“Харанга”-ын сонгодог рок үдэш | News.MN

“Харанга”-ын сонгодог рок үдэш

“Харанга”-ын сонгодог рок үдэш

Өнгөрсөн зунаас л “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болно гэх зар түгэж эхэлсэн. Тэдний уран бүтээлийг шимтэн сонсдог үнэнч шүтэн бишрэгчдийн хувьд энэ баярт мөчийг хүсэн хүлээж, суусан нь лавтай. Монголын рок поп хөгжмийн домог болсон “Харанга” хамтлагийн 30 жилийн ойд зориулсан “Замд гаръя” тоглолт өнгөрөгч бямба гаригт /2019.10.19/ “Буянт-Ухаа” спорт цогцолцорт нүсэр болж өндөрлөлөө.


Харангын дууг амандаа аялсан нас, насны төлөөллүүд тэднийг сонсохоор яарна. Тоглолтын эхний хэсэг 16.30 цагаас эхэлж, залуу хамтлаг, дуучид ах нартаа баяр хүргэн, ая дуугаа өргөв. Бүтэн гурван цаг үргэлжилсэн тоглолтын эхлэл хэсгийн дараагаар тэр том багтаамжтай танхим бүхэлдээ дүүрчээ. Төд удалгүй Харангынхан тайзыг эзэгнэж, уламжлалт “Бодлын тэнгис” дуугаараа удаан хүлээлгэсэн тоглолтоо нээж, шүтэн бишрэгчдийнхээ цангааг тайлав. Дараагаар нь нэрт яруу найрагч О.Дашбалбарын алдарт шүлэг “Амьддаа бие биенээ хайрла” дууг цугласан олондоо зориулан дууллаа.

ТЭД АНДЫГАА ДУРСЛАА…

Энэ үеэр тэд тэнгэрийн оронд заларсан анд найзыгаа дурссан юм. Тэртээ 1993 онд “Харанга”-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, “My Rock” концертоор нэгэн залуу гарч ирсэн. Тэр уран бүтээлч бол хөгжмийн зохиолч Хангалын хүү Х.Булган байв. Түүний талаар Харангын Чука дурсан ярихдаа “Энэ залуу гарч ирснээр Харангын дуу үнэхээр сонсголонтой, гоё болж ирсэн. Харамсалтай нь өнөөдөр дүү маань, найз минь тэнгэрт хальсан. Түүний зохиосон олон сайхан уран бүтээлийн нэг болох “Зүүд” дууг хамтдаа дуулъя” гэв. Үргэлжлүүлэн Харангын Чука дөрвөн муухай ааштай андууддаа зориулсан

Дэггүйхэн үерхсэн
Дөрвөн найз ангийн андууд
Дүрсгүйхэн багын минь
Алтан үеүд
” хэмээх “Дөрвөн найз” дуугаа дуулж, цугласан олны сэтгэлийг хөдөлгөн, хөглөлөө. Мөн  Монголын рок поп урлагийн ууган хамтлаг болох “Соёл-Эрдэнэ” болон “Өргөө” хамтлагийн том Жагаа буюу Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жаргалсайхан, И.Болоож нартай хамтран “Зөвхөн Монголдоо” дууг дуулсан нь цугласан олныг огшоож орхив.

ААРХАЖ, ОМОГШИЖ, БАХДАЖ СОНСЛОО

“Харанга” хамтлагийнхан 30 жилийн түүхэнд дөрвөн цомог гаргасан байдаг. Тэд түүхт 30 жилийн ойгоо угтан дөрвөн цомгоо дахин шинээр 220 ширхэгийг хэвлүүлжээ. Тоглолтын дундуур “Харанга” гэсэн бичигтэй фудвольк, бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж байсан нь хамгийн эрэлттэй байлаа.

Тэдний дуу бүрийг нь дагаж, түрлэг нэмсэн фенүүд нь аархаж, омогшиж, бахдаж буй нь илт. Тэр гитар хөгжмийн гоцлол, бөмбөрийн нүргээн, Лхагваагийн дуу хоолой дуу, хөгжмөөр дамжин үнэнч фенүүдийнх нь зүрхийг жинхэнэ утгаараа булгилуулж, догдлуулах шиг. Тэртээ 1989 онд Драмын теарт анхны “Амьдрал” концертоо эрч хүчтэйгээр хийж байсан залуус 30 жилийн дараа ч огт цуцаагүй ажээ.

…Ай даа, хүний амьдрал
Эгэл жирийн боловч
Энэхэн биедээ багтахааргүй

Их хүслийн далай юм даа…Энэ бол тэдний амьдралын бас нэгэн увидас гэлтэй. Тэдний баяр бол Монголын рок, поп урлагийн баяр. Тэр ч утгаараа Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, “Никитон”-ы Баачка буюу Б.Батчулуун, “Хурд” хамтлаг болон поп дива С.Наран, “Нисванис”-ын Л.Энх-Амгалан, дуучин Ука, “Альтернатив” Отгоо, Big Gee нарын залуу уран бүтээлчид “Харанга”-ын ах нартайгаа хамтран дуулж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан юм.

БӨМБӨРЧИН ПҮҮЖЭЭГИЙН “ТЭСРЭЛТ”

Тоглолтын бас нэгэн гэнэтийн бэлэг бол бөмбөрчин Н.Пүрэвдашийн гоцлол үзүүлбэр байв. Түүнийг “Харанга”-ын цохилох зүрх нь гэлцдэг. Тайзны өмнө тэр бүр гардаггүй тэрбээр тайзны өмнө хэсэгт байрлуулсан бөмбөр хөгжмийг тоглох зуур тайз бага багаар дээшлэн, эргэлдэж байв. Үзэгчид түүнд алга ташин, босч “Пүрэвдаш, Пүрэвдаш, Пүрэвдаш” хэмээн орилж, хүндэтгэл үзүүлж байлаа. Бөмбөрчин Н.Пүрэвдашийн хувьд тоглолтын үеэр хоёр ч удаа бөмбөрийн цохиураа үзэгчид рүү шидэж, бэлэглэсэн нь олныг шуугиулаад авав.

“ХАРАНГА”-ЫН ЛХАГВААГИЙН “ХАГАЦАЛ”

Тоглолтын оргил хэсэгт нэгэн шинэ дуугаа дуулахын өмнө дуучин Х.Лхагвасүрэн цугласан олонд сэтгэлийн үгээ хэллээ. Тэрбээр тайзнаа тамхиа асаах зуураа “Энэ үгийг би шинэ дуугаа дуулахын өмнө зориуд хэлж байна. Би 40-өөд жилийн өмнөөс тамхи гэгчийг хорьсоор байхад нь зөрсөөр татаж эхэлсэн. Харин одоо хамтлагийнхаа 40 жилийн ойг тэмдэглэхийн тулд тамхийг орхиж байна. Энд цугларсан залуус, бүсгүйчүүд ч надтай хамт тамхийг хаях нь хаяарай” хэмээн уриалж, амлалт өглөө.

Тэгтэл түүний бяцхан хүү нь сагс дүүрэн цэцэг аавдаа бэлэглэхээр гарч ирэв. Дуучин Лхагваа “Миний төрсөн өдрөөр төрсөн хүү минь тамхинаас гарч байгаад баяр хүргэж байна. Энэ хүүхэд үүнээс өөр хувцас өмсөх дургүй” хэмээн өөрийг нь өвчсөн юм шиг дуурайсан хүүгээ товчхон танилцуулаад авав. Ийн тэрбээр удахгүй сонсогчдын гар дээр очих тав дахь “Цаг хугацаа” цомогтоо багтсан яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлэг, Чукагийн аялгуугаар зохиосон, цоо шинэхэн “Одод” дуугаа дуулсан юм.

Ийнхүү тэд 30 жилийн ойн баярын тоглолтоо нэрлэсэн “Замд гаръя” дуугаараа төрсөн өдрийн тоглолтоо өндөрлүүлсэн юм. Хагас жаран жил рокын харанга дэлдэж, амьдралын их далайг гатлан, бодлын тэнгисээр аялуулсан тэд дахин замдаа гарлаа. Одоо ч сэтгэл зүрхэнд бөмбөрийн нүргээн, гитарын аялгуу эгшиглэсээр…

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монголын ард түмэн 2019-10-21 203.169.51.226

Гитарчин Одсүрэн, бөмбөрчин Пүүжээ 2-т Монгол улсын гавъяат зүтгэлтэн цолыг нь өгмөөр байнаа

Avatar

Zochin 2019-10-21 202.9.43.173

Toglolt uneheer gaihaltai baisan, Lkhagvaa bol uneheer mundag duuchin, togloltod irsen olon duuchdiin hen ch Lkhagvaagiin end hurehgui baisan, bilet ch tiim unetei baigaagui 30000 iin bileteer Harangiin toglolt iig hamgiin goy bairlalaas uzsen. Tamhia Hayaj zaluuchuudad saihan ulger duurial bolson,

Avatar

Зочин 2019-10-21 64.119.23.169

Хүн амины хэрэгтэй л хамтлаг. Лхагваа өөрөө нэг согтуу хүн ирээд машины хамар мөргөөд унасан гэж мэдүүлсэн байсан. Ялаа биш дээ. Муухай л даа. Олон залуусыг хар тамхинд оруулж байгаа хамтлаг гэхээр сонсохоор дургүй хүрээд байдаг юм. Дуулах бол яах вэ хэн ч дуулж чадна. Тэгээд ходоодоо тэжээх гэж дуулах бол бүр ч чадна.

Avatar

Zochin 2019-10-21 66.181.176.60

Haranga bol uneheer aguu. Togloltiig uzsen. Ene humuusiin 30 jiiin bayariig heden duu gerliin technikch budaa bolgoson.

Avatar

ш** ш** 2019-10-21 202.9.42.19

энэ яг тамхиа хаяач ш****г с**

Avatar

Зочин 2019-10-21 192.82.72.212

Тасалбар нь 60000-с 80000 төгрөг монголчууд ядуу аьмьдардаг гэдэг нь худлаа. Өнөөдөр ЕБС-ийн анги засах гэх мэт юмнаас эцэг эхчүүд нарийлаад байдгаас боловсролын салбар хөгждөггүй гэтэл үнэтэй тоглолт хаасайгй болж байгаа ба өндөр үнэтэй с??лийн үеийн шинэ техник хэрэгсэл ашигласан тоглолтууд болж байна. Энгийн ЕБС тэгэхэд 3-4 ээлжээр хичээллэж байгаа ба Шивээ овоогийн сургуулийн дотуур байрны хүүхдүүд даарч байдаг. Ер нь төлбөртэй юм л хөгжих юм.

Avatar

ахмад настан 2019-10-21 43.228.131.182

Манай тэтгэврийн өвгөцүүл хүчтэй байна Залуусын үлгэр дуйраал болж байна Бид нэг үеийхэн 60 хүрч байна даа АГУУ АГУУ

Avatar

Зочин 2019-10-21 202.55.191.130

"Тамхиа" хаяж байгаад баяр хүргэе! Харанга хамтлагт цаашдын амжилт хүсье!

Avatar

Зочин 2019-10-21 180.149.98.82

Har tamhichin baagii shorond bhda taarah l** shude hun alaad toosgodoo fuulal suu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж