Л.Хадбаатар: Хаалттай нийгмийг тэр зөвлөгөөн тэсэлж чадсан

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Ардчилал-30

Л.Хадбаатар: Хаалттай нийгмийг тэр зөвлөгөөн тэсэлж чадсан

Л.Хадбаатар: Хаалттай нийгмийг тэр зөвлөгөөн тэсэлж чадсан

Одоогоос яг 30 жилийн өмнө намар цаг ийм л илүү сартай, налгар дулаахан байж. Өнөөдрөөс ялгаатай нь тэр үед залуус эх орныхоо төлөө нэгдэн нийлж байв. Тэд нэг намын үзэл суртал, дарангуйлал, хаалттай байдлыг халж, шударга ёс, эрх чөлөөг бий болгохоор хамтдаа зориг гарган тэмцэж эхэлсэн юм. Энэ эхлэл Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөн дээр илүү тод харагдаж байлаа. Хийж, бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн залуус нэг дор чуулж, салбарын удирдлагын өмнө нийгмийн болж бүтэхгүй бүхнийг хурцаар илэрхийлж, шүүмжилж байв. Ингэж л залуус нэгнээ олж,  их хувьсгалын үндэс суурь тавигджээ. Үүнийг гэрчлэх хүн бол Монголын Ардчилсан холбооны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн асан Лхасүрэнгийн Хадбаатар. Түүнтэй уулзаж, энэ талаар ярилцлаа.


-Ардчилсан хувьсгалын үндэс суурь Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар чуулганаар тавигдсан гэж үзэх нь бий. Энэ ямар чуулган байв, та яагаад оролцох болсон бэ?

-1989 оны арваннэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөн гэж болсон юм. Тэр үед би Монгол телевизэд хүүхэлдэйн киноны зураачаар ажиллаж байлаа. Хүүхэлдэйн кино хийнэ гэдэг их чимхлүүр ажилтай, олон цаг нухаж суудаг ажил. Тэгээд л өдрийг өрөөндөө барна. Тэгтэл нэг өдөр надад чөлөө олгож, би уг зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцохоор болсон юм. Тэгээд Залуучуудын Соёлын төвийн хурлын зааланд яваад очлоо. Өглөө 09.00 цагаас жаахан хожигдоод ороход заал дүүрэн залуус цугларчихсан байв. Уг нь Залуу уран бүтээлчид ажил, мэргэжлээ ярих байх гэж би бодож байлаа. Гэтэл тэнд огт өөр уур амьсгал угтсан. Монгол кино үйлдвэрийн уран бүтээлчид, Урчуудын эвлэлийн хорооны зураачид, жүжигчид, сэтгүүлчид гээд олон хүн ирсэн байв. Тэд босоод л урлаг соёлын үйл ажиллагаа, алдаа дутагдал, нөхцөл байдлыг нууж хаахгүйгээр зоригтой ярьж, төр засгийн бодлогыг шүүмжилж гарлаа.

Яг л миний хэлэхийг хүссэн бүхэн тэнд яригдаж байв. Энэ бүх шүүмжлэл, яриа явсаар улс төртэй холбогдож байлаа.

Хаалттай систем, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тэгш эрх гээд л миний сонирхдог сэдэв, үзэл бодолтой давхцаж эхэллээ. Би ч шимтэн сонслоо. Ингэж л анх улс төрийн тэмцэл хийж байсан С.Амарсанаа, С.Цогтсайхан, Дарь.Сүхбаатар, С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гэсэн найз нөхдүүдээ олж харсан даа. Тэгээд л би гэдэг хүн хийж байсан дуртай ажлаа шууд хаясан.

-Зөвлөгөөн доторх уур амьсгал ямар байсан бэ, юу яригдаж, ямар шүүмжлэлүүд гарч байв?

-Тэр өдөр гадаа хэдий хүйтэн байсан ч зөвлөгөөн доторх уур амьсгал ёстой халуун байв. Зөвлөгөөнд Залуучуудын эвлэлийн Төв хорооны дарга Ц.Балхаажав тэргүүтэй үзэл суртлын хэлтсийн хүмүүс оролцсон юм. Эхний өдөр тэдний хувьд хүндхэн өдөр болж өнгөрсөн дөө. Нүүрээ хийх газаргүй болтол залуус шүүмжилж байв. Залуусаар ёстой жадлуулсаар байгаад таарсан. Ерөнхийдөө МАХН-ын цензур, главлит гэдгийг айхтар шүүмжилж байсан. Тухайн үед аливаа уран бүтээлийг өөрсдийн социалист нийгэмд тохируулах гэж намын үзэл суртлаар хайчилж, хасаж танадаг байсан юм. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчдийн чөлөөт сэтгэлгээ, урам зоригийг хайчилж, унтраадаг гэсэн үг. Зөвхөн намын үзэл санаанд тохирсон байх ёстой гэдэг. Үүний эсрэг залуус хүчтэй, зоригтой дуугарсан. Тухайлбал, “Бид цээжиндээ шатаж явна, гэтэл түүнийг уран бүтээлээр илэрхийлж чадахгүй байна. Нэгэн хэвийн үзвэрийг үзэх хүн алга. Урлаг гэдэг улс төрийн үзэл бодлын сэлэм, жад биш. Бидний хийх хүсэл эрмэлзлэлийг битгий хайчил” гэж байсан.

-Уран бүтээлчдийг цуглуулсан нь цаанаа учиртай байх. Тэд нийгмээ урагш хөтөлж, үлгэрлэж байдаг хүмүүс. Гэтэл хаалттай нийгэмд уран бүтээл хийнэ гэдэг нүдээ боогоод урагш алхахтай адил байх. Уран бүтээлч хүмүүст эрх чөлөө ямар боломж өгдөг вэ?

-Уран бүтээлч хүн сэтгэл, зүрхээрээ “өвчилж” байгаад бодож боловсруулсан бүтээлээ гаргадаг. Гэтэл нэг дарга босож ирээд, чи наад үйлдлээ хас, болохгүй байна гээд зааварчлаад эхэлнэ. Тэгэхээр уран бүтээлчийн асаж байсан гал унтардаг байхгүй юу. Тэгээд заавраар ажиллах гэхээр өөрт нь наалдахгүй, онгод нь ирэхгүй, сэтгэл гарахгүй болчихдог. Даргын заавраар хийхээр хүнд хүрэхгүй. Яах юм бэ, тэгээд хүчээр л хийж таарна. Тэр үед би “Хэрээ” жүжгийг харж байсан. Задгай тавилттай ч гэсэн бас л хайчинд орчихсон жүжиг. Гэхдээ уран бүтээлчид тэр үед уягдмал, хязгаарлагдмал байдлаас гарахыг л хүсч байсан.

Тиймдээ ч хоёрдугаар зөвлөгөөний дараа ардчилсан хувьсгалыг дэмжсэн галт тэрэг хөдөлж эхэлсэн дээ. Тэр галт тэрэг дотор залуус сууж явсан. Тэдэнтэй хамт би явсан. Үүгээрээ үргэлж бахархаж явдаг.

-Та өмнө нь өдөржин ажлаа хийгээд өрөөндөө суудаг байсан гэсэн. Гэтэл зөвлөгөөнд оролцож байхад үеийн залуусын зоригтой алхам, чөлөөтэй сэтгэлгээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

-1988 онд намайг телевизэд өрөөндөө юмаа хийгээд сууж байхад “Хотод Шинэ үеийнхэн гээд хүүхдүүд гараад ирчихэж. Гэхдээ тэд хэнд ч харагддаггүй, нууц байдаг гэнэ” гэсэн яриа сонсогддог байв. Тэр үед би дотроо “Хөөх, яасан айдаггүй, зоригтой юм бэ, ямар хүмүүс байдаг бол харах юмсан” гэж боддог байлаа. Тэгтэл тэр “Шинэ үеийн хүмүүс”-ийг би зөвлөгөөний үеэр жинхэнэ бодитоор хардаг байгаа. Тэр хүмүүс нь хэн байсан бэ гэхээр манай Э.Бат-Үүл, С.Амарсанаа, С.Цогтсайхан байсан. Тэгж анх нөхдийгөө харж, өнөөдрийг хүртэл нөхөрлөөд явж байна.

-Тэднийг яагаад “Шинэ үеийн хүмүүс” гэж нэрлэх болсон юм бэ?

-Сүүлд манай нөхдүүд тэр үеийнхээ тухай ярьж байгаа юм. Тэгэхэд тэд ухуулга хуудас наагаад, тараагаад явж байхдаа Нийгмийг аюулаас хамгаалах яамны хүмүүст баригдаж, цаазын ялаар хүртэл зүйлчлэгдэж байж. Энэ талаар би номондоо бичсэн. С.Цогтсайханы гэргий Н.Наташагийн тухай хэсэгт “1990 оны ардчилсан хувьсгалын анхдагч, дууч, "Хонх" хамтлагийн ахлагч С.Цогтсайханы маань халамжит гэргий 1988 онд "Шинэ үе нууц" бүлгэмийн гишүүн Цогтсайханыг ухуулга хуудас наасан хэргээр Нийгмийг аюулаас хамгаалах яамныхан гэрээс нь баривчлан авч явахад Н.Наташа хоёр бяцхан үрээ тэврээд нүд дүүрэн нулимстай хоцорч байв. Бидний анд найз, журамт эмэгтэй Намсрайн Наташа” гэж бичсэн байгаа. Ерөнхийдөө Шинэ үеийнхэн бол Ардчиллын анхдагчид гарцаагүй мөн.

-Хоёрдугаар зөвлөгөөнөөс ингэхэд ямар үр дүнд хүрсэн бэ?

-Хоёрдугаар зөвлөгөөнөөс ямар нэгэн шийдэлд хүрээгүй гэж би хардаг. Гэхдээ эндээс Ардчилсан холбоо үүсэх шат тавигдсан байхгүй юу. Зөвлөгөөний хоёр дахь өдөр Ц.Элбэгдорж босоод “Бид залуучуудын шинэ байгууллага байгуулахаар боллоо” гэдгээ зарласан. Ингээд маргаашнаас нь бид дугуй зааландаа цугларч эхэлсэн байдаг. Улмаар арванхоёрдугаар сарын 10-нд Монголын анхны том цуглааныг зохион байгуулсан юм. Тэгээд Ерөнхий зохицуулах зөвлөлийн анхны тэргүүлэгч 15 хүнийг сонгож байв. Тэр үед Д.Энхбаатар, С.Амарсанаа, Г.Бошгот гэсэн хүмүүс намайг Монголын Ардчилсан холбооны Хамгаалалтын албаны даргаар мөн томилж байсан сайхан дурсамж бий. Ингэж бид хаалттай нийгмийг тэсэлж гарч ирсэн дээ. Анхны цуглааны зургийг би их томоор зурсан. Удахгүй арванхоёрдугаар сарын 1-нд гарах уран зургийн үзэсгэлэн дээрээ уг зургийг гаргаж тавина.

Та саяхан “Ардчиллын алтан шонхрууд” гээд ном гаргажээ. Номынхоо талаар товч тайлбар хийвэл?

-Би хүүхэлдэйн киноны зураач байсан гэж хэлсэн дээ. “Эрх цагаан ишиг”, “Шаазан заан”, “Гацуурхан”, “Дэггүй жаал” гээд хүүхэлдэйн киноны зургуудыг зурж байв. Тэгээд энэ жил тохиож буй 30 жилийн ойгоор анд нөхөддөө зориулаад хөрөг зургийн үзэсгэлэн гаргахаар шийдээд байсан юм. Тодорхой тооны хүмүүсийн хөрөг зурчихсан сууж байтал манайхан ороод ирлээ. Зураг харснаа чи үүнийгээ ерөөсөө ном болго гэж хэллээ. Ном бичиж, гаргаж байсан туршлага надад байхгүй л дээ. Гэхдээ хийж чадах зүйлээрээ ойдоо бэлэг барья гэж бодсон юм. Тэд маань Ардчиллын төлөө 30 жил зүтгэсэн бол би тэднийхээ төлөө 3 жил хичээлээ. Бүгдийнх нь хөргийг тайлбарын хамт дурсамж болгон номонд мөнхөллөө. Амаргүй ажил юм байна. Ард нь гараад сэтгэл амраад сууж байна даа. Ардчилсан хувьсгалд зүтгэж явсан бүх хүмүүсээ хамруулахыг хичээлээ. Гэхдээ зарим нэг хүний зураг олдсонгүй, зарим нэгийг нь самгардаж яваад мартсан байна. Одоо С.Билэгсайхан маань намайг загнах л байх даа. Уг нь Ардчилсан холбооны дарга байсан, манай гол хүн шүү дээ. Гэтэл би орхичихож. Үнэхээр уучлаарай, харин хөргийг нь үзэсгэлэнд тавина гэдгээ хэлье.

-Таны суусан галт тэрэг хөдлөөд 30 жил болжээ. Энэ хугацаанд замаасаа хэр хазайв, хүрэх газраа очиж чадсан болов уу?

-Бидний суусан галт тэрэг хэзээ ч зогсохгүй. Эцсийн зогсоол гэж байхгүй. Хурдтай ч бай, удаан ч бай ямар ч байсан бид эрчээ аваад явж байна. Өнөөдөр ч гэсэн бид галт тэргэндээ суугаад явж л байна. Алдаатай, оноотой ч гэсэн зорчигч дүүрэн урагшилж байна. 1990 онд бидний тэмцэж олсон Ардчиллын үрээр хүмүүс өнөөдөр ингэж задгай ярьж, шүүмжилж чадаж байгаа байхгүй юу. Хүмүүс урьд нь дандаа ийм байсан мэтээр ойлгож байна. Үгүй шүү дээ. Өнөөдөр энэ задгай ярьж буй хүмүүс социалист нийгэмд байсан бол шууд Ганц худаг явах байсан. Ах дүү, хамаатан саднаараа хэлмэгдэх байв. Жишээ нь, намайг тухайн үед ардчиллыг дэмжээд явж байхад Мэдээлэл, радио, телевизийн дэргэдэх МАХН-ын үүрээс алхам тутам мөрдөж, мөшгидөг байсан. Тэр бүү хэл муу аавд минь хүртэл “Хүүхдээ хүмүүжүүл” гээд нууц бичиг явуулчихсан байлаа. Ийм л байсан шүү дээ. Яах вэ, Ардчилсан хувьсгалыг хийсэн манай лидерүүд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж гэсэн хүмүүс өнөөдөр зарим талаар баалуулж л байдаг. Угаасаа ажил хийсэн хүмүүс ингэдэг тавилантай. Гэхдээ эд нар улс орныхоо төлөө алдаатай зүйл хийсэн гэж би хэзээ ч хэлэхгүй. Э.Бат-Үүл өнөөдөр цав цагаан үстэй бас ааштай ч болчихсон байх. Гэхдээ миний дотор энэ хүмүүс хэзээд 90-н оны хувьсгал хийж явсан залуу төрхөөрөө байдаг.

Уржигдар Э.Бат-Үүл бид хоёр утсаар муудалцаад авсан. Гэхдээ тэр яах вэ, байдаг л асуудал. Гол нь ардчиллын алтан шонхорууд маань ард түмнийхээ өмнө гавьяатай хүмүүс. Эднийгээ бодохоор би уяраад л явчихдаг юм.

-Өнөөдрийн нийгэм тухайн үед таны тэмцэж явсан ардчилал мөн үү, таны хүсэж байсан нийгэм бий болж чадсан уу?

-Ардчилал гэхээр бүх зүйл ногоон гэрлээр сайхан болчихно гэсэн үг биш. Яах вэ, манай нэг гишүүн “Миний хүссэн ардчилал биш” гээд хэлж байсан. Харин миний хүссэн ардчилал энэ мөн. Алдаагүй юм гэж үгүй. Ардчиллаас бас ухарна гэж байхгүй. Тэгэхээр бид олж авсан ардчиллаа улам өнгөлөөд хөгжүүлээд явах ёстой. Америк ардчиллыг сонгоод 300-гаад жил болж байна. Ийм хугацааг туулж байж ардчилсан АНУ болж байна. Гэтэл Монгол Улс 30 жил болж байна. Энэ хоёрын хооронд ялгаа байгаа биз. Манай түүх судлаач, төрийн шагналт, эрдэмтэн Д.Өлзийбаатар хэлсэн байдаг. Монгол Улс ардчилсан нийгэм үзээд 30 жил болж байна. Үндсэндээ одоо хөгжих зам руугаа орчихжээ. Бид болохгүй, бүтэхгүй замуудаа даваад, туулаад гарч байна. Үүнд монголчууд минь битгий эмзэглэ. Ардчилал одоо дэлгэрэх замдаа орчихлоо” гэж хэлсэн шүү дээ. Бид ямар ч байсан зарчмаа барьж явах ёстой. Одоо шинэ үеийн залуус гарч ирж байна. Тэд социалист нийгмийн ямар нэгэн лай ланчигийг амсаж яваагүй, цэвэр ардчиллын суурин дээр төрж, өссөн хүүхдүүд. Тиймээс энэ хүүхдүүд бидний бий болгосон эрх чөлөөт нийгмийг улам илүү сайжруулж, төгөлдөржүүлнэ гэдэгт би хувьдаа итгэдэг. Тиймдээ ч Монголын ирээдүй надад илүү өөдрөг, сайхан харагддаг.

-Ярилцсанд баярлалаа. 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж