсөлтүүдийг тооцвол өндөр гарна. Татвар төлдөггүй байсан хэсгээс татвар бүрдүүлээд ирэхээр татварын бааз бүрдүүлэлтэд тодорхой нөлөө үзүүлнэ. Дундын бүтээгдэхүүн буюу нэмүү өртөг шингэсэн баяжмал бүтээгдэхүүнээс татвар авах нь олон улсын жишигт нийцсэн зүйл. Энэ хэмжээгээр татвар нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлж, ард түмэн хүртээмжийг нь хүртэх боломжтой.
-Аж ахуй нэгжүүдийн зүгээс татварын дарамт гэж үзэж байж болох юм. Олон улсад туршлага нь ямар байдаг юм бэ?
-Ашигт малтмал олборлож, борлуулж, худалдаж байгаа экспортолж буй процесс биш түүнийг дунд нь зуучилдаг, худалддаг ченжүүд бий. Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагч хэн байхаас үл хамаарч Монгол Улсын хуулийн дагуу татвараа төлөх ёстой гэж энэ хуульд өөрчлөлт оруулсан. Гадны улс орнууд нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ ялгаатай болохоос түүнээс татвар авч байгаа. Англид болсон хуралд дэлхийн жоншны чиг хандлага, худалдаа, татвар зэрэг асуудлыг ч хөндсөн. Зарим улс орнуудад АМНАТ-өөс гадна НӨАТ, экспорт, гаалийн татвар авдаг юм билээ. Манай улс экспортоо дэмжих бодлого хэрэгжүүлэг улс. Тиймээс Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөөр Цэц зөв шийдвэр гаргах байх гэж бодож байна.
Холбоотой мэдээ