Шүүх: Байгалийн түүхийн музейг нураах тендерийг түдгэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Шүүх: Байгалийн түүхийн музейг нураах тендерийг түдгэлзүүлэв

Шүүх: Байгалийн түүхийн музейг нураах тендерийг түдгэлзүүлэв

Захиргааны хэргийн шүүх дээр иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжллээр үүссэн нийслэлийн соёлын өвийг нураах 280, 281-р тогтоол болон Соёлын өвийн хуулийг зөрчсөн төрийн шийдвэрийн эсрэг шүүх хурал өнөөдөр /2019.10.21/ боллоо. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ үеэр иргэн Ц.Уянга ярихдаа “Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендер зарлагдсан. Тиймээс энэ ажлыг түдгэлзүүлэх нэхэмжлэх гаргаж, хэрэг үүсгэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр /2019.10.21/боллоо. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор хариуцагч тал гомдол гаргах эрхтэй.

Хэрвээ Байгалийн түүхийн музейд үйл ажиллагаа явуулж болохгүй л байсан юм бол жил бүр Улсын төсвөөс урсгал зардлын төсвөөр 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг аваад л яваад байсан. Үнэхээр үйл ажиллагаа тэнд явуулах боломжгүй байхад урсгал зардлыг ямар зориулалтаар зарцуулсан талаарх аудитын шалгалт байхгүй.

Өнгөрсөн 17 жил Байгалийн түүхийн музейг удирдаж байсан хүн бүх урсгал зардлын төсвийг аваад байсан мөртлөө санаатайгаар барилгыг арчилж тордох, засвар хийлгүйгээр явж ирсэн гэж хардаж байна. Шийдэл бол олон байгаа. Улсын төсвөөс мөнгө гаргаад шинэ барилга барихын тулд заавал хуучныг нь нурааж, соёлын салбарыг хөгжүүлнэ гэж байхгүй. Нураах нь хамгийн эцсийн шийдвэр байдаг. Гэтэл энийг хамгийн түрүүнд нь тавьчихаад, тулгалт хийж байгаад нь эгдүүцэж байна” гэв.

Түүнээс “Салбар яамны зүгээс соёлын өвийг нураах асуудлыг хэт улстөржүүлж байна уу” гэж асуухад “Бид хаана, ямар улс төр ярьсан юм бэ. Өөрсдөө улстөржүүлэхгүй л байсан юм бол яах гэж улс төрийн шийдвэр гаргасан юм бэ. Засаг барьж буй ганц нам байгаа. Шийдвэрийг тэр намын дарга нь гаргасан. Тэгж улстөржүүлэхгүй л байсан юм бол улс төрийн бус салбарынх нь хуулийн дагуу соёлын өвийн тухай хуулийн зүйл заалтын дагуу хийхгүй яасан юм бэ. Яагаад бүх салбарын зөвлөгөөн хийж, тэр дундаасаа шийдлээ гаргаж, дүрэм журмаар нь яваагүй юм бэ. Зөвхөн Засгийн газрын хуралдаанаар мөрөөдлийнхөө тоог тавиад батлаад яваад байна вэ. Бид аль нэг нам гэхээсээ илүүтэй соёлын өвөө хамгаалахаар л тэмцэж байна” гэдэг хариултыг өглөө.

Байгалийн түүхийн музейн барилгыг аравдугаар сарын 31-ний дотор нураах ёстой. Өмнө нь нэхэмжлэл дээр дурдагдсан хариуцагч талууд шүүх хуралд ирээгүй учраас шүүх хурал долоо хоногоор хойшлогдоод байжээ. Одоо Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерт шалгарсан компанийн зүгээс аравдугаар сарын 31-ний өдрийн дотор барилгыг нураах ажлыг гүйцэтгэх учраас ажлаа эхлүүлсэн гэдгийг шүүх хурлын үеэр мэдэгдсэн байна.

Шүүх хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төлөөлөл болон Засгийн газар, Байгалийн түүхийн музейн удирдлагаас гурван хариуцагч шүүх хуралд оролцжээ. Харин нэхэмжлэгч талаас ХҮН намынхан болон Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо, Зон олны нам, төрийн бус байгууллагуудын төлөөлөл шүүх хуралд нэгдэн оролцсон байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж