Саарал жагсаалтад багтсан хариуцлагыг Ц.Нямдоржоос нэхэх нь зөв

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС - Саарал жагсаалт

Саарал жагсаалтад багтсан хариуцлагыг Ц.Нямдоржоос нэхэх нь зөв

Саарал жагсаалтад багтсан хариуцлагыг Ц.Нямдоржоос нэхэх нь зөв

Парис хотноо өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд болж өнгөрсөн Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF-ын ээлжит хурлын шийдвэр Монголын хувьд эдийн засаг, санхүүгийн таагүй байдлыг бий болголоо. 2019 оны аравдугаар сарын 16-18-ны хооронд болж өнгөрсөн уг хурлаар Монгол улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс хэвээр байгаа гэж үзэн Саарал жагсаалтад багтааж байгаагаа аравдугаар сарын 18-ны орой албан ёсоор мэдэгдлээ. Сонирхуулахад FATF-ын удирдлагыг БНХАУ хэрэгжүүлж байгаа бөгөөд шинэ ерөнхийлөгч Сян Мин Лью-гийн даргалсан анхны хуралдаан байлаа.

Саарал жагсаалтад эргэн багтах эрсдэл өндөр байгаа тухай чамгүй яригдаж, хурлын тов дөхөх тусам хувь хувьсгал хослуулан төрийн түшээд чадах бүхнээ хийсэн ч энэ бол гуйж гувшсанаар шийдэгддэг асуудал биш гэдгийг Парисын хурал харууллаа. Хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотод байгаа олон улсын байгууллагын төлөөлөл, гадаадын улс орны ЭСЯ, дипломат албаны төлөөлөгчдийг урьж авчран Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулахгүй байх талаар “холбогдох шугамаар хандаж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлэх”-ийг хүссэн.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг Монгол улс ихээхэн хүчин чармайлт гаргаж, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, хариуцсан алба нэгж байгуулах зэргээр ажилласан нь тус байгууллагын шалгуур болох 40 үзүүлэлтийн 36-г хангаж ажилласнаар нотлогдож байгаа ч бүрэн хэрэгжилтийг хангаж чадаагүй дөрвөн үзүүлэлт ийнхүү төвөг удаж чадлаа.

Ийнхүү Монгол улс FATF-ын хоригт хоёр дахь удаагаа орж буй нь энэ юм. Ингэхдээ аль аль тохиолдолд нь МАН-ын засаглалын үед тохиож байгаа нь энэ нам Монгол улсын эдийн засгийг хорлож буйн тодорхой жишээ. Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засгийн суурь өөрчлөлтүүдийг Ардчилсан нам эрх барьж байх үед хийгдэж байсныг олон хүн мэддэг.

Монгол улс 2012 онд Саарал жагсаалтын хоригт анх орсон. 2013 оны тавдугаар сард Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан боловч Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамаарах зохицуулалтыг FATF-ын зөвлөмжид нийцүүлээгүй, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө, орлогыг хураан авах тогтолцоог бүрдүүлээгүй, албан бус мөнгөн гуйвуулга эрхлэгчдэд тавих хяналтыг сайжруулаагүй гэх үндэслэлээр хоригт орж байсан. Эдгээр алдаагаа залруулсны эцэст 2014 оны зургаадугаар сард хоригоос гарсан.

Үүний дараа Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний хуралдаанаараа Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээг дахин хийж, үнэлгээний тайланг баталжээ. Уг тайлангаар Монгол улсад 2018 оны аравдугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгч тухай бүрт тайлагнахыг үүрэг болгож, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсхүл хэрэгжүүлээгүй тохиолдолд FATF-ын “зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсвэл “зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”-д орох эрсдэлтэйг анхааруулсан.

Монгол улсын хууль тогтоомжийг FATF-ын стандартад нийцүүлэх, эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, уг ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэхэд тавигдах шаардлага, эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналтын хөтөлбөр, хориг арга хэмжээний жагсаалтыг гаргах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг тодорхой, хэрэгжихүйц байхаар болгох, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх аливаа зохицуулалт нь үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэхэд нэгэн адил үйлчлэх зэрэг зөвлөмжүүд байсан.

Эдгээр зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үүднээс Ерөнхий сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг байгуулсан.

Үндэсний зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулан, Сангийн дэд сайд, Гадаад харилцааны дэд сайд, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Улсын ерөнхий прокурорын орлогч, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Энд дурдсанчлан Үндэсний зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр эхэлж ажиллаж байсан бөгөөд Б.Энхбаяр ажлаа өгснөөс хойш Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж сайд Парисын шийдвэрт шууд хариуцлага хүлээх албан тушаалтан болж таарч байна. Үндэсний зөвлөлийн өргөн бүрэлдэхүүн яг юу хийсэн тодорхойгүй, харин энэ зөвлөлд багтсан нэрээр Монголбанкны санхүүжилтээр хурал зөвлөгөөнд нэг бус удаа явсан байдаг.

Ажлаа мэддэггүй, хариуцлага үүрдэггүй төрийн албан тушаалтнуудын гайг хоногийн хоолоо залгуулж яваа жирийн иргэд үүрэх нь тодорхой. Саарал жагсаалтад багтсанаар тэртэй тэргүй сайнгүй байгаа Монголын нэр хүнд улам муудах эрсдэлтэй. Гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд Монгол улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах зэрэг бодит эрсдэлтэй бид нүүр тулах болж байна. Энэ нийт эдийн засгийг агшааж, улмаар иргэдийн доройтоход хүргэнэ.

Саарал жагсаалтад орсон тухай мэдээлэл цацагдсанаас хойш амралтын өдрүүдэд валютын ханш өслөө. Монголбанкны албан ханшаар аравдугаар сарын 17-нд нэг ам.доллар 2,676.12-той тэнцэж байсан бол өчигдрийн буюу аравдугаар сарын 20-ны байдлаар 2,679.03 болж гурван төгрөгөөр нэмэгджээ. Сарын эхэнд нэг ам.доллар 2,667.08 төгрөгтэй тэнцэж байжээ. Хамгийн өндөр савлагаа төгрөгийн евротой харьцах ханшид ажиглагдлаа. Сарын эхэнд нэг евро 2,904.18 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд 17-ны өдөр 2,964.61 байсан бол өчигдөр 2,980.42 болж Саарал жагсаалтын мэдээнээс хойш 16 төгрөгөөр, сарын эхэнтэй харьцуулахад 76 төгрөгөөр өсчээ. Энэ бол албан ханш, харин хар захын ханш үүнээс 10-30 төгрөгөөр илүү байгаа.

Яг ямар дөрвөн үзүүлэлт Монгол улсыг Саарал жагсаалт руу чирсэн талаар тодорхой мэдээллийг холбогдох хүмүүс нь албан ёсоор мэдээлсэн зүйл байхгүй байгаа ч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор баталсан хууль тогтоомжуудыг тууштай мөрдөж чадахгүй байгаа, сүүдрийн эдийн засгаа хянаж чадахгүй байгаа, банкны салбарын активыг нэмэгдүүлсэн мөнгөний эх сурвалжийг тайлагнахгүй байгаа, мөн олон улсын санхүүгийн хоригт байгаа Хойд Солонгостой харилцаатай байгаа зэрэг шалтгаан байгаа бололтой.

FATF-ын Хар жагсаалтад эхнээсээ байгаа хоёр орны нэг бол Хойд Солонгос. Нөгөөх нь Иран юм.

FATF 2000 оноос Хар болон Саарал жагсаалтын орнуудыг гаргаж ирсэн. Анхны жагсаалтаар Кайманы арлууд, Куукийн арлууд, Доминик, Израиль, Ливан, Лихтенштэйн, Маршалын арлууд, Науру, Ньюе, Панам, Филиппин, ОХУ, Китт ба Винсентийн арлууд, Индонез, Украин, Нигер, Бирм зэрэг 23 гаруй улс багтаж байжээ. Эдгээр улс богино хугацааны дотор дотооддоо мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр томоохон, цогц арга хэмжээг авснаар жагсаалтаас нэрээ хасуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж